“Х” үсгийг хасахдаа гишүүдээс асуугаагүй гэж гомдоллов
Шинэ долоо хоног МАН-ынхны хувьд хүндхэн эхэллээ. Хүндхэн гэдэг нь намынхаа гишүүдийг өөр намд алдлаа. Өнгөрсөн долоо хоногт 250 байсан бол харин өчигдөр 150 орчим хүн МАН-аасаа “урваж”, хуучин намынхаа гишүүнчлэлийг сэргээсэн юм. Ингээд МАХН улсын хэмжээнд 50 гаруй мянган гишүүнтэй нам болж байна. Хуучин нам руугаа “сэтгэл алдрах” хүмүүсийн цуваа ирэх долоо хоногт ч үргэлжилнэ гэсэн. Тухайлбал СХД-ийн 500 гаруй хүн МАН-аа орхиж, МАХН-даа элсэхээр болжээ. Тэгэхээр хуучин намынхаа гишүүнчлэлийг сэргээж байгаа хүмүүсээс бид нэг л асуултад хариулт авахыг хүссэн юм. Яагаад намаа орхих болсон бэ?
- МАН УИХ-ын сонгуульд ялагдал хүлээгээд хүнд хэцүү байгаа үед орхиж болж байгаа юм уу?
-МАН-ын толгойд байгаа хүмүүс намынхаа гишүүдийг гомдоосон нэлээн олон асуудал байгаа. Тэгээд ч нам сонгуулиар ялагдал хүлээх болсон нь намын нэртэй шууд холбоотой гэж бодож байна. МАХН гэдэг нэрээ сольж МАН нэртэй болохдоо ард түмнийхээ үзэл бодлыг тусгаагүй. Шууд л намын нэр солилоо гээд гэр орноор нь, хороогоор нь дамжуулан батлахыг нь тараагаад өгсөн. Тухайн үед бид нар учир зүйг нь ойлгоогүй. Одооноос л буруу зөрүүг нь ойлгож, хуучин намдаа оръё гэж шийдлээ. МАХН бол тэртээ тэргүй 80, 90 жил Монгол Улсын төрийн толгойд явсан нам юм чинь амжилтад хүрч л таараа. Тийм учраас л хүмүүс хуучин нам руугаа хандаад байгаа юм.
-Та анхнаасаа намдаа үлдэхгүй яасан юм бэ. УИХ-д тодорхой суудалтай болсон хойно нь ингэж хуучин намаа гэж байгаа хүмүүс нэг талаас “хэцүү л” харагдаж байна?
-Намынхаа гишүүнчлэлийг сэргээхэд хүнээс айж ичээд эсвэл нуугаад, урвагчаараа дуудуулчих болов уу гэж эмээх шаардлагагүй гэж би бодож байгаа. Миний адил бодолтой яваа хүмүүс уугуул намаа дэмжиж л байгаа болов уу гэж бодож байна. Тийм учраас сонголт дээрээ бат зогсох хэрэгтэй. Миний хувьд анхнаасаа л энэ намын хүн байсан. Түүнээс биш сүүлд гарч ирсэн МАН-ын хүн байгаагүй.
Энэ байдлаас харахад МАН-ынхан нэрээ өөрчилсөн нь олон иргэдийн сэтгэлд хүрээгүй алхам болжээ. Харин хуучин намдаа үлдэх шийдээ УИХ-д бүлэг байгуулах хэмжээний суудал авч, Засгийн газарт хамтарч ажиллахаар шулуудсан хойно нь гаргаж байна. Шуудхан хэлэхэд хуучин минь дээр байж гэж “нүүдэл суудал” хийж байгаа нөхөд дотор албан тушаал, эрх мэдлийн бялуунаас хүртэх гол зорилготой хүмүүс олон бий. МАХН-д орвол томрох нь тодорхой баяжих нь баараггүй гэсэн ирээдүйн дүр зураг харсан нь ч бий байх. Гэхдээ гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг. Ардын намын удирдлага шинэ батлахыг нь учир зүйтэй, нэр төртэй тараачихгүй. Өөрсдөө хуралдаж байгаад л шийдчихсэн. Улаан батлах өвөртөлсөн өвгөчүүд “чанга” гэдгийг тэр олон жилийнхээ түүхээс олж хардаггүй л юм байх даа. Тэднээсээ ядахнаа санал асуусан болоод, та нөхөд минь зөвшөөрөв үү, зөвшөөрлөө гэж хэлүүлээгүйгээс. “Х ажиллагаа”-дуулчихлаа.
Урвалт шарвалтын үед намын нэр солиод муудвал би толгойгоороо хариуцлага хүлээе гэж түмэн хүний өмнө хэлж байсан У.Хүрэлсүх гишүүн юу бодож суугаа бол гэхээс сонин. Ер нь ямар нэгэн улс төрийн намын удирдлагууд намдаа өөрчлөлт хийх гэж байгаа бол гишүүд дэмжигчдийнхээ санаа бодлыг сонсч, тэдэнтэйгээ зөвлөлддөг байх хэрэгтэйг энэ жишээнээс харж болохоор. Улс төрийн тавцанд ч намын тавцанд ч өвдөг шороодож үзээгүй, намын экс удирдлагууд том толгой гаргаснаасаа болж ялихгүй юмнаас ямаа байтугай гарзыг намдаа авчирлаа.
Б.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ