
“ТВ-Коктейл” хамтлагийнхан энэ сарын эхээр тайзны анхны уран бүтээл болох “Хоёр ертөнцийн буудал” сэтгэхүйн эмгэнэлт драмын жүжгээ үзэгчдийн хүртээл болгосон билээ. 10 хоногийн турш үзэгчдээ уйлуулж, ухааруулсан уран бүтээлчид жүжгийнхээ хаалтыг хийх үед чамгүй олон хүнээс дахин тоглох хүсэлт ирсэн байна.
Тайзны анхны бүтээлээрээ томоохон жүжиг сонгон авч, үзэгч олны оюуны цангааг тайлах эхний алхмаа УДБЭТ-аас эхэлсэн тус хамтлагийнхан энэ саналаас татгалзсангүй. Үзэгчдийн хүсэлтээр шинэ уран бүтээлээ дахин тайзнаа тавихаар болсон төдийгүй УДЭТ-ын тайзнаа энэ сарын 28-ныг хүртэл тоглохоор зэхжээ.
Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн энэхүү жүжгийн найруулагчаар Б.Сэнгэдорж ажилласан бөгөөд гол дүрд Соёлын тэргүүний ажилтан Ц.Батхуяг, Б.Навчаа, жүжигчин Д.Эрдэнэ-Очир, Н.Цэнд-Аюуш, А.Өнөржаргал, Д.Энхбаяр нар тоглосон юм.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ