
МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн шүүхэд хаалттай болж байна. Давж заалдах шатны шүүх хуралд шүүгдэгч өөрийн биеэр байх шаардлагагүй байдаг нөгөө талаасаа Н.Энхбаярын биеийн байдал тааруу байгаа учраас шүүх хуралд тэрээр ирээгүй байна. Харин эхнэр О.Цолмон, хүү Э.Батшугар, Шадар сайд Д.Тэрбишдагва, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяан, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нар иржээ. Шүүх хурлын даргалагч шүүгчээр Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа, илтгэгч шүүгчээр Г.Алтанчимэг нар ажиллаж байна. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөр С.Нарангэрэл оролцож байгаа юм.
Дашрамд дурдахад, анхан шатны шүүхээс түүнээс 25 сая төгрөгийн эд хөрөнгийг хурааж, дөрвөн жилийн хорих ялаар, мөн төрийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хассан юм.
Түүнчлэн Н.Энхбаяраас 54 сая 343 мянган төгрөгийг гаргуулан Гандантэгчиглэн хийдэд, Ж.Мягмаржаргал нараас тус бүр 982 сая 577 мянган төгрөгийг гаргуулан Эрдэнэт үйлдвэрт олгох, Н.Энхбаярын эзэмшлийн Хаан банкин дахь 89 мянга 359 ам. долларыг, 11-р хорооллын 100 тоот орон сууцны өөрт ногдох хэсгийг нь тус тус гаргуулан хохирол барагдуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ