Ц.Энхжаргал: Тэмцээнээс хасагдсан тухай ханьдаа хэлэх л хамгийн хэцүү байлаа
Чөлөөт бөхийн холбоо энэ сарын 27-29-нд Канад улсын Эдмонтон мужийн Страткон Канти хотод болох ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд ОУХМ Б.Даваасүрэнг оролцуулахаар болсон.
48 кг-ийн жинд нэг номерт тооцогддог МУГТ, Залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Энхжаргалын хувьд Б.Даваасүрэнтэй өмнө нь гурав барилдахдаа хоёрт нь ялж байсан удаатай. Гэвч энэ удаа сорилт ч хийлгэлгүй сонгосонд гавьяат холбооныхондоо гомдолтой яваа.
Гэнэтийн энэ шийдвэрт аль болох тайван байхыг эрмэлзэж байгаа тэрээр миний оронд явсан тамирчин амжилт гаргаад ирвэл баяртай байх болно хэмээж байлаа. Тамирчин бүсгүйн 12 жилийн хөдөлмөрийн үр дүн энэ удаагийн ДАШТ-д гарах байсан гэдгээ ч нуугаагүй. МУГТ Ц.Энхжаргалтай ярилцлаа.
-Та энэ удаагийн ДАШТ-д амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байсан. Гэвч таны оронд өөр тамирчин Канад улсыг зорилоо? -Миний хувьд олон жил барилдаж олон фенүүдтэй болсон. Тэд маань намайг Лондонгийн олимпод оролцоно гэж мөн л харж байсан. Хэдийгээр энэ олимпод оролцож чадаагүй ч гэсэн би өөрийнхөө жингийн бөхчүүдийн бэлтгэл сургуулилтыг хангуулахад хувь нэмрээ оруулж, тусалж дэмжиж байсан. Энэ удаагийн ДАШТ-д оролцоно гэсэн итгэлтэй, бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийж байсан. Ар гэрээ орхиж, 12 жилийн амьдрал, хөдөлмөрөө зориулж, золиосолсон. Тиймээс би хэвлэлийн бага хурал зарлаж тэмцээнд явах боломжийг олгооч гэсэн санал тавьсан хэдий ч харамсалтай нь боломж олдсонгүй. Харин одоо өөрийнхөө оронд явсан тамирчныг амжилт гаргаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Ачир дээрээ миний гомдол зөвхөн миний л асуудал шүү дээ. Гэхдээ манай удирдах зөвлөл зөв шийдвэр гаргасан гэдэгт итгэлтэй байна. Ганцхан хувь хүн миний асуудал биш учраас ард түмэн ялгаж салгах байлгүй дээ л гэж бодож сууна. Түүнээс би хэн нэгэн удирдлагыг буруутгаж нэрийг нь хэлмээргүй байна. Энэ асуудал хэнээс болсныг нь ч мэдэхгүй. Цаг хугацаатай эвлэрэхээс аргагүй. Нэгэнт надаас илүү гэж найдаж явуулсан юм чинь тэр бөх маань сайн барилдах байх аа л гэж итгэж байна. -Хүн өөрийнхөө сэтгэлд багтсан зүйлдээ л тэмүүлдэг. Түүн шиг та ДАШТ-д өөртөө итгэлтэй байсан. Хэдэн жилийн бэлтгэл талаар өнгөрөв? -Зөвхөн энэ жилийн бэлтгэл биш. Анх чөлөөт бөхийн секцэнд орсон өдрөөс хойшхи бэлтгэл өнөөдөр гарах гэж байсан. Тэгэхээр 12 жилийн бэлтгэл гэж ойлгож болно. Үнэхээр хүнд байсан ч би уйлахгүй, уурлахгүй гэдэг дээр хатуу зогсч байгаа. Уурандаа амандаа орсон үгийг хэлээд багшийгаа, удирдлагаа гомдоочих байх гэж бодоод сэтгэлдээ л шаналсан. Гэлээ гээд би спортоо орхихгүй. Миний бие эрүүл байгаа цагт барилдана л гэж бодож байна. -Даваан дээр морио сольдог явдал чөлөөт бөхийн холбоонд удаа дараа гарч байгаа. Сая л гэхэд олимпод Насанбурмаагийн оронд С. Батцэцэгийг явуулаад мөн л хэл ам дагуулж байсан. Ер нь удирдлагууд тань тамирчдаа багшаас нь илүү мэддэг болчихоо юу даа? -Би энэ асуудлыг сайн мэдэхгүй. Асуудлын гогцоог хэдхэн хоногийн дараа болох тэмцээн л харуулах байх. Харин С.Батцэцэгийн олимпийн амжилтад манай холбооны удирдлагууд сэтгэл хангалуун байгаа. -Гэхдээ танд дахиад ялалт, амжилт туршлага бүгд байна? -Эмэгтэй хүний спортын амжилт эрэгтэйчүүдээс өөр. Тэр утгаараа би чөлөөт бөхөөр хожуу хичээллэсэн. Энэ хугацаанд надад боломж байсан гэдэгт итгэлтэй байдаг. Дахиад хичээллэх ч цаг хугацаа байна. Энэ бол өвчин, бэртэл гэмтэл биш. Тиймээс би дахин барилдах боломжтой гэж бодож байгаа. -Мэдээж энэ асуудал сэтгэлийн шарх болж үлдсэн нь тодорхой. Магадгүй таныг дараагийн тэмцээнд ор гэвэл та сэтгэл зүйн хувьд бэлэн байна уу? -Сэтгэл зүйн хувьд бэлэн байна. Өнөөдөр хямралтай байгаа ч гэсэн бэлтгэл сургуулилт сайн байгаа. Хэдийгээр тэмцээнээс үлдсэн ч гэсэн дараагийн тэмцээндээ улам өөрийгөө хурцалж, илүү сайн барилдана гэдэгт итгэлтэй байна. -Багш тань шавиа бүх талаар нь мэдэж байгаа. Тиймээс холбооныхоо шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаагаа удирдлагууддаа илэрхийлсэн үү? -Миний хувьд өөрийнхөө багш, бусад уулзаж чадах хүрээний удирдах зөвлөлийн гишүүдэд хэлсэн. Сүүлдээ үр дүнд хүрэхгүй болохоор хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Тийм учраас бодит үнэнийг цаг хугацаа л харуулах байх. Түүнээс би хэлж шүүмжлээд энэ асуудал эерэгээр шийдэгдэхгүй байх гэж бодож байна. Миний оронд явсан тамирчин л сайн барилдаасай гэж бодож байна. Яагаад гэвэл үүний цаана бүхэл бүтэн Монгол Улсын нэр хүнд явж байгаа шүү дээ. Энэ шийдвэр зөв байгаад, тэр тамирчин амжилт гаргаад ирвэл би ч мөн сэтгэл хангалуун л байна. Угаасаа тэр тамирчны буруу гэж юу байхав. Нэгэнт холбооноос итгэл үзүүлээд явуулсан юм чинь би энэ асуудалтай эвлэрэхгүй гээд яахав. Монголоос ДАШТ шалгаруулах тэмцээнд явсан эмэгтэй баг тамирчид амжилт гаргаасай гэж дахин дахин хүсч байна. -Танаас залуу тамирчид их зөвлөгөө сургамж авдаг гэсэн? -Надаас мэдэж чадахгүй зүйлээ сэтгэлээсээ асуувал би өөрийн чадах бүхнээ харамгүй хэлж өгдөг. Миний хувьд чөлөөт бөхөөр арав гаруй жил хичээллэж байгаа. Бахархууштай нь үлгэр дууриал авч хичээллэж байсан охидоос олимпийн медальтан ч төрсөн. Эдгээр тамирчин охидын бөх барилдах сонирхлыг нь бадрааж, энэ спортоор хичээллэх боломжийг нь нээж өгсөндөө сэтгэл хангалуун явдаг. Ингэж эмэгтэй тамирчдын эхлэлийг нь тавьсандаа өөрөө аварга болсон юм шиг сэтгэл өндөр байдаг. -Таны жингийн дараагийн залгамж халаа хэн бэ? -Бодвол миний оронд тэмцээнд явсан тамирчин байлгүй дээ. Энэ тамирчин сүүлийн нэг жилд дандаа манай дээд жинд барилдсан. -Чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдын амжилт ахихгүй байгааг хэн хүнгүй шүүмжилдэг? -Энэ үнэн. Гэвч саяын залуучуудын ДАШТ –ээс эрэгтэй эмэгтэй хоёр аварга, бас нэг эрэгтэй тамирчин хүрэл медаль хүртсэнд сэтгэл дүүрэн байгаа. Энэ дашрамд хэлэхэд бурхан надад олон сайхан боломжийг олгосон. Бөхийн спортын анхдагч эмэгтэй болгосон бас сайхан хань бэлэглэсэн. Бөхийн спортоор хичээллэх нь надад завшаан байсан учраас би өөрийгөө азтай хүн гэж боддог. -Хараад байхад та дээрх асуудалд тайван хандаж байх шиг? -Уур бүхнийг дийлэх шалгуур биш гэдэг утгаар тайван байхыг хичээж байна. Д.Нэргүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ