ҮХААЯ-ны ахлан мэргэжилтэн П.Ганхуягтай уулзаж, өвлийн бэлтгэл ажил хэр сайн хангагдаж байгаа талаар ярилцлаа. Үнэхээр ч намрын нар цаашилж байгаа энэ өдрүүдэд малчид тун ч завгүй байгаа. Хадлан тариагаа цас орохоос өмнө амжиж хураах гээд өдөр шөнөтэй л уралдаж байгаа байх. Тиймээс энэ жилийн хадлан хураалтын талаар хэд хэдэн асуултад хариулт авлаа.
-
Монголчууд өвөлдөө хэр бэлдэж байна ? Энэ асуултаар ярилцлагаа эхлэх үү?
-Энэ жилийн хувьд цаг агаар сайн байлаа. Малчид цаг агаарын тааламжтай байдалтай уялдаад энэ өдрүүдэд бүх түвшиндөө л өвөлжилтийн бэлтгэлийг боломжийн хангаж байна. Өвөлжилтийн бэлтгэлийг яг өнөөдөр урьдчилаад дүгнэх боломжгүй. Эцсийн байдлаар аравдугаар сарын 15 гэхэд л мэдэгдэнэ. Гэхдээ өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байгаа. Өвс тэжээл, отор нүүдэл, мал сүргийн тарга хүч, махны нөөц гээд бүхэлдээ л мал аж ахуйн салбарыг эрсдэлгүй онд оруулах тал дээр энэ хугацаанд хаа хаанаа их анхаарч ажиллаж байна.
-Энэ жил бороо хуртай их сайхан зуншлагатай байлаа. Үүний хэрээр өвс ногооны гарц хэр сайн байсан бол?
-Энэ жил нийт нутгийн 90 орчим хувь зуншлага сайн байсан. Гэхдээ өвсний гарц харилцан адилгүй байлаа. Хэдийгээр зарим нутагт ногоо сайн гарч байгаа хэдий ч хадлан авах хэмжээнд зарим нутгууд сайн биш байна. Ялангуяа зүүн бүсийн аймгууд, төвийн бүсэд шивээ ихтэй байна. Энэ нь өвсний чанарт муугаар нөлөөлж байгаа. Гэсэн хэдий ч бид энэ жил өвсөө хурааж авна.
-Энэ жил улсын хэмжээнд хэчнээн тонн хадлан бэлтгэх юм бэ?
-Манай улс 50,3 сая тоо толгой малтай. Гадаад дотоод махны экспортоо тооцож үзвэл 44 сая мал өвөлжинө. Үүнд хэрэглээгээ тооцож үзвэл 1 сая 200 мянган тонн байгалийн хадлан бэлдэх ёстой. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийтдээ 730 мянган тонн байгалийн хадлан бэлтгэчихээд байна. Энэ нь нийт хадлангийн 60 орчим хувь. Цаг хугацааны хувьд аваад үзвэл арай оройтож байна. Есдүгээр сарын эхний 10 хоног үндсэндээ нийт нутгаар харьцангуй бороошсон. Наймдугаар сарын сүүлийн 15 хоног мөн л бороотой байсан. Энэ нь хадлан бэлтгэлийн ажилд нэлээд саад болж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр бараг дуусч байх ёстой хадлан хураалт дөнгөж л 60 гаруй хувьтай явж байгаа юм. Нөгөө талдаа санаа зовоож байгаа нэг асуудал бол орон нутгийн түвшинд аюулгүйн нөөцийг заавал бүрдүүлэхийг Монгол Улсын засгийн газар үүрэг даалгавар болгоод байна. Тодорхой тоо хэмжээг аймгуудад зааж өгсөн. Харин энэ асуудал дээр тухайн орон нутгийн санхүүгийн байдлаас шалтгаалаад төдийлөн сайн ахиц гарахгүй байна. Гэхдээ аймаг бүр түлхүү анхаарах хэрэгтэй. Өвөл цас орж, зам даваа хаагдахаас өмнө тэр тодорхой цэгүүд дээр хадлангаа байршуулах хэрэгтэй байна. Тухайлбал Говь-Алтай аймгийн Алтай нурууны өвөр талд байгаа 3-4 сумын зуншлага хүнд байгаа. Энэ хэсэгт ялангуяа даваа давах боломжгүй хэсгүүдэд нөөцийн өвс тэжээлээ байршуулах хэрэгтэй. Энэ ажилд жаахан анхаарч ажлыг нь урагшлуулах шаардлагатай болчихоод байна. Тиймээс ҮХААЯ-наас аймаг, сумын түвшинд бэлтгэгдсэн өвч тэжээлийн цэгийн байршлыг тогтоож байгаа. Өөрөөр хэлбэл Говь Алтай аймгийн Цогт суманд байршуулсан өвс хэдий хэр хэмжээтэйг сансрын мэдээллээр дамжуулан хянах боломжтой болсон.
- Та нарт цаасаар ирж байгаа мэдээллийг үнэн эсэхийг мэдэх боломжтой болсон гэсэн үг үү ?
-Тийм. Өнөөдөр бидэнд ирээд байгаа мэдээлэл газар дээрээ үнэн байна уу, үгүй юу гэдгийг мэдэх боломжтой болж байна.
- Энэ технологио шалгаж эхэлсэн үү ?
-Өнөөдөр бид бүх аймаг орон нутгийнхнаас өвс тэжээлээ бэлдэж байгаа цэгүүдийн мэдээллийг авсан. Үүний дараа холбогдох шатанд онлайн мэдээллийн байгууллагуудтай гэрээ хийж, энэ ажлыг бүрэн эхлүүлнэ. Ингээд бид цаасаар ирүүлээд байгаа мэдээллийг яг газар дээрээ хэчнээн тонн өвс нь байгаа юм гэдгийг тодорхойлно.
-Жилийн жилд улсын нөөц гэж өвс, тэжээл бэлддэг. Энэ жил энэ ажил хэр ахицтай яваа вэ?
-Энэ асуудлыг ОБЕГ хариуцдаг. Хэрэглэгч нь ҮХААЯ, малчид байдаг учраас бид байнгын хамтын ажиллагаатай байдаг. Улсын нөөцийн өвс тэжээлийг Засгийн газраас тогтоосон тоо хэмжээнд нь бид байршуулна. Гамшиг, зудад нэрвэгдэж болзошгүй тийм газруудад хамгийн ойр дөт 40 гаруй цэг улсын хэмжээнд бий болгосон байгаа. Энэ цэгүүд дээрээ аравдугаар сарын 15-наас өмнө өвс, тэжээлээ татах ажлыг удахгүй эхлүүлнэ. Гэрээ хэлэлцээр тодорхой түвшинд хийгдсэн байгаа. Одоо гүйцэтгэлийн шатандаа явж байгаа. Энэ нөөцөө бид үнэхээр давагдашгүй хүчин зүйл, байгалийн гамшиг болсон газруудад л тараах болно.
-Энэ жил төр засгийн зүгээс хадлан тариалалтад их анхаарч байна. Шинэ технологи ч нэвтрүүлсэн байна. Үүнээс гадна малчдад зориулж трактор өгч байсан удаатай. Ер нь малчид хэр хангалттай тоног төхөөрөмжтэй байгаа вэ?
-Хадлан тариалалтад төр засгийн зүгээс их анхаарч байна. Хэрэглэж байгаа техник тоног төхөрөөмжийн хувьд ч шинэчлэгдэж эхэлсэн. Сүүлийн дөрвөн жилд Засгийн газрын зүгээс тодорхой хөнгөлттэй нөхцлөөр “Монгол мал” хөтөлбөр, эрчимжсэн мал аж ахуйн хөтөлбөр, хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хадлангийн зориулалтын жижиг оврын 1800 гаруй техник авч, иргэд, аж ахуй нэгжид өгсөн байгаа. Харин энэ жил хадлангийн техник хангамжийг сайжруулах зорилгоор БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 8130 ширхэг жижиг оврын / 20-25 морины хүчтэй / трактор авч эхэлсэн. Үүнээс 3 мянга орчим нь өнөөдөр эзэддээ хүрээд байна. Гэхдээ хятадын талаас нийлүүлэлт удаан байгаа зэрэг шүалтгаан нөлөөлж байгаа. Багахан тооцоо хийж үзэхэд Монгол Улсын хэмжээнд 155 мянга гаруй малчин өрх 220 гаруй мянган мал бүхий иргэн байна. Энэ олон өрхөөс дөнгөж 5 мянга орчим нь л техниктэй болоход хадлан хураахад юу ч болохгүй байгаа юм. Тийм учраас үүнийг цаашдаа бодлогын хүрээнд авч ярих хэрэгтэй болчихоод байна.
Б.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ