
БНАСАУ-ын Ардын Дээд Хурал ихэвчлэн жил бүрийн дөрөвдүгээр сард хуралддаг бөгөөд хоёр дахь чуулган хийх нь ховор байдаг. Харин ийн онцгой хуралдаан хийх гэж байгаа нь улс оронд тулгараад буй эдийн засгийн асуудалтай холбоотой гэж ажиглагчид үзэж байна.
Хурлын хөтөлбөр гараагүй байгаа ч засаг төрд өөрчлөлт хийх эсвэл эдийн засгийн хувьсгал хийх асуудлыг хэлэлцэнэ гэж олон хүмүүс үзэж байгаа юм. Энэхүү хурал нь шинэ удирдагч Ким Жон Ун дээд удирдлага, армийн генералын халаа сэлгээ хийснээс сарын дараа тохиож байна.
Ардын Дээд Хурлын тэргүүлэгчдийн гишүүн Ким Сон Чун “Associated Press” агентлагт мэдээлснээр хурлын үеэр хууль тогтоогчид дотоод болон гадаад бодлого хэлэлцэж, мөн төрийн дээд бүрэлдэхүүнд боловсон хүчний өөрчлөлт хийх гэнэ.
Сөүл дэх ВВС-гийн сурвалжлагчийн мэдээлснээр БНАСАУ-д эдийн засгийн хувьсгал болж магадгүй тухай яриа хэдэн сарын турш яригдаж байгаа аж.
Одоогоор Хойд Солонгосын фермерүүд гэр бүлдээ хувь авч үлдээд үлдсэн бүх ургац, бүтээгдэхүүнээ улсдаа хураалгаж байгаа юм. Гэхдээ даваа гаригт БНАСАУ-ын дотоод болон гадаад эх сурвалжийн мэдээгээр улсын норм биелсэн тохиолдолд фермерүүд илүү ургацаа өөртөө авч үлдэж болох болсон нь үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх урам өгч байна.
Тус улс нь 1990-ээд оны дунд үеэс хойш хүндхэн өлсгөлөнд нэрвэгдсэн бөгөөд одоо хүртэл хүн амаа тэжээх хангалттай хүнс үйлдвэрлэж чадахгүй байгаа юм. Сүүлд болсон үерийн уршигаар зарим газруудад байдал улам хүндэрчээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ