
Монголчууд “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэж ярьдаг. Дэлхийн хамгийн томэзэнт гүрнийг байгуулсан Чингис хаан энэ л зарчмаар төрийн тэргүүнээр сонгогдож байсан гэнэ. Гэхдээ тэрээр ихэнх шийдвэрийг есөн өрлөгийнхөө тусламжтайгаар гаргадаг байж. Өөрөөр хэлбэл улстөрийн товчоотой байсан байна. Улстөрийн товчооны гишүүд бас шадар, туслах гэх мэтийн албадуудтай. Одоогоор бол баг бүрдүүлж байж шийдвэр гаргана. Улстөрийн нам гэдэг нь эндээс үүдэлтэй тухай судлаач бичсэн байдаг.
Хүмүүс мянга гаруй жилийн өмнө аливаа шийдвэрийг олуулаа гаргах нь илүү амжилтад хүрдэг гэдгийг мэдэж авч. Энэ зарчим 1917 он хүртэл дэлхий нийтээр хэрэгжиж байгаад большевикууд гэх хүн дүрстэй араатнууд төрснөөр бөмбөрцгийн тал хүн ам одоо ч хор уршгаас нь салаагүй байна. Эдгээр хүн дүрстнүүдийн хамгийн том аюул нь хүнийг бие махбодиор нь захираад зогсохгүй, сэтгэхүйг нэг хэвэнд оруулах гэж оролддог. Тэднийг коммунистууд гэж нэрлэх ба барууны ертөнцөд коммунист, фашист үзэл дэлгэрүүлэхийг хуулиар хориглодог. Одоо дэлхий дээр Хятад ба Хойд Солонгост энэ үзэл ноёрхож байна. Гэхдээ олон орнуудад коммунист үзэл хэлбэр дүрсээ өөрчилсөн боловч хүн амд нөлөөлсөөр.
Үүний тод жишээ бол Монгол Улс юм. Энэ улс дэлхийн хоёр дахь коммунист улс бөгөөд коммунист үзэлд хамгийн их нэрвэгдсэн, хэлмэгдсэн улс юм. Саяхан болсон УИХ-ын сонгуулиар ард түмэн эрх баригчдаа өөрчлөх шийдвэр гаргасан. Харамсалтай нь ард түмнээс эрхээ авсан АН болон МАХН бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд алхам бүртээ аюултай тулгарч байна. Аливаа нам Засгийн эрх авахдаа мөрийн хөтөлбөр дэвшүүлдэг. Түүнийгээ хэрэгжүүлэх гэж боловсон хүчний төрөл байршуулдаг. Энэ утгаараа төрийн албан хаагч гэдэг нь эрх баригч намын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэгчид тооцогдоно. Гэтэл АН өөрийн боловсон хүчнээ төрд байршуулснаар хууль зөрчсөн хэрэгт орох бололтой.
Энэ нь нөгөө л дэлхийн хоёр дахь коммунист нам болох МАН-ын үзэл сурталтай холбоотой. Эрх баригчид өөрийн боловсон хүчнээ хаана байрлуулах нь тэдний хэрэг. Дараагийн УИХ-ын сонгуульд сонгогчид эрх баригчдаас мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг л нэхнэ. Түүнээс МАН-ын гишүүдээр АН хөтөлбөрөө хэрэгжүүлэх тухай ямар нэгэн санал өгөөгүй. Хэрэв эрх баригч АН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй бол ямар боловсон хүчин байснаас үл хамааран МАН шиг бурантгаа эвхүүлнэ. Тиймээс өнөөгийн МАН-ын яриад байгаа төрийн албан хаагчдын хэлмэгдэл гэдэг нь үнэн хэрэгтээ хошин шог юм. МАН эрх баригч болсон өдрөө 15 мянган төрийн албан хаагчийг гудманд гаргаж байсан түүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай гарсан.
Тэр үед АН элдэв холбоо байгуулах эсэргүүцэж мэдэгдэл гаргах зэрэг үйлдэл хийгээгүй. Учир нь энэ нам Чингэсийн үзлээр хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэж үздэг. Үүгээрээ АН, МАН хоёр ялгаатай. Сөрөг хүчин Ерөнхийлөгч ахыгаа, УИХ-ын дарга эхнэрээ, Ерөнхий сайд хүргэнээ, Хуулийн сайд дүүгээ ажилтай болгосон хэмээн PR-даж байна. Тэдний эхнэр хүүхэд төрийн албанд нэг ч байхгүй юм гэнэ. 22 жил гудманд явсан ардчилагчид ганц нэг ах, дүүгээ ажилтай болгосон нь буруу гэнэ. Дээр нь өнөөгийн төрийн албан хаагчид гэдэг нь хэн бэ гэсэн асуулт гарна. Мөн Монгол төр байна уу гэж асууж болно. Монголд өдөрт дунджаар 12 хүн цаг бусаар амиа алдаж байдаг гэнэ. Нийслэлийн Засаг дарга л “сүржигнээд” байгаа болохоос барилгын салбарт өнгөрсөн таван жилд сар бүр хоёр хүн амиа алддаг жишиг тогтсон. Мэргэжлийн хяналтын нэгэн байцаагч талхан дээр тоос унаж байгааг олж мэдээд талхны үйлдвэрийг хятад уутаар баглаж, худалдаанд гаргах лүндэн буулгажээ. Үүнээс болж тухайн үйлдвэр 400-гаад мянган ам.долларын тоног төхөөрөмж, 70-аад ажилчин нэмж авах шаардлагатай болсон байна. Дээр нь талхны үнэ 200 гаруй төгрөгөөр нэмэгдэнэ. Энэ бүхнийг хэрэглэгчид эсэргүүцсэн учраас тухайн шийдвэр хэрэгжээгүй байна. Харин өөр нэг байцаагч арван давхар зөвшөөрөлгүй барилга барьж байгааг олж хараагүй байх юм.
Төрийн албан хаагчид долоо хоногт тав хоног ажилладаг. Дээр нь дотоод ажил хэмээн хоёр хоног дэлгүүрээр хэсдэг. Ингэснийхээ төлөө тэд орон байрны хүүхдийн сургалтын, гэнэт халагдсаны гэх мэтийн олон хөнгөлөлт эдэлнэ.
Энэ бол Монголын төрийн зураг. Үнэн хэрэгтээ төр гэдэг нь гараар барих эд биш. Албан хаагчдаар дамжиж, биеждэг үйлчилгээний байгууллага юм. Зарчмын хувьд худалдагч, жолооч, төр гурав ялгаагүй үйлчлэгчид. Төр өнөөдөр муу байгаа гэдэг нь албан хаагчид муу байна гэсэн үг юм. Тиймээс төрийн албан хаагчийг өөрчилнө гэдэг нь төрийн албыг өөрчилнө гэдэгтэй утга нэг юм. Иргэдээс авсан санал асуулгаар төрийн албан хаагчийн үйлчилгээ 60 хувьд нь хангалтгүй, 40 хувьд нь маш муу гэсэн дүн гарчээ.
Энэ бүхнийг нуршсаны учир нь төрийг цэвэрлэх цаг болсныг сануулах гэсэн хэрэг юм. Мэдээж МАН шиг намын цэвэрлэгээ гэх мэтийн ярга үйлдэж болохгүй. Шинэ эрх баригчид шинэ төрийн албан хаагчдыг шаардаж байна. Тэдний эхний шалгуур нь англи хэл. Хоёр дахь шалгуур нь долоо хоногийн турш өдөрт 12 цаг ажиллах бие махбод, мөн гадаадад явах эрхээ хасуулна. Энэ бол шинэ төрийн ажиллах зарчим. Эндээс харвал, АН-ын өдөр шөнөгүй ухуулаад байгаа төрийн албан хаагчийн хэлмэгдүүлэл гэдэг нь үнэн хэрэгтээ ард түмнийг төрийн дарангуйллаас аврах алхам болж таарна. Мөн төрийн албан хаагч гэдэг нь жинхэнэ утгаараа эрх баригч намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжүүлэгч гэж ойлгож болно. Иймээс төрийн албан хаагч гэдэг нь эрх баригч намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч эрэг шураг юм. Эндээс харвал, төрийн албан хаагч нь аль ч утгаараа намын дэмжигчид байж таарна. Тэгж байж төртэй, төрийн албан хаагчтай, ард түмэн оршин тогтноно. МАН-ынханд баяртай мэдээ дуулгахад, өчигдөр тэдний нэг хүсэл биелж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ах нэг жижиг аж ахуйн дарга хийж, амьдралаа залгуулах гэснээ сайн дураараа татгалзжээ. Шалтгаан нь МАН-ынхан Ерөнхийлөгчийн ах ажилтай болсон нь Монголын төрийг булингартуулж байна гэж шүүмжилснийх.
Гэхдээ Ерөнхийлөгчийн ах заавал төрд шургаж амьдарна гэсэндээ дээрх албан тушаалд очоогүй юм. Өөрийн дэмждэг намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор л тус албанд очсон хэрэг. Нөхөр Ц.Арсландорж төртэй, төргүй амиа аваад явчихаж чадна. Аль нэг албан тушаалд сүнс нь хоргоддог эр биш.
МАН-ын гишүүд ээ, төрийн албанд сүнс нь хоргодсон юм шиг үхэн хатан албан тушаалтай зууралдахаа болиоч ээ.
Х.Баттөгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ