Нийслэл дэх хаягийг төлбөртэй болгоё

img

Нийслэлчүүд бид  арав алхаад л  нүд эрээлжлэм  өнгө, харь хэлээр  бичсэн хаягтай байгууллага, дэлгүүр, цайны газартай тааралддаг. Нэг байшинд л гэхэд тав, зургаан хаяг хадаастай байх жишээтэй. Үнэндээ нийслэлийн иргэд очих газраа гудамжны болон нүд эрээлжлэм хаягаар бус хуучны нэрээр буюу “тэр байшингийн наана цаана” гэх  сургаар олсоор удав. Уг нь хаяг нь байгууллагын сурталчилгаа­ны нэг хэсэг төдийгүй нийслэ­лийн өнгө төрх, үзэмжийг илэр­хийлэх нэрийн хуудас. Гэтэл нийслэлд байгаа хаягууд бид­ний хэрэгцээг хангахгүй  бай­саар олон жилийг үдлээ. Тухайлбал  “Цэнхэр дэвсгэр дээр тод цагаанаар “Жуулчны гудамж”, “Энх тайваны өргөн чөлөө”, “Ард аюушийн  гудамж”, Амарсанаагийн гудамж” гэсэн хаягууд байшингийн өнцөг булан бүрт бий. Үүнийг 2003-2004 онд тухайн үеийн нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хаяг жигдрүүлэх зорилгоор хийсэн. Энэ хаягжуулалтын хүрээнд 280 сая төгрөгийн өртөг бүхий ажил хийснээс  20 гаруй сая төгрөгийг нийслэлийн төсвөөс, 250 гаруй сая төгрөгийг  айл, өрх иргэд, СӨХ, байгууллага, аж ахуйн нэгжүүдээс гаргасан  гэдэг. Дээрх хаягжуулалтаар нийтдээ орон сууцны 1600 байр, 4000 орц, гэр хорооллын 3000 гаруй гудамж, 90-ээд мянган хашаа, нийтийн эзэмшлийн 100 гудамжны хаяг дугаарыг сольж шинэчлэн байршуулсан хэмээн тухайн үед мэдээлж байв. Түүнчлэн Стандартчилал хэмжилзүйн үндэсний төвөөс албан байгууллага, гудамж талбай, барилга, орон сууц, хашааны нэр дугаар, хаягийн шинэчилсэн загварыг боловсруулан  “MNS 5283-2003” стандартыг батлуулж хаягжуулалтад “дайн” зарлан хөрөнгө зарж байсан. Гэсэн ч хаягийг  жигдрүүлж, индексжүүлэх ажил өнөөг хүртэл  сайн цэгцэрч чадсангүй. “Жуулчны гудамж”, “Энх тайваны өргөн чөлөө”, “Ард аюушийн  гудамж” гэсэн байшингийн булан дахь хаягууд тэр бүр хүний нүдэнд өртөхгүй хэмжээтэй, анхаарал татахуйц болж чадаагүйгээс ч  тэрүү эдгээр гудамж хаана байдгийг асуухад хүмүүс мэдэхгүй байв. Чингэлтэй дүүргийн иргэн. Д. Даваасүрэн: Би “Жуулчны гудамж” хаана байдгийг ёстой мэдэхгүй юм байна шүү. Та очих гэсэн газраа яаж олдог вэ? - “Өө би хуучин нэршсэнээр нь олдог ш дээ. Тухайлбал гутлын 22-ын тэнд гэдгээр нь очих газраа олох жишээтэй. -СБД-ийн иргэн Г.Жавзмаа: Манай нийслэлийн хаяг бол үнэндээ замбараагүй байна. Гадаад хэлээр ихэвчлэн бичигдсэн болохоор мань мэтийн хэл мэдэхгүй хөгшчүүл очих газраа олно гэдэг хэцүүхэн. Бид нар олохгүй байгаа юм чинь хөдөөнийхөн бүр тэвддэг байлгүй дээ. Гудамжинд таарсан ихэнх хүмүүс ийм хариултыг өгч байлаа. Хотын “А” зэрэглэлийн бүсэд байрлах байгууллага аж ахуйн нэгжүүдэд неон гэрэлтэй товгор үсгээр хийгдсэн хаягтай байх шаардлагыг нийслэлээс гаргасан. Энэ бол зөв шийдвэр юм. Үүнийг зөвхөн “А” зэрэглэл гэж хязгаарлахгүйгээр хотын захын байгууллагуудад ч нэвтрүүлэх хэрэгтэй. Гол нь тухайн неон гэрэл хотыг гэрэлтүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ёстой. Нөгөө нэг асуудал нь  хаягжуулалтын албан ёсны хэл юм. Албан байгууллага аж ахуйн нэгжүүд нэр хаягаа ямар хэлээр бичих нь тэдний хэрэг боловч “Төрийн албан ёсны тухай хуулинд” захирагдах ёстой. Тус хуулинд зааснаар  хот суурин газрын гудамж талбайн нэр хаяг, төрийн байгууллагын нэрийг төрийн албан ёсны хэлээр бичнэ гэсэн байдаг. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн, бизнес эрхлэгчдийн ажлын байрны нэр хаягийг чиглэл, зэрэглэл онцлогоос хамаарч Монголоор зайлшгүй тохиолдолд Англи хэлээр бичиж байршуулах заалт журмыг гаргасан. Тухайн хаягийг бусад орны хэлээр бичсэн тохиолдолд Монгол, Англи хэлээр бичсэнээсээ хоёр дахин бага үсгийн хэмжээгээр хуучин монгол бичгээр тавих буюу лого хэлбэрээр байршуулна гэж заажээ. Гэвч энэ журмыг манай аж ахуйн нэгж, байгууллагууд төдийлөн мөрддөггүй. Уг нь  нэг хэв загвартай монгол нэртэй хаягууд байвал хотын өнгө үзэмжээс гадна “Монгол” гэсэн орныг илэрхийлэх юм. Нийслэлчүүд бидэнд хаягжуулалтыг тойрсон олон  асуудлын нэг нь    хаягийн тодорхой бус байдал юм. Гэр хорооллын хашаа, гудамжны хаяг дугаар тодорхой бус, эмх замбараагүй байрласан зэргээс шалтгаалж түргэн тусламж, гал команд, шуудан зэрэг үйлчилгээ хугацаа алдах явдал гарах нь энүүхэнд болсон.  Хүн амын хэт их төвлөрлөөс үүдэж хүрээгээ тэлсэн хот, энд тэндгүй буусан хаяггүй айл, гудамжууд олширсноос болж түргэний жолооч нар очих газраа нэлээн будилж олдогоо ярьж байсан. Үнэндээ манай нийслэлд хаягаар очих газраа олно гэдэг “Өвсөнд хаясан зүү эрэхтэй” адил болсон гэхэд хилсдэхгүй. Өнөөдөр бид очих газраа хайсаар цаг заваа гарздах, цаашилбал эмнэлгийн тусламж хүлээж чадалгүй алтан амиа алдах, гал командын тусламж авалгүй эд хөрөнгөө үгүй хийх гээд хохирол амсахгүй гэхийн баталгаа алга. Үнэндээ хаягжуулалтын талаар манайхан олон жил ярьж байгаа ч нэг мөр цэгцлэгдэж чадсангүй. Шаардлага хангахгүй хаяг, рекламыг буулгаж, цэгцлэхэд өнгөрсөн онд   800 сая төгрөгийг нийслэлээс төсөвлөсөн. Энэ ажлын хүрээнд шаардлага хангаагүй 3000 гаруй самбар реклам, хаягийг буулгасан байдаг. Харин энэ жил  шаардлага хангахгүй хаяг, рекламыг буулгаж, цэгцлэхэд 900 сая төгрөгийг төсөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд  хаяг рекламны тухай журмыг салган  аж ахуйн нэгжийн хаягийн самбаруудыг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн байх ёстой гэсэн  заалтыг тусгасан байгаа. Хаяг рекламны тухай журмыг салгах болсон гол шалтгааныг  дээрх журмын 80 орчим хувь нь зөвхөн рекламанд, үлдсэн 20 хувь нь  аж ахуйн нэгжийн гадна хаягт  зориулсан учраас үйлчилгээний байгууллагын хаягаар бие даасан журам гаргах хэрэгтэй хэмээн албаныхан тайлбарласан. Хаягуудыг  мэргэжлийн бус байгууллагаар хийлгэсэн учраас  шаардлага хангахгүй байна гэх. Мэргэжлийн байгууллагаар хийлгэвэл чанаргүй, хотын үзэмжинд муугаар нөлөөлсөн хаяг гарах нь багасах тухай албаныхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байх юм. Үнэндээ Москвад  тухайн барилгын эзэд түрээслэсэн байгууллагаас төлбөр авдаг. Харин манайд тухайн түрээслэгчид бус хорооны Засаг дарга нарт хаягжуулалтыг цэгцлэх ажлыг өгвөл  яасан юм бэ. Мөнгө төсөвгүй хэмээн дээшээ харж суудаг хорооны Засаг дарга нар тухайн хороонд байрлах байгууллага, аж ахуйн нэгжийн хаягжуулалтыг хариуцан төлбөрийг авах замаар хаягийг цэгцэлбэл  нийслэлийн “нэрийн хуудас” шинэчлэгдэнэ. Гэхдээ хорооны Засаг дарга нар хаягнаас мөнгө аваад суух биш харин тэр мөнгөөрөө хороо, дүүргийнхээ газрын зураг,хаяг байршлыг тодорхой болгоход зарцуулна гэсэн үг юм. Москва, Бээжинд Монголоос бусад бүх хэлээр хэвлэсэн газрын зураг байдаг. Энэ нь өндөр ашигтай бизнест тооцогддог юм билээ. Ямар ч монгол хүн  дээрх хотуудад  очоод газрын зурагтай бол төөрдөггүй. Харин манай нийслэлд  гадныхан бүү хэл монголчууд бид өөрсдөө төөрдөг. Төөрөх гол шалтгаан нь манай нийслэлийн нэрийн хуудас болох хаягтай холбоотой юм. Б.АРИУНЗАЯА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

odoo bolio:
odoo hutsaj ehlehen vv ene biznesiig bas haraad avsan yy
2013-03-18