
Хүн төрөлхтөн хөрөнгийн зах зээлийг системтэйгээр судалж, хэрэгжүүлж ирснээс хойш тун богинохон хугацаа өнгөрчээ. Дэлхийн ууган хөрөнгийн бирж Голландад бүр 14-р зуунаас хөгжиж эхэлсэн бол хувь хүнд хөдөлмөрийн орлогоос гадна хөрөнгө оруулалтын орлого байж болохыг либерал эдийн засгийн онолыг үндэслэгчдийн нэг Жан-Батист Сэй XVIII зууны сүүлчээр анх системчилж таниулсан байна. Энэ нь тухайн үеийн Европ болон Хойд Америкийн нийт хүн ам түүхэндээ анх удаа хөрөнгө оруулалтад чиглүүлж болох хэмжээний хуримтлал үүсгэх боломжтой болсонтой холбоотой. Дундад зууны үед дийлэнх хүн ард нь тариачин, ядуу тарчиг, харин мөнгөн хөрөнгө цөөн хэдэн банкир гэр бүлүүдэд төвлөрч, хаад ноёд нь хүртэл тэднээс хараатай байдаг байсан аж.
Монголчууд бид XXI зуун гарснаар анх удаа хөрөнгө оруулалт хийж болох хувийн өмчийн мөнгөн хөрөнгөтэй, хуримтлалтай болж эхэлж байна. Иргэдийн банкин дахь хадгаламжийн хэмжээ 2006-2012 оны хооронд 0,6-аас 3,6 их наяд төгрөг хүртэл даруй зургаа дахин өссөн бол мөн энэ хугацаанд манай иргэд, аж ахуйн нэгжүүд анх удаагаа гадаадад хувьцаа болон өрийн бичгийн хэлбэрээр (багцын хөрөнгө оруулалт буюу portfolio investment) мөнгөө байршуулж эхэлсэн байна. Монголбанкны нийтэлсэн статистикаар дараахь дүр зураг харагдаж байна:

Монголчуудын гадаадад байршуулсан багцын хөрөнгө оруулалтын хэмжээ 2007 оноос хойш эрчимтэй нэмэгдэж байна. Энэ нь юунаас үүдэлтэй вэ?
1. Хамгийн хүчтэй нөлөөлж буй хүчин зүйл бол мэдээж орлогын өсөлт. Хэдийгээр дотооддоо орлогын өсөлт жигд бус байж болох боловч нийтдээ монголчууд гадаадад байршуулах “сул” мөнгөн хөрөнгөтэй болсон байна.
2. Иргэд, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх хүсэл эрмэлзэл. Зөв хөрөнгө оруулалтын хамгийн гол, үндсэн зарчим бол төрөлжүүлэлт (diversification) байдаг. Учир нь ингэснээр тухайн хөрөнгө оруулалтын багцын эрсдэл төрөлжиж, эрсдлийн цөөн тооны хүчин зүйлээс хараат байх байдал багасдаг. Товчхондоо, хэдийгээр дотоодын банкны хадгаламжийн данс өндөр хүүтэй, 100% төрөөс батаалгаажсан боловч Монгол хөрөнгө оруулагчид мөнгөн хөрөнгөө төрөлжүүлэх хүсэлтэй байна.
3. Монголд сүүлийн жилүүдэд маш амжилттай ажиллаж байгаа хэд хэдэн компаниуд гадаадын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй учир тэдэнд хөрөнгө оруулахын тулд гадаадын бирж дээр хувьцаа арилжаалах ёстой болдог. Тухайлбал та Оюу Толгойн хувьцаа, Ухаа худагийн бондыг худалдаж авсан бол энэ нь албан ёсоор гадаадад хийсэн санхүүгийн хөрөнгө оруулалт болж бүртгэгдэнэ. Сүүлийн жилүүдэд Монголын цөөн бус иргэд, ААН гадаадын биржүүд дээр гарсан хувьцааг хөрөнгө оруулалтаар бус гэрээний тодорхой нөхцөлөөр эзэмших болсон нь үүнд бас хамаарна.
Энэхүү цоо шинэ үзэгдэл нь улс орны хэмжээнд ямар үр дагаварт хүргэх вэ; бодлогын түвшинд, мөн дотоодын санхүүгийн салбарын хувьд ямар бэлтгэлтэй байх вэ зэрэг нь чухал асуудлууд болон тавигдаж байна. Манайхан хөрөнгө оруулалт, зээл тусламж гэж гуйж явахаас гадна “Монголоос” гэсэн хаягтай хөрөнгө оруулалтын урсгал бага боловч хэмжээнд анх удаа үүсч байгаа нь баярлууштай явдал. Гэвч үүнд бэлтгэлгүйгээр хандах юм бол сайнаасаа илүү саар үр дагавар гарах, хамгийн харамсалтай нь гарч буй боломжийг алдаад өнгөрөх аюултайг анхаарах хэрэгтэй.
Манай улсын эдийн засаг ирэх 10-20 жилүүдэд төсөөлөгдөж байгаа хэмжээндээ огцом өсөх юм бол монголчуудын бүх төрлийн хөрөнгө оруулалтын хэмжээ мөн адил өсөх төлөвтэй байна. Хэрэв дотоодын уул уурхайн болон дэд бүтэц, аж үйлдвэрийн томоохон төслүүд хэрэгжиж дуусвал магадгүй манай улс хөрөнгө оруулалт татагчаасаа илүү хөрөнгө оруулалт хийгч орон болох юм. Үүнийг дагасан томоохон хэмжээний санхүүгийн салбар, санхүүгийн аж үйлдвэр хаа нэгтээ байх ёстой болох нь тодорхой.
Дэлхийн хөгжсөн хэсэгт санхүүгийн салбар нь аж үйлдвэрийн бие даасан салбарын хэмжээнд “тоогдож”, бодлогын хэмжээнд дэмжигдэж байдаг. Санхүүгийн аж үйлдвэр нь улс орны эдийн засагт ямар хэмжээний ач холбогдолтой байж болохыг дараах жишээнээс харж болно:
1. Швейцарь улс нь манай оронтой далайд гарцгүй, том орнуудын завсарт хавчуулагдсан цөөн хүн амтай үндэстэн зэрэг олон зүйлээр төстэй. Тэнд санхүүгийн аж үйлдвэр нь цэвэр тогтвортой сайн засаглал, зөв бодлогын хүчинд үүсч хөгжсөнөөс гадна Швейцарь улс нь түүхэн үүссэн боломжоо алдалгүй, цагт нь олж харж ашиглаж чадсан юм. Швейцарийн санхүүгийн салбар эдийн засгийн нэмүү өртгийн 10-15 хувийг үүсгэж, ажиллах хүчний 5-7 хувийг ажлын байраар хангадаг ба нэг ажилчинд ногдох бүтээмж нь эдийн засгийн бусад салбараас 2-4 дахин их байдаг байна.
2. Англичууд санхүүгийн аж үйлдвэрээ олон улсын худалдааны үнэмлэхүй давуу тал бүхий эзэнт гүрэн байсан үеэсээ өвөлж авсан бөгөөд улам хөгжүүлсээр өдгөө үндэстний орлогынх нь 10 хувийг уг салбар дангаараа бүрдүүлж, 1 сая гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.
3. Байгалийн асар их баялаг дээр тулгуурлаж хөгжиж байгаагаар нь манай орныг сүүлийн үед газрын тосны томоохон үйлдвэрлэгч Арабын Нэгдсэн Эмират улстай зүйрлэх болсон. Гэвч сүүлийн 30 гаруй жилийн турш дэлхийн маш тогтворгүй хэсэгт орших энэ орон эдийн засгаа төрөлжүүлэх бодлого тууштай явуулснаар эдийн засгийн газрын тосноос хамаарах байдал 1970- аад онд 60 гаруй хувьтай байдаг байсан нь өдгөө 20-иод хувь болтлоо буурч, банк санхүүгийн салбарын эзлэх хувь 0-ээс нийт эдийн засгийн 6-7 хувь болтол өсч хөгжсөн байна.
Дээрх орнуудын туршлага бидэнд сургамж болох учиртай. Үгүй бол бид өөрсдийн үүсгэсэн зах зээлээ Хонг Конг, Австрали, Канадын хөрөнгийн биржүүдэд, АНУ, Европын банкууд, даатгалын компани, хөрөнгө оруулалтын сангуудад, Сингапур, Кайманы арлын хуульчдад алдаж магадгүй хэтийн төлөв хэдийнээ үүсээд байна. Санхүүгийн аж үйлдвэр бол хүнд аж үйлдвэр, дэд бүтэц, уул уурхай шиг асар их хөрөнгө оруулалт, төрийн шууд дэмжлэг шаарддаггүй мөртлөө эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд аль ч салбараас дутахгүй их ач холбогдолтой. Энэ салбар нь зөвхөн арилжааны банкууд, хөрөнгийн биржээр хязгаарлагдахгүйгээр хөрөнгийн баталгаажуулалт, хөрөнгийн удирдлага, бүх төрлийн даатгал, зуучлал зөвлөгөө, үүсмэл бүтээгдэхүүнүүд, эрсдэлийн төрөлжсөн хөрөнгө оруулалт, банк-бус хөрөнгө оруулалт зэрэг маш олон дэд салбараас бүрддэг бөгөөд гарт баригдахгүй ч хоорондоо асар их нягт холбоотой, нарийн зохион байгуулалттай дэд бүтэц дээр тогтнож байдаг.
Манай улсад дөнгөж үүсч эхлэх төдий байгаа энэ аж үйлдвэрийн салбарт яг одоогоор зөв зохицуулалт, алсыг харсан бодлого үндэсний хэмжээнд дутагдаж байна. Гагцхүү гараагаа зөв зохицуулж хийвэл цаашдаа түргэн хугацаанд бие даан, эдийн засгийн бусад салбаруудаа ямагт тэтгэж байж чадах онцлогтой, өрсөлдөх чадвар маш өндөртэй аж үйлдвэрийн салбар юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ