Х.Тэмүүжин: Намын харьяаллаар аливаа асуудлыг шийдээгүй
Хууль зүйн сайд эрхэм гишүүн Х.Тэмүүжинээс тус салбарын томилогооны асуудлаар дараахь асуултад хариулт авлаа.
-Зарим албан хаагчийг ямар үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм бэ?
-Хууль зүйн яамны шинэ бодлого, зарчим, ажлын шинэ ачааллыг дийлэхгүй зэрэг асуудлаас болж ажлаасаа чөлөөлөгдөж буй албан хаагчид бий. Тухайлбал, энэ намрын чуулганаар оруулах найман хуулийн төслийг бичиж боловсруулах хугацаа хоёрхон сар. Ийм богино хугацаанд өндөр ачаалал дааж ажиллах боловсон хүчин байна уу гэдэг асуулт гарсан.
Нөгөөтэйгүүр мэдлэг, туршлага нь хүрэлцэхгүй тохиолдол ч бий. Яагаад гэвэл өмнө нь техникийн шинжтэй ажлууд хийж, түүнийгээ болж байна гэж үзэх мэргэжилтнүүд олон байсан бол одоо өөр. Өдгөө энэ яамд ажиллах боловсон хүчин шинэ концвенц гарна гэхээр англи хэлний мэдлэгийн төвшин шаардахаар тэнцэхгүй. Хууль боловсруулах чадвар ийм төвшин шаардана гэхээр ур чадвар нь дутдаг гэх зэрэг асуудлаас болоод зарим мэргэжилтнүүд шаардлага хангаж чадахгүй гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа. Түүнчлэн шинэ яам бий болсонтой холбоотой манай зарим мэргэжилтнүүд өөр яамд руу шилжсэн тохиолдол ч байна. Орон тооны бүтцийн өөрчлөлтэй холбоотой гарч буй албан хаагч ч бий.
Тухайлбал, цагдаагийн байгуулага, хилийн цэрэг гэхчлэн тодорхой байгууллагуудаас манай яамд төлөөллөөр ажилладаг албан хаагчид байсан өмнө нь. Би их гайхсан. Харин ч бүр эсрэгээрээ. Хууль зүйн яам бодлого гаргаад тэрийг хэрэгжүүлэх агентлагууд ажиллах ёстой шүү дээ. Гэтэл нөгөөх байгууллагуудаасаа цол зэргээ авдаг. Тэр байгууллагаас ирсэн гээд яамны ажлыг мэдэхгүй хүмүүс сууж байсан. Үнэхээр агентлагууд өөрсдийн эрх ашиг, ажлын арга барилаа ярина гэж байгаа бол сайдын зөвлөл дээр юмуу эсхүл сайдын уулзалт хурал дээр санаа бодлоо илэрхийлэх ёстой. Түүнээс биш бие даасан улс шиг Элчин сайдаа суулгаж байгаа юм шиг хандаж болохгүй. Энэ мэтчилэн ойлгомжгүй, тодорхойгүй чиг үүрэгтэй албан хаагчдын орон тоог цөөлсөн. Заримдаа бол ямар ч шаардлаггүй албан хаагчдыг Хууль зүйн яам тэжээж байсан тохиолдол ч бий.
–Хэдэн албан хаагч ажлаасаа чөлөөлөгдсөн бэ?
-Давхцсан чиг үүрэгтэй болон дээрх үндэслэлэээр арав гаруй хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Гэхдээ бүгдийг нь яамнаас гаргахыг зориогүй. Үнэхээр ур чадвартай мэргэжилтнийг бусад шаардлагатай орон тоонд сэлгэж ажлуулах зэргээр зохицуулалт хийсэн. Одоогоор эцсийн байдлаар тоо гараагүй байна. Зургаан хүн гарч байгаа. 4-5 хүн бусад яам агентлаг руу шилжсэн.
-Намын харьяалалаар ажлаас нь халсан гэх мэдээлэл ч байх юм. Шинэ орон тоо бий болсон уу?
-Уучлаарай. Хууль зүйн яамд намын мэргэжилтнүүд байхгүй. Намын харьяалалаас болоод ажлаасаа гарч байна гэвэл сонин. Яахаараа намын харьяалалтай хүн Хууль зүйн яамд ажиллаж байдаг юм. Хууль зөрчсөн байна шүү дээ. Ер нь бол намын харьяаллаар аливаа асуудлыг шийдээгүй. Манай яам намын харьяалалаар ч боловсон хүчнээ авдаг яам биш. Түрүүн хэлсэн ажлын ур чадвар, бодлогын зөрүүнээс болоод МУИС-ын нэг ангийн төгсөгчөө “Уучлаарай, ажлаасаа чөлөөгдөнө үү” гэж хэлж буй тохиолдол байна шүү дээ. Өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд энэ салбарт өөрчлөлт, шинэчлэл хийх ёстой гэж ярихаар эсэргүүцэж байсан хүмүүстэй хамтарч ажиллаж чадах уу. Чадахгүй шүү дээ. Би асуусан. Бодлого дэмжиж ажиллах уу гэхэд өөрсдөө тэгье хэлээгүй. Тийм гэж хэлэх ёс суртахуун ч байхгүй. Өмнөх дөрвөн жилд миний бодлогыг эсэргүүцсэн ярилцлага сонин хэвлэлээр өгч байсан хүн одоо болохоор “Таныг дэмжиж ажиллая” гэж хэлэх юм бол ноён урваач, нохой шарваач гэдэг шиг юм болно биз дээ. Тийм учраас чадахгүй нь гэж хэлээд гарч буй хүн бий.
-Өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал болж байна. Давж заалдах шатны шүүхээс гомдлыг нь хэлэлцээд үндэслэлгүй гэж үзэх юм бол “Шударга ёс” эвслийнхэн Засгийн газраас гарна гэсэн мэдээлэл чих дэлсээд удаж байна. Энэ хэр үндэслэлтэй юм бол оо?
-Огт тийм зүйл байхгүй. Засгийн газрын асуудал шүүхийн байгууллагын ажлаас тусдаа гэдгийг анх бид хэлж байсан. Тэр байр суурь хэвээрээ. Яагаад гэвэл Засгийн газар байгуулагдахдаа МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой гэрээ хийсэн зүйл огт байхгүй. Тийм яриа ч байхгүй. Би Хууль зүйн сайдын хувьд хэлье. Шүүх, хуулийн байгууллагын үйл ажиллагаанд Хууль зүйн сайд оролцох боломж байхгүй. Шүүх бол шийдвэрээ гаргана биз. Ямар шийдвэр гаргахыг нь би мэдэхгүй. Шүүхийн шийдвэр яаж гарснаас шалтгаалаад Хууль зүйн салбар өөрчлөлт орохгүй. Засгийн газрын тогтвортой байдалд ч нөлөөлөхгүй.
-Эрүүгийн хуульд ямар ямар шинэчлэлийг хийхийг зорьж байна вэ?
-Ер нь бол манай ял шийтгэлийн бодлого буруу. Ялын зүйлчлэл хэтэрхий цөөхөн. Тийм учраас ялын бодлогыг шинэчлэх хэрэгтэй. Шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чадвар хуулийн байгууллагад үнэхээр байхгүй. Тухайлбал, авлигалын хэргийг шалгахад учир дутагдалтай болж байна шүү дээ. Зохион байгуулалтай гэмт хэрэг гэхэд л социлизмийн үеийн гэмт хэргээс шал өөр. Зохион байгуулалтай төрийн өмч хулгайлах , мөнгө угах гэдэг ч юм уу шинэ төрлийн эдийн засгийн болон эрүүгийн хэргүүд гарч эхэлсэн. Жирийн иргэд хараад ойлгохооргүй гэмт хэргүүд их гарч байна. Ашиг нь маш их үнийн дүнгээр илэрхийлэгддэг. Эрх мэдэлтэй мэргэжилтнүүд холбогдож үйлдэгдсэн хэргүүд гарч байна. Ийм төрлийн гэмт хэргүүдийг шалгахад шинэчлэл хийх хэрэгтэй.
-Танай салбарт хувийн ашиг сонирхолын зөрчилгүй албан хаагчид томилогдлоо гэж ойлгож болох уу?
-Хууль зүйн салбарт хувийн эрх ашгийг үнэлэхэд хэцүү л дээ. Шинэ томилооонд дотор томоохон аж ахуй эрхэлдэг хүн байхгүй. Нөгөөтэйгүүр төрийн ажил цалгардуулаад хувийн бизнесээ хийгээд явах хүн байхгүй. Бүгд мэргэжлээрээ ажиллаж байсан хүмүүс.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ