Шийтгүүлэгчид ял завшиж байжээ

img

Нийслэлийн хэмжээнд тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялын хэрэгжилтийг хангуулах дөрвөн сарын аян өрнөж байгаа. Үүнтэй холбогдуулан 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгүүлсэн хүмүүсийн ялын биелэлтийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас судалж үзжээ. Судалгааны дүнгээс эрх хассан Шүүхийн шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудас, жолооны үнэмлэхийг шүүх Замын цагдаагийн газар болон шийдвэр гүйцэтгэх албан хүргүүлээгүйн улмаас ял шийтгүүлсэн этгээдүүд ял завшихад хүрсэн байна. Тухайлбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны аравдугаар сарын 05-ны өдрийн 361 дүгээр шийтгэх тогтоолоор Ц.Батдоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил,  2009 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 400 дугаартай шийтгэх тогтоолоор Ш.Мягмаржавын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил, 2010 оны долдугаар сарын 20-ны өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоолоор С.Намрайн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил хасах гэх мэт тогтоолыг Замын цагдаагийн газарт хүргүүлээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдаагүй байсан байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас дээрх хүмүүст тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шүүхийн шийтгэх тогтоолуудыг Замын цагдаагийн газарт зохих арга хэмжээг авахуулахаар хүргүүлжээ. Мөн дээрх зөрчлийг давтан гаргуулахгүй байх зорилгоор тус прокурорын газраас шүүхэд албан бичиг хүргүүлсэн байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ