
Чөлөөт бөхийн үндэсний шигшээ баг тамирчид өнгөрөгч баасан гаригт Канад улсад хөл тавьжээ. Ирэх амралтын өдрүүдэд Канадын Страткона хотноо болох ДАШТ-ий бэлтгэлээ манай бөхчүүд Ванкуверийн "Burnaby Mountain" бөхийн клубийн бөхчүүдтэй дөрвөн хоногийн турш хамтран базааж байна. Манай эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид ДАШТ-ээс алтан медаль 1 (С.Батцэцэг-2010), мөнгөн медаль 3 (О.Бурмаа-2009, Д.Отгонцэцэг-2011, Б.Оюунсүрэн-2011), хүрэл медаль 5 (Ц.Энхжаргал-2005, Д.Нармандах-2007, О.Насанбурмаа-2008, 2011, Т.Одончимэг-2010) бүгд 9 медаль хүртээд байгаа юм. Ялангуяа 2011 оны ДАШТ-д маш амжилттай оролцож, гурван медаль хүртэж багийн дүнгээр түүхэндээ анх удаа дэлхийн шилдэг гурван багийн эгнээнд багтсан билээ. Манай эмэгтэй бөхчүүд ДАШТ-д 11 дэх удаагаа оролцох гэж байна.
Эмэгтэй чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох бүрэлдэхүүн
48 кг Б.Даваасүрэн. Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт, ДАШТ-д анх удаа оролцож байна. /“Хангарьд” клуб/
51 кг Д.Отгонцэцэг. 2011 оны ДАШТ-ий мөнгөн медальт, ДАШТ-д 5 дахь удаа оролцож байна. /“Мега-Старс” клуб/
55 кг Б.Номин-Эрдэнэ. ДАШТ-д 2 дахь удаа оролцож байна. /“Хангарьд” клуб/
59 кг Т.Мөнхтуяа. ДАШТ-д анх удаагаа оролцож байна. /“Аварга” биеийн тамирын дээд сургууль/
63 кг О.Насанбурмаа. ДАШТ-ий хошой хүрэл медальт, ДАШТ-д 6 дахь удаагаа оролцож байна. /“Хүч” спорт хороо/
67 кг Ц.Баярзаяа. ДАШТ-д 2 дахь удаагаа оролцож байна. /“Мега-Старс” клуб/
72 кг Б.Одончимэг. ДАШТ-ий хүрэл медальт, ДАШТ-д 6 удаагаа оролцож байна. /“Алдар” спорт хороо/
Дашрамд сонирхуулахад Ванкуверийн "Burnaby Mountain" клубт Монголын шилдэг дасгалжуулагчдын нэг, олон улсын хэмжээний мастер Н.Лхамсүрэн ажилладаг билээ.
М.Хатанбүүвэй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ