
Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг болох Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Хоёр ертөнцийн буудал” жүжгээрээ “ТВ-Коктейл” хамтлагийнхан үзэгч олныг байлдан дагуулж буй. Тайзны анхны бүтээлээрээ сэтгэхүйн эмгэнэлт драмыг сонгосон авьяаслаг залуус өдгөө УДЭТ-т тоглож байгаа юм. “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн продюссерээр Ш.Жавхлан, Э.Цолмонбаяр нар ажилласан бол, Соёлын тэргүүний ажилтан Ж.Сэнгэдорж найруулсан аж. Гол дүрүүдэд нь Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ц.Батхуяг, Б.Навчаа, жүжигчин Л.Эрдэнэ-Очир, А.Өнөржаргал, Н.Цэнд-Аюуш, Д.Энхбаяр нар тогложээ. Тус жүжиг энэ сарын 28-ныг дуустал УДЭТ-ын тайзнаа тавигдах юм билээ. Ингээд жүжгийн продюссерээр ажилласан “ТВ-Коктейл” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаяртай уулзсанаа хүргэе.
-Тайзны анхны уран бүтээлийн тань талаар яриагаа эхэлье. Үзэгчдэд төдийгүй уран бүтээлчдэд ч ихийг бодогдуулсан байх?
-“ТВ-Коктейл” хамтлагийн уран бүтээлийн том зорилго бий. Уран бүтээлч хүмүүс нийгэмдээ тодорхой хэмжээний оюуны хөрөнгө оруулалт хийж байх ёстой гэсэн зорилгоор бид барьж авсан бүтээл болгоноороо дамжуулж үзэгчдэд ямар нэгэн санаа өгье хэмэн хийдэг. Энэ ч утгаараа, бидний бүтээл жаахан хошин шогийн өнгө аястай юм шиг хэрнээ заавал нэг юм хэлдэг. Хошин нэвтрүүлэг, тоглолтоос гадна “Сайн уу, амьдрал минь”, “Намрын синдром”, “Мөнгөний гахай” зэрэг кино маань ч үзэгч олонд юм хэлсэн байх. Бидэнд бодож төлөвлөсөн зүйл их бий. Мөрөөдөл минь ч нэлээд том. Бид коктейл нэрэндээ тохирсон төрөл бүрийн уран бүтээл хийнэ. Амтат дарсны нэгдэл гэдэг утгаараа, бид урлагийн ертөнцөд яг л коктейл шиг байхыг хүсдэг. Бүр дуу дуулж үзлээ. Тайзны уран бүтээл хийхээр төлөвлөөд маш олон зохиол судалж үзсэн. Тэр бүхнээс Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг болох Эрик Эммануэль Шмитийн зохиолыг сонгож уншихад их сонин санагдсан. Зохиолоо уншиж дуусаад бүгд юу ч хэлэлгүй, тэр чигтээ тарцгаасан. Дор бүртээ нэг зүйлийг бодсон байхгүй юу.
-Тухайлбал, та юу гэж бодсон бэ?
-Би ер нь их чөлөөт үзэлтэй хүн. “Энэ хорвоод ганцхан л амьдарна шүү дээ” гэж урьд нь дандаа хэлэх дуртай байсан. Гэтэл энэ зохиолыг уншсаны дараа надад өгсөн энэ бэлгийг хайрлаж нандигнах хэрэгтэй юм байна. Амьдрал, уран бүтээлээрээ дамжуулан бусдад хайрыг түгээж, үнэн бөгөөд зөв амьдрах юмсан. Магадгүй, дахиад амьдарвал энэ бүхнээ үргэлжлүүлэх ч юм билүү гэж бодсон. Маргааш нь бие биенээсээ чухам юу бодож тунгаасан тухайгаа асууж ярилцаад “Энэ зохиолыг хийвэл маш олон зүйлийг үзэгчдэд ухааруулна” гэж нэг шийдэлд хүрсэн дээ. Тэгээд л тайзны анхны уран бүтээлээрээ сонгож аваад найруулагчаа урьж, тайзныхаа багийг бүрдүүлсэн. Энэ жүжигт зургаан дүр бий. Дүрүүдээ сонгосны дараа найруулагчтайгаа ярилцан энэ жүжгээрээ дамжуулж үзэгчдэд ухаарал өгөхөөс гадна маш олон залууст үзүүлэхийг зорьсон. Тиймээс жүжгээ яаж хийх талаар төлөвлөж байлаа. Өнөөдөр ахуйн болоод түүхэн сэдэвтэй бүтээл цөөнгүй гарч байна. Тэдэнтэй адил жүжиг хийгээд яахав дээ, бид. Тайзны анхны уран бүтээл гэдэг утгаараа, арай өөр сэдвийг хөндөх хэрэгтэй. Мөн жүжгээ яг л театрын уран бүтээл шиг чанартай хийе гэж найруулагч, тайзны зураач, хөгжмийн зохиолчтойгоо ярилцсан.
-Тэгвэл яагаад драмын театрыг сонгоогүй юм бэ?
-Залуус театрт жүжиг үзэх гэж очдог нь үнэн. Гэхдээ тэднийг бас УДБЭТ гэдэг энэ сайхан газарт орж ирээсэй гэж хүссэн. Тайз засал, жүжигчдийн тоглолт, хөгжмийн дуугаралт зэрэг “амьд” бүхнийг энэ агуу театраас олж хараасай. Эндээс бас нэгэн соёлыг олж аваасай гэж бодсон юм. Өнөөдөр бид шоудаж ханалаа шүү дээ. Бие биедээ ухаарал өгч, тусалж дэмжих сэтгэлтэй байхсан гэсэн хүслээр энэ театрыг сонгосон.
-Магадгүй, та бүхнийг хошин тоглолт хийх нь гэж сонирхсон үзэгчдийн дунд хүн цөөнгүй байсан байх?
-Хошин урлагийн тоглолтууд эхэлсэн яг ийм эрсдэлтэй үед жүжгээ тавьж байна л даа, бид. “Намрын синдром” киног хийснээсээ хойш бид намар болгон синдром тусдаг болсон. Намар чинь өөрөө синдромын улирал. Баабар гуай хүртэл нийтлэлдээ бичсэн байдаг биз дээ. “Нээрээ хаврын синдром гэж хүмүүс яриад байдгаас биш намрын синдром гэдгийг ч мэдсэнгүй явж. Хэдэн залуус “Намрын синдром” гэсэн кино хийж. Үнэхээр ажил, сургуулийн идэвхтэй улирал эхэлж байгаа учраас хүн бүр ямар нэгэн хэмжээгээр синдром нь хөдөлчихсөн явж байгаа биз” гэсэн байдаг. Энэ жил намрын синдром хөдөлсөн үедээ бид нар юу хийхээ ярилцаад жүжиг сонгосон. Гэтэл нөгөө хошин урлагийн ах нар маань тоглолтоо хийж эхэлнэ. Энэ үеэр драмын жүжиг хийвэл хүн үзэх үү гэдэг нь бас тийм ч сонин биш. Уран бүтээлч бид нар барьж авсан зүйлээ зоригтой хийж чадвал болох нь тэр. Үзэж байгаа 500-600 хүнээс 5-6 нь уйлж болно. Аль эсвэл 5-6 хүн “Нээрээ энэ амьдрал гэдэг чинь юу юм бэ. Би яаж амьдарч байна аа” гэж бодоод гарч байвал бидний зорилго биелж буй хэрэг. Тиймээс хошин урлагийн энэ олон тоглолтоос айгаагүй.
-Жүжгээс тань олон үзэгч ухаарал авсан байх. Харин таны үеийн залуус өнгөрсөндөө харамсахгүйгээр амьдарч чадаж байгаа болов уу?
-Үнэндээ бол залуус маань өөр болчихож. Яам, тамгын газар, оффисын ажилтнууд жүжгийг тасалбарыг олноор нь захиалж байгаа. Ихэнх нь “Бид зөндөө олон газраар орж үзсэн. Гэтэл дуурийнхаа театрт бараг орж үзээгүй юм байна” гэж байсан. Мөн драмын амьд тоглолт, шилдэг хөгжим, сонирхолтой найруулгаар хийсэн бүтээл хараагүй юм байна гэж байлаа. Үнэхээр радиогоор сонсож, зурагтаар үзэхдээ гол нь биш байхгүй юу. Залуучууд маань зөвхөн урлаг ч бус нийгмийн талын бусад зүйлд анхаарч, ач холбогдол өгдөг болж. Хог хаяхгүй аян өрнүүлж, мод тарихаар зүтгэж байгаа нь бахархууштай. Өнөөдөр бүгд л шал өөр сэтгэлгээтэй болж. Уран бүтээлчид хүртэл шоу драмын бүтээлээрээ залууст юм хэлэхийг зорьж байна. Амбий ах маань “Найрын ширээний ууц” жүжгийг найруулж, залуусын багтай хамтарч ажиллаж байсан. Аливаа юм олон дахин хувьсдаг шиг тэр хувьсал ч гэсэн, бидэнд ирэх гээд байгаа юм болов уу. Бид тоглолт бүртээ урлагийн сургуулийн оюутнуудыг оролцуулж, тодорхой хэмжээний мэдлэг олж авахад нь тусалж байгаа. Энэ залуусын дундаас ирээдүйд мундаг найруулагч, жүжигчид төрж гарна шүү дээ. Харин тэд одооноос тайзан дээр гарч, тоглолтын жинхэнэ уур амьсгалыг мэдэрдэг байх ёстой.
-Ж.Сэнгэдорж найруулагч дараагийн бүтээлээ “Уран бүтээлийн давалгаа хүлээж байна” гэсэн байна лээ. Харин та бүхний тухайд?
-Огт өөр төрлийн бүтээл хийнэ. Чадах нь уу үгүй юу, ямар ч байсан анхдагч байхыг хүсч байна. Анхдагч байгаад бүр илүү ихийг хиймээр байна. Ялангуяа үндэсний өв соёл, газар нутгаа уран бүтээлдээ түлхүү оруулахсан. Энэ бүхнээ тодорхой яримааргүй байна аа, цаг хугацаа их шаардагдана. Газар нутаг, эх орноо гэсэн сэтгэлгээг тод харуулах энэ бүтээл маань Монголдо төдийгүй гадаадад ч амжилт олохоор юм.
-Хүүхэлдэйн киногоо яриад байна уу?
-Тийм ээ, анимэйшн төрлийн кино. Монголын хүүхэд багачууд маань үндэсний баатартай болбол гоё шүү дээ. Үндэсний хэв шинжийг агуулсан зүйл зөгндөө л байгаа. Газар нутаг, ан амьтан гээд л. Бид энэ сэдвээр гоё уран бүтээл хийхээр зорьж, бүр зохиолыг нь хүртэл бичсэн байгаа. Түүнийгээ хийж чадвал хүүхэд багачууд нөгөө Шрек, Гуталт муур, Микки маус гэх мэт харийн баатруудыг шүтэхгүй. Яагаад ингэж бодсон бэ гэхээр эгчийн маань дөнгөж хэлд орж байгаа хүүхэд байнга л “Шрек үзье” гэдэг байхгүй юу. Түүнийхээ оронд тэр хүүхэд монгол орныхоо байгалийн сайхныг харж, цүнхнээсээ үндэсний баатрынхаа дүрстэй тоглоомыг зүүгээд явж байвал гоё доо. Японд “Наруто”, АНУ-д Шрек, Гуталт муур зэрэг хүүхэлдэйн киноны баатрууд байдаг. Харин монгол хүүхдүүдэд хайртай хүүхэлдэйн баатар нь байдаггүй. Тиймээс бид хүүхдүүдээ хүүхэлдэйн киноны үндэсний баатартай болгохоор төлөвлөж байна. Одоохондоо ажил хэрэг болоогүй ч хэтийн зорилго тавиад ажиллаж байгаа.
-"Халуун чинжүү" нэвтрүүлгээ яагаад хийхээ больчихсон юм бэ?
-Энэ нэвтрүүлгээс л “ТВ-Коктейл” маань төрсөн шүү дээ. Гэхдээ нэвтрүүлэг хийсээр байгаад бараг уйдсан гэх үү дээ. Тиймээс нэг л өдөр кино урлагт орсон. Улмаар драмын жүжиг рүү орж байна. Уран бүтээл гэдэг тэр бүр буцлаад байдаг зүйл биш. Бид бүх зүйлээ өөрсдөө хийдэг байсан болохоор ямар нэгэн гоё санаа орж ирэхийг хүлээнэ. Жүжиг, хүүхэлдэйн киноны дараа телевизийн уран бүтээл рүүгээ орно. Ирэх арванхоёрдугаар сараас үзэгчдийн хүртээл болох байх.
-Хувийн амьдралын тухайд сонирхсон хүмүүс цөөнгүй байдаг юм билээ?
-Гэр бүлтэй болох цаг нь ирэхээр мэдэгдэх байлгүй дээ. Одоохондоо тэгж их яарсан юм алга. Аюуш, Өөскө хоёр маань гэр бvлээ төвхнүүлээд байр авчихлаа. Харин би аав, ээжийнхээ голомтыг бараадаад л ганцаараа явж байна.
Р.Мөнгөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ