Хулхи барилга нурахад хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй хуультай байна

img

Нийслэлд өдөр болгон байшин барилга дээр осол гарч хүний амь эрсддэг болов. Хэн хүнгүй өглөө ажилдаа ирээд дахиад л хүний амь сүйджээ гэх хар мэдээг сонсоод зүрхээр хатгах шиг. Зах зээлийн эрэлт хэрэгцээн дээр тулгуурласан барилгын салбар эрчимтэй хөгжиж буй яг өнөө үед чанаргүй, зөвшөөрөлгүй барилгууд үй түмэн олноороо бий болсныг дээр доргүй одоо л анзаарч байна. Анхнаас нь энэ салбарыг ийм мэргэжлийн бус түвшинд аваачихад хэн гол нөлөө үзүүлэв. Асуултын хариултыг хайцгаая. Нэг бизнес эрхлэгч барилга барихын тулд газрыг эхний ээлжинд эрэлхийлнэ. Ингэхдээ газрын алба, дарга нарыг хормойдон гүйж, хахууль өгч байж эсвэл газар дамлагчдаас өндөр үнэтэй худалдаж авна. Дараа нь барилгын зөвшөөрөл авах гэж хичнээн олон хүний гарын үсэг цуглуулах хэрэгтэй вэ гэхээр дор хаяж 100 гарын үсэг. Гарын үсэг зурах эрх мэдлийн хүмүүс нь бүгд мэргэжсэн аргатай бөгөөд гэдийхээс эхлээд шантаажыг бизнесмэнүүдэд тулгана. Бизнесмэн бусдын жишгийн дагуу гэж бодоод л албан тушаалтанд хахуулиа өгч байж зөвшөөрлөө сая авна. Манай улсад сүүлдээ авлига өгдөггүй хүн бол усан тэнэгийн тоонд тооцогддог болсон. Ийм хэцүү замналыг туулдаг болохоор барилгын эзэн чанартай байшин барихаа бодохоосоо илүүтэй яавал дарга нарт өгдөг авлигынхаа хажуугаар ашиг унагах вэ гэдэгт толгойгоо гашилгана. Норм дүрмээрээ барих ёстой өртөг дээр авлига авч сурсан олон мангасуудыг нэмэхээр яаж ч бодсон чанаргүй хямдхан өртгөөр орон сууц босгохоос өөр арга үл олдоно. Энэ дүр төрх байдал бол банкнаас зээл авч ашигтай гэх бизнес рүү хошуу дүрсэн жинхэнэ бизнесмэний шаналгаа. Харин УИХ-д суудаг ах хүүтэй, охин компанийн цуваа үргэлжилж буй бол тэднийг бизнесмэн гэхээсээ дээрэмдэгч нар гэж нэрлэвэл зохилтой. Учир нь тэд хэн нэгэнд авлига өгөх шаардлагагүй. Ард түмний саналаар сонгогдсон тул өөрсдөдөө зориулсан хууль тогтоомжийг гаргуулж чадна. Мөн толгой хоосон ч хамаагүй дохио зангаагаар нь хөдөлдөг нөхдүүдийг газар, агентлагийн дарга нараар тавьчихдаг болохоор үнэгүй үйлчлүүлж чадна. Дарга нарын тавьсан утсан хүүхэлдэй буюу яам, агентлагийн зарим дарга нарын хувьд  улс, ард түмний эрх ашгийг төлөөлж ажиллах үүргээ огтхон мэддэггүй мөртлөө албан тушаалд тавьсан даргынхаа үгэнд хууль зөрчсөн ч хамаагүй орох ёстой гэдгээ сайтар мэднэ. Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эхлээд барилгад хяналт тавих эрх үүрэг хүлээсэн олон байгууллагын дарга нар өдий болтол чанаргүй барилгуудыг мэдсээр байж нүдээ аньж хараагүй царайлсаар ирсэн хэрэг. УИХ-ын гишүүд дунд барилгын салбарт бизнес эрхэлж буй олон бий. Нэг талаас харвал УИХ-ын гишүүд гэдэг чинь нэг гараараа хууль, тогтоомж гаргаж баталж байдаг. Нөгөө гараараа өөрсдийн гаргасан хуулийг завхруулж зөвшөөрөлгүй, чанаргүй барилгыг бариулж байдаг хоёр толгойтой мангас шиг болчихоод байна. Энэ есдүгээр сард дараалан осол гарч буйтай холбогдуулан Нийслэлд 80 гаруй зөвшөөрөлгүй барилга байгааг тогтоож үйл ажиллагааг нь түр зогсоочихоод байгаа. Ил харахад зөвшөөрөлгүй гэх боловч цаанаа бүгд дарга, гишүүний цээжээр хамгаалагдсан “зөвшөөрөлтэй” барилгууд юм. Барилгын салбар өнөөдөр авлигын аалзны тороор хэрүүлжээ. УИХ-ын гишүүнээсээ эхлээд дарга, албан тушаалтан, бизнесмэн, цагдаа, хяналт тавих эрх бүхий байгууллагууд бүгд нэг завинд сууцгаасан байна. Тийм болохоор хэн хэндээ хяналт тавьж хариуцлага тооцож чадахгүй болчихоод байна. Өнөөдөр газар хөдлөв үү үгүй тэсч үлдэх барилга хэд байгаа билээ. Байгалийн болон гадны хүчин зүйлээс шалтгаалахгүйгээр өөрөө нурчихаж буй барилга олон бий. Зөв¬шөөрөлгүй барилгад хэн хяналт тавих ёстой вэ гэдгийг өнөөдөр бултаараа хэлэлцээд ч хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй хуультай байна. Сая Мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэж буйгаар “Зөвшөөрөлгүй барилгыг хориглох эрх үүрэг байдаггүй. Тиймээс хариуцлагыг хүлээж чадахгүй” гэдгээ ил тод мэдэгдээд байгаа. Дүүргийн Засаг дарга нарт хүний өмчид халдаж барьж буй барилгыг буулгах эрх үүрэг бүр байдаггүй юм байна. Яг аль байгууллага нь олон мянган хүний аминд хүрч мэдэх чанаргүй барилгад хяналт тавих ёстой байсан бэ. Нэгэнт хулхи барилга барьсан нь үнэн юм чинь нурах нь нэгэнт тодорхой байсан уу гэвэл тийм. Нурахдаа хамгийн түрүүнд хүний аминд хүрэх үү гэвэл тэр бас тодорхой. Харин нураад эрдэнэт хүний амийг сүйдлэхэд хэн хариуцлага хүлээхийг тодорхойгүй бүрхэг байдлаар хуулийг боловсруулан гаргасан байгаа нь эргээд анхаарал татаж байна. О.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

TIIMEE IIM TODORHOIGUI HUULIAR DALIMDUULJ HARIUZLAGAAS MULTARCH BGA HUULIIN ZOORHOIGOOR, TIIM BOLOHOOR HUULIA SAIJRUULAH HEREGTEI BNA DAA
2012-09-26