
Хиллари Америкийн төрийн тэргүүний үүрэгт ажлыг гүйцэтгэх бүхий л шаардлагатай чанарыг эзэмшсэн хүн гэдэгт АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон итгэлтэй байна. Гэвч түүнийг 2016 оны сонгуулиар энэ албан тушаалын төлөө өрсөлдөхөөр хүсч байгаа эсэхийг хуучин Ерөнхийлөгч таамаглах гээгүй байна. Билл Клинтон телевизийн Си-би-эс компанийн сурвалжлагчтай ярилцахдаа, “тэр юу хийхээр шийдэх тухай (дөрвөн жилийн дараа) ямар ч төсөөлөл надад алга” гэжээ.
Ирэх сард 65 нас хүрэх Хиллари Клинтон Ерөнхийлөгч Барак Обамаг улиран сонгогдсон тохиолдолд ч АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг орхино гэдгээ зарласан юм. 2008 онд тэр бүх нийтийн сонгуульд Ардчилсан намаас албан ёсоор нэрээ дэвшүүлэхийн төлөө өрсөлдөж байсан ч намын урьдчилсан сонгуулиар Обамад ялагдсан билээ. Гэсэн ч ардчилсан намынхны талын олонхи хүн түүнийг Ерөнхийлөгчийн албан тушаалд дэвших хамгийн боломжийн хүн гэж үздэг юм. Гэргий нь төрийн албанаас явах бодолтой байгаа бөгөөд энд сүүлийн дөрвөн жил чамгүй ядарсныг Билл Клинтон нотолсон байна. Түүний хэлснээс үзвэл, Хиллари жаахан амарч, магадгүй ном бичихийг хүсч байгаа ажээ. “Эргэн тойрноо тайван харж, цаашид юу хийхээ бодох боломжийг түүнд олгох хэрэгтэй” гэж АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч хэлээд ямар ч нөхцөлд гэргийнхээ гаргах шийдвэрийг дэмжинэ гэжээ.
Хиллари Клинтон дипломатын албыг орхих гэж байгаатай холбогдуулан Барак Обама арваннэгдүгээр сарын сонгуульд ялбал АНУ-ын дараачийн төрийн нарийн бичгийн дарга хэн болж болох тухай асуудлыг Вашингтонд нэлээд итдэвхтэй хэлэлцэж байна. Сенатын гадаад хэргийн хорооны тэргүүн Жон Керрийг энэ албан тушаалд өрсөлдөх гол хүмүүсийн нэг гэж үзэж байгаа юм.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ