Хүмүүжигчдийн бүтээлийг хорих ангийн албан хаагчид борлуулж өгдөг үү

img

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хорих ангид хүмүүжигчдийн ахуй байдлаас өгсүүлээд ажил эрхлэх, сургалт сурталчилгаанд хамрагдах зэрэг олон талын асуудалд нь анхаарал тавьдаг. Тэгвэл өнгөрсөн жил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой тохиосонтой холбогдуулан олон төрлийн арга хэмжээ өрнүүлж, уран сайхны кино хүртэл гаргасан байдаг. Харин хорих ангиудад хүмүүжигчдийн мэдлэг боловсрол, хувь төлөвшилд хэрхэн анхаарч буй нь мэдэгдээгүй гэхэд хилсдэхгүй. ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад хүмүүжигчид гар урлалын бүтээл хийх нь олонтаа бөгөөд ялангуяа уран  хатгамал, сийлбэр, уран зураг, хайчилбар, морин хуур зэргийг хэнээс ч дутахааргүй хийдэг болохыг ойн хүрээнд болсон нээлттэй хаалганы өдрөөр цөөнгүй хүн мэдэж авсан. Маш нарийн хийцтэй гөлөм, хусуур болон чамин хээгээр гоёсон уран хатгамал, монгол гутал, хайчилбар, зураг тэргүүтнийг харахад үнэхээр гайхалтай санагдсаныг нуугаад яахав. Харин эдгээр бүтээлийг урласан хүмүүжигчид материалаа хаанаас олж авдаг, бэлэн болсон бүтээлээ хэрхэн худалддаг талаар ШШГЕГ-ын харьяа хорих ангийнхан ийн тайлбарласан юм. “Хүмүүжигчид гар урлалын бүтээлээс гадна блок, өнгөт хавтан зэрэг олон зүйл хийдэг. Харамсалтай нь, тэдний хийсэн бүтээлийг худалдаж авах юмуу энэ тал дээр хамтарч ажиллах байгууллага, аж ахуйн нэгж алга. Хорих ангийн албан хаагчид л эдгээр зүйлсийг нь бусдад зарж, борлуулах арга хэмжээ авдаг юм. Түүхий эд, материалыг нь хорих ангиас нийлүүлдэг учраас зарж борлуулсан бүтээлийн орлогоос 80 хувийг нь авна. Үлдсэн 20 хувийг нь тухайн хүмүүжигчид олгодог” гэсэн тэдний тайлбараар бол хүмүүжигчид хийсэн бүтээлээ зарж борлуулахад ихээхэн хүндрэл тулгардаг бололтой. Хэдийгээр нийгэмд гэм буруутай үйлдэл хийж эрх чөлөөгөө хасуулсан ч гэлээ, тэдэнд ажил хөдөлмөр эрхлэхэд болохгүй гэх газаргүй баймаар. Төмөр тор, хүйтэн хананы дунд элгээ тэврэн гиюүрч суулаа гээд хожих зүйл ч бас үгүй биз ээ. Хорих ангид хүмүүжигчдийг нийгэмшүүлэх, ажил хөдөлмөр эрхлэхэд нь туслалцаа үзүүлэх, мэргэжлийн сургалтанд хамруулах гэх мэт олон ажлыг ШШГЕГ-аас зохион байгуулдаг юм билээ. Тэгвэл гарын ур дүй сайтай, авьяас чадвартай хүмүүжигчид ойр зуурын гар урлалын бүтээлээс гадна нийгэмд тустай олон ажил хийх боломжтой санагдана. Магадгүй, гэр ахуйн модон эдлэл үйлдвэрлэдэг компани болон дархан, мужааны газрууд ч хорих ангиудтай хамтарч ажиллаж яагаад болохгүй гэж. Тэнд ямар их ажлын хүч, идэвх чармайлт байгааг олж харах л хэрэгтэй. Хорих ангид хүмүүжигчид өдөр хоногийг өнгөрөөж ядан, сэтгэл санаагаар унаж, хүсэл мөрөөдөл нь унтран ирээдүйдээ итгэх итгэл нь алдарч суугааг хэн бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Хэрэв ямар нэгэн ажил эрхэлж, цагийг үр дүнтэй өнгөрүүлэхийн сацуу багахан боловч мөнгөн хуримтлал үүсгэж, эдлэх ёстой ялаас ажлын хоног хасуулах боломж гарвал тэд ч гараа хумхиж суухгүй нь мэдээж. Зарим хүмүүжигчдийн сэтгэгдлийг сонсч байхад “Зүгээр сууж өдөр хоногийг барна гэдэг ямар хэцүү гээч. Хийсэн үйлдэлдээ гэмшиж, ахиж алдахгүй шүү гэж өөртөө сануулж байгаа нь үнэн. Гэхдээ ямар ч хамаагүй ажил хийж, цаг хугацааг мартахыг хүсдэг маань буруу биш шүү дээ. Чадах чадахгүй нь хамаагүй. Итгэл хүлээлгэж өгсөн ажил байвал юу ч хийсэн яахав дээ” хэмээн харуусангуй ярьж байса удаатай. Үнэхээр хорих ангиудтай хамтарч ажиллах, хүмүүжигчдийн хүч хөдөлмөрийг үнэлж чадах албан байгууллага, компани хэр олон байгаа бол... “Гэм хийчихээд гэдсээ тэжээлгэж суулаа” гэж чичлэхийн оронд тэрхүү бэрх газарт хоригдож буй хүмүүжигчдэд ажил эрхлэх боломж гаргавал уг нь хэн хэндээ хэрэгтэй л баймаарсан даа. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hi:
hynagch nar ugaasa naash tsashaa ym hum bolgodo gej yrdiishdee
2013-02-15
batdelger:
araich dee blok oldohgvi bhad avah hvn bhgvi bna gedeg hudlaa za
2012-09-25