
БНСУ-ын “Үндэсний аврах алба-119”-ийн дарга Кан Чёл Сууг Монгол оронд айлчилж байгаа бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр өнөөдөр түүнийг хүлээн авч уулзжээ.
2006 онд Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, БНСУ-ын Онцгой байдлын ерөнхий газрын хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан. 2008 оноос эхлэн Монгол Улсын Онцгой байдлын албаны 100 орчим аврагч “Үндэсний аврах алба-119”-ийн эрэн хайх, аврах ажиллагааны сургалтад хамрагдаад байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр сард зургаа дахь ээлжийн 20 аврагчийг явуулах гэж байна.
Олон улсын стандартын дагуу орчин үеийн техник, багаж хэрэгсэлд тулгуурлан зохион байгуулдаг энэхүү сургалтад хамрагдсанаар манай аврагчдын гамшгийн үед үүрэг гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар ихээхэн сайжирч, “Үндэсний аврах алба-119”-өөс хандивласан автомашин, техник, тоног төхөөрөмж Монголын аврагчдыг гамшгийн голомтод шуурхай хүрч, аврах ажиллагааг өндөр түвшинд явуулахад ихээхэн хувь нэмэр оруулж байгааг Ц.Амгаланбаяр дарга уулзалтын үеэр хэлжээ. Ирэх сард БНСУ-ын ОБЕГ-ын дарга Ли Ки Хуан Монгол Улсад айлчлах юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ