Д.Жаргалсайхан: Бид гамшгийн түвшинд ажиллаж байна

img

Нийслэлд осол эндэгдэл ойр ойрхон гарах болсон. Энэ хэрээр Гэмтэл согог судлалын үндэсний төв  ачаалалд дарагдаж гэмтэж бэртсэн иргэдэд эмнэлгийн хонгил  ч олдохгүй, эмч мэргэжилтнүүд ачаалалтай ажиллаж байгааг бид өмнөх дугаартаа сурвалжилсан. Энэ удаад Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгчдийн гэмтлийн тасгийн эмч, профессор Д.Жаргалсайхантай ярилцлаа. -Гэмтлийн эмнэлгийн хэт их ачааллыг хэрхэн бууруулж болох вэ? -Дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг дээр гэмтлийн тасагтай, эмчтэй болгоё гэж сүүлийн таван жил бидний зүгээс төр засгийн удирдлагад ярьж байна. Хэрвээ дүүргийн эмнэлгүүд  гэмтлийн тасагтай болчихвол арай гайгүй бэртэлтэй хүмүүсийг эмнэлгүүд нь эмчлэх боломжтой болно. Тухайлбал, шилбэ нь хугарсан, тархи нь гэмтсэн хүн байхад заавал манайд хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй. Дүүрэг дээрээ л эмчлүүлдэг байх жишээтэй. -Дүүргүүдийн эмнэлэг дээр мэс заслын эмч байдаг биз дээ? -Дүүргийн эмнэлэг дээр  гэмтлийн эмч бий. Гэхдээ тэд боолт хийж,  акт бичихээс өөр ажилгүй сууна. Хамгийн гол нь дүүргийн эмнэлэг дээр  орчин нөхцөл бүрдээгүй учраас эмч нар мэдсэн сурснаа хэрэгжүүлж чадахгүйд учир байгаа юм. -Хуучин түлэнхийн тасаг танай дээр байрлаж байгаа болохоор ачаалал бүр нэмэгдсэн байх даа? -Энэ хавар зургадугаар сараас эхлэн түлэнхийн тасаг наашаа шилжиж ирсэн. Түүнээс хойш  ачаалал хэд дахин нэмэгдсэн. Урьд нь түлэнхийн тасаг сэдрэлтэй гэмтэл, хөлдөлт, түлэнхий гээд 160 орчим иргэдэд үйлчилдэг байсан. Тэр бүх өвчтнүүд бүгд манайх руу нэмж ирсэнээр ачаалал дээд цэгтээ хүрчихээд байна. -Хүлээн авах дээр урт дараалал үүссэн байсан. Гурван эмч бэртэж гэмтсэн иргэдийг ямар ч чөлөө завгүй үзэж өвчнийг нь оншилдог гэх юм. Энд ажиллаж байгаа эмчийн тоог нэмэх боломж бий юу? -Хүлээн авах дээр өдөртөө гурван эмч ажиллаж байгаа.  Эмчийн тоог нэмэх боломжгүй. Гурван эмчид  нэг л хүлээн авах байгаа. Ер нь бол нэг эмч хүлээн авах дээр ажилладаг байсныг энэ зунаас гурван эмч болгосон юм. -Гэмтлийн эмнэлэгт ихэвчлэн яаралтай хагалгаанд орох шаардлагатай хүнд гэмтсэн иргэд ирдэг. Өдөртөө танай эмнэлгийн насанд хүрэгчдийн тасагт хэдэн хагалгаа хийгдэж  байна? -Манай тасаг өдөрт 7-8 хагалгаа хийдэг. Долоо хогогт 30 гаруй хагалгаа хийж байна. Хэдийгээр долоо хоногт 30 гаруй хагалгаа хийж байгаа ч цаана нь тал хувь нь үлддэг. Хагалгаанд орох гэж арав гаруй хоног хүлээж байгаа өвчтөн ч байна. Харин бид өвчтөнүүдээ хамгийн хүндээс нь эхлэн эрэмблэн хагалгаанд оруулж байгаа. -Нэг хүн олон хагалгаанд орох тохиолдол цөөнгүй байдаг гэсэн. Ямар төрлийн осолд өртсөн иргэд олон хагалгаа хийлгэж байна вэ? -Ихэвчлэн автомашины осолд өртсөн иргэд хүнд бэртэлтэй ирдэг. Энэ төрлийн осолд өртсөн иргэдийн хоёроос гурван дотор эрхтэн нь гэмтэж бэртсэн байдаг. Үүнийгээ дагаад олон удаа хагалгаанд орох тохиолдол бий. Хөл нь хугарсан байхад дээр нь тархиндаа гэмтэлтэй байх жишээтэй. Хотжилтоос болоод иргэд бэртэж гэмтэх нь их байна. Ялангуяа автомашинд мөргүүлж гэмтэх, барилга дээрээс унаж хүнд гэмтэл авах нь их байна. -Урьд нь Гэмтэл согог судлалын үндэсний төв улирлаас шалтгаалаад ачаалалтай ажилладаг байсан. Харин сүүлийн жилүүдэд байнга л ачаалалтай ажиллаж байна. Өвөл ачаалал бүр нэмэгдэх үү? -Одоо маш их ачаалалтай ажиллаж байна. Гамшгийн түвшинд ажиллаж байна. Өвлөөс ачаалал бүр их болно. Хальтиргаа гулгаатай үед иргэдийн бэртэж гэмтэх нь бүр ихэсдэг. Дээр нь хөл гараа хөлдөөсөн иргэд нэмэгдэж ирдэг. -Гэмтлийн эмнэлэг өдөртөө хэдэн хүн хүлээж авч байна? -Хүлээн авах дээр л гэхэд хоногт 300 орчим бэртэж гэмтсэн иргэнд үйлчилж байна. Хүлээн авахын  нэг эмч нэг хүнийг дээд тал нь 20 минут үздэг. Харин 20 минутаас илүү үзэх л юм бол хүлээлт урт дараалал үүсч өвчиндөө шаналсан иргэд эмч рүү дайрч довтолдог. Тиймээс аль болох хурдан шуурхай үйлчлэх нь чухал байдаг. -Хэт их ачаалалтай ажиллаж байна. Үүнийгээ дагаад гэмтсэн хүнийг дутуу оношилж өөрсдөө хэрэгт холбогдсон тохиолдол бий юу? -Дөнгөж бэртсэний дараа зарим гэмтэл тэр даруйдаа мэдэгдэхгүй байдаг. Үүнээс болоод манай эмч нар асуудалд орох нь бий. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарт эрүү үүсгэж цагдаад байцаагдаагүй нэг ч эмч байхгүй. -Ийм хүнд нөхцөлд ажиллаад хэдэн төгрөгийн цалин авдаг юм бол? -Манай эмч нарын нийгмийн асуудал ижил түвшинд байдаг. Өөрөөр хэлбэл эмч нар дундаас доош орлоготойд тооцогддог. Харин гадны орнуудад эмчийн цалин маш өндөр байдаг. Тухайлбал, ажилласан жил, зэрэг цолоороо надтай ижил түвшний эмч сард  400 ам. долларын цалин авдаг юм байна билээ. Манай төвийн асрагч нар 200 мянган төгрөгийн цалинтай. Харин эмч нар арай дээр цалин авдаг. -Ачааллыг бууруулахын тулд дахин шинэ гэмтлийн эмнэлэг хэрэгтэй байгаа. Хуучин түлэнхийн тасгийг шинээр барьж хэзээ ашиглалтад оруулах юм бол? -Өнгөрсөн хавраас эхлээд хуучин гэмтэл нурж уналаа гээд дээр дооргүй яриад л байсан. Тайз нь өвчтөний дээрээс нурж уналаа, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан өвчтөний дээрээс тайзны шороо нурж уналаа гэх зэргээр их яригдсан. Одоо гэтэл бүгд нүдээ аниад чихээ бөглөөд чимээгүй болчихлоо. Уг нь хуучин түлэнхийн төвийг нураагаад суурин дээр нь шинэ төв барих ёстой. Шинэ гэмтэл хэзээ баригдаж бэлэн болохыг сайн мэдэхгүй л байна. Бид нар цалин нэмээд өгөөч гэж хүсээгүй. Зөвхөн бидний энэ ачааллаас хөнгөлж өгөөч. Шинэ гэмтлийн эмнэлэгтэй болчихвол энд хонгилын шалан дээр эмчилгээ хийлгэж байгаа энэ олон иргэнд маш их тус болно. -Хонгилын шалан дээр иргэд хэвтэн эмчлүүлээд эмчилгээ авч чадах уу? -Гэнэтийн осолд өртөж хүнд гэмтсэн иргэд  даатгалаа төлдөг л бол эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээг авах эрхтэй. Гэтэл өнөөдөр маш олон иргэн  шалан дээр хэвтээд бүрэн эмчилгээ авна гэхэд бэрхшээлтэй байна. -Танай төвийн хувьд барилга нь хуучирч муудсан зүйл бий юу? -Манай эмнэлгийн барилга  1991 онд баригдсан. Оросууд барьсан. Түүнээс хойш улсаас нэг ч удаа засвар хийгдээгүй. Паарнаас  ус гоождог, шавар нь нурдаг, зарим хана нь мөөгөнцөрдсөн гээд асуудал бий. Энэ бүхнийг бид дотооддоо шийддэг. Улсаас засварын нэг ч мөнгө авдаггүй. Тасгийн эмч нар маань хүн гуйж өөрсдөө хажуугаар нь тусалж байгаад засвар хийдэг. Мөн өвчтөнүүд дотор маань барилгын мэргэжилтэй хүн байвал дараа нь холбоотой байж байгаад  “засвар хийлцээд өгөөч” гэж гуйдаг. Өөрсдөө л аргалж байна. -Гэмтлийн эмнэлэг хэдэн хүн хүлээн авах хүчин чадалтай вэ? -Манай төвд байгаа эмч нар бүгд мэс заслын хагалгааны эмч нар байдаг. Бүгд хагалгаанд ордог. 100 орчим эмчтэй. Уг нь манай эмнэлэг 300 гаруй өвчтөн хүлээн авах хүчин чадалтай. Гэтэл одоо 500-600 өвтөнтэй байна. Манай тасаг л гэхэд 60 ортой. Гэтэл 100 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний зарим нь шалан дээр ор сулрахыг, хагалгааныхаа ээлжийг хүлээгээд өвчиндөө шаналан хэвтэж байна. Ажлын эхний өдөр даваа гаригт коридорт хөл тавих зайгүй болдог. Ер нь бүрэн гүйцэд эмчилгээ хийх боломжгүй. Өвчтөний бие нь арай гайгүй болмогц гэр рүү нь гаргадаг. -Бэртэж гэмтээд хагалгаанд орсон иргэдээс төлбөр авдаг уу? - Үе суулгах хагалгаа хийхэд л төлбөр авдаг. Үүнийг хийхэд зориулалтын эм тариа, манайд үйлдвэрлэдэггүй багаж хэрэгсэл шаардлагатай болдог. Ийм төрлийн хагалгааг таваас зургаан сая төгрөгөөр хийдэг. Бусад хагалгааг хуулийнхаа дагуу ямар нэгэн төлбөр авдаггүй. -Хагалгаа хийж буй эмч нарын чадвар ямар түвшинд байгаа вэ? -Ер нь манайх дэлхийн түвшинд хагалгааг хийж байна. Чадварлаг эмч мэргэжилтнүүд ч бий. Харамсалтай нь орчин нөхцөл л бүрдэж өгөхгүй байна. -Шинэ залуу боловсон хүчин танай эмнэлэг дээр ирж ажиллаж байна уу? -Сүүлийн жилүүдэд сургууль төгссөн оюутнуудын чадвар сул болчихлоо. Дийлэнх нь эмч мэргэжилдээ сонирхолгүй байх шиг санагддаг. Өөрийгөө дайчилж ажилладаггүй. Хүнд хэцүүгээс нь шантардаг. Ер нь дөнгөж сургуулиа төгсөөд ирсэн шинэ эмч нарыг бид эмнэлэг дээрээ дахин сургаж байж л жинхэнэ эмч болгож авдаг. -Эмчийн хүүхэд эмч мэргэжилтэй байдаг. Танайд таны мэргэжлийг уламжилж авсан хүүхэд бий юу? -Манай охин Эрүүл мэнд шинжлэх ухааны их сургуульд сурдаг. Гэхдээ би эмч болгохгүй. Сэтгэлзүйн хувьд маш их дарамттай мэргэжил. Дээр нь эмэгтэй хүүхэд тул эмч болгохгүй гэж боддог. -Эмч хүн мэргэжлийн онцлогоосоо хамаараад өөрсдөө өвчин тусах тохиолдол бий юу? -Манай гэмтлийн эмч нарын онцлог нь рентген туяатай байнга харьцдаг. Гэтэл энэ рентген туяа маш хортой байдаг. Энэ туяанд манай эмч нар ямар ч хамгаалалтгүй ажиллаж байгаа. Тухайлбал, бидэнтэй хамт ажиллаж байсан дөнгөж 40 орчим настай залуу цусны хорт хавдар тусаад солонгост эмчлүүлж байна. Энэ бол рентгений л хор. Дараагийн хорт хавдар тусах хүн хэн бэ гэсэн айдас манай төвийн эмч нарын дунд байна. Л.Алтанхишиг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нараа:
та дарга болооч. Олон жил сайн эмч байлаа.одоо дарга болж сайн зохион байгуулах хэрэгтэй.
2012-09-25
gemtel uneheer hund salbar mongolin gemtlinhen uneheer aguu humuus
2012-09-24
het tuvlursun teneg komunist togtoltsonos mongolin erul mend garch chadahgui 20jil yavlaa teneguud danda tolgoid garna
2012-09-24
eruul mendiin yam turiin bodlogo todorhoilj bga humus hudla uls turjhuus heden emch ajilchdin tulu heze ch ajilahgui humus bdgim bile.zah zeelin hund uyd uneheer mergejilde unench humus l unudriig hurtel avch irsen shu udval avgaigas yu garah ve enhbayrin gulug
2012-09-24
Эмнэлэгийн энэ балай тогтолцоогоо болиосой. Түргэнийг дүүрэгт нь өгч, дүүрэг бүрт хүүхдийн түргэн байвал маш сайн. Мэдээлэл шуурхай удирдлагын төв гэдэг юмаа тараагаач. Гал,цагдаа, түргэн дуудахаар урдаас зөвлөөд, эсвэл авахгүй,авсан нэг нь дүүрэгт чинь хэлчихсэн очиж яваа гэх мэтээр зувчуулаад ард түмнээр тоглохоо болиосой.
2012-09-24
UDWALD:
GEMTLIIN TASGUUDIIG YAARALTAI HOTIIN XAA SAIGUI BAIGAA BUSAD DUUREG HESGIIN EMNELGUUD DEER YAARALTAI BAIGUULAACHEE. GANTS GEMTEL RUU YAWSAAR BTAL TSAG ALDAAD OCHOOD BAS DARAALAL HULEEJ TSAG ALDAAD YAMAR IH HUN BURHAN BOLJ BGAAG MEDEJ BNUU UDWALAA. ENHBAYARIIG YAAJ GARGAHUU GESEN AJIL HUUTSULDUHUUS UUR AJIL BNUU CHAMD.
2012-09-24
zochin:
Gadnii ornuudiin gemtliin emch nariin tsalin ni 400 bish 4000$ bailgui dee
2012-09-24
Ямар харамсалтай юм бэ
2012-09-24