Өдөр ирэх тусам хүйтэн сэрүүн болж байна. Хаа сайгүй л өвлийнхөө бэлтгэлийг базааж эхэллээ. Энэ өдрүүдэд “Цайз” захын орчимд шар торноос ч багаар савлагдсан жижгэвтэр ууттай нүүрс 1500-2000 төгрөгөөр зарагдаж байгаа бол мод 1500-1800 төгрөгийн үнэ ханштай байна.
Энэ нь зөвхөн тэтгэвэр болоод халамжийнхаа хэдэн төгрөгөөр өдрийн хоолоо залгуулдаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндээр тусч байна. Харин энэ хүмүүсийн зарим нь хуулиа сайн мэддэггүйгээсээ болж улсаас жилдээ нэг удаа олгодог тэтгэмжид хамрагдаж чадахгүй өнгөрөх нь их байдаг. Тиймээс бид энэ удаад нийгмийн халамжийн сангийн тэтгэмжийн талаар ЧД-ийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Эрдэнэбаатараас тодрууллаа.
-Нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст зориулсан ямар ямар тэтгэмж байдаг вэ?
- Олон тэтгэмж байдаг. Гэхдээ олонх иргэд хуулиа мэддэггүй учраас хамрагдах нь цөөн байдаг. Тухайлбал “Халамжийн хуулийн” дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэн, алдар цолтой ахмад настан, ганц бие харж хандах хүнгүй ахмад настанд жилд нэг удаа түлээ, нүүрсний мөнгө гэж олгодог. Мөн бүрэн хараагүй, бүрэн хэлгүй, дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа 150 000 төгрөгийн мөнгөн тусламж олгодог. Уг нь бол өнгөрсөн долдугаар сард нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, 200 мянган төгрөг болгосон. Гэхдээ шинэ хуулийн санхүүжилт одоог хүртэл орж ирээгүй байна. Аравдугаар сарын 1-нээс эхлэн бид материалаа авч эхэлнэ. Тэр үед л шинэ хуулиараа иргэд мөнгөн тусламжаа авах уу, хуучин хуулиараа авах уу гэдэг нь тодорхой болно байх.
-Энэ төрлийн халамжид хамрагдахын тулд хаана, яаж хандах хэрэгтэй вэ? Ямар бичиг баримт бүрдүүлдэг юм бэ?
- Эхлээд өргөдлөө бичээд, харьяа хорооныхоо халамж хариуцсан мэргэжилтэнд хандах ёстой. Тэрийг нь дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийнхэн эмнэлгийн комиссын дүгнэлтийг харгалзан үзэж, түүний дараа мөнгө олгогдоно.
- Жилд хэдэн хүнд өгдөг юм бэ? Тооны хязгаарлалт байгаа юу?
- Тооны хязгаарлалт ерөөсөө байхгүй. Зөвхөн хуулийн заалтад нийцүүлж олгоно.
- Хүмүүс танайд өргөдлөө өгч эхэлсэн үү?
- Бид нар өргөдлөө авч эхлээгүй байна. Удахгүй санхүүжилт нь орж ирэхээр иргэдийн өргөдлийг хүлээн авна аа.
- Энэ мөнгийг хэзээнээс эхлээд өгч эхлэхээр байна вэ?
-Аравдугаар
сар гаргаад бид өргөдлөө авч эхэлнэ. Тэгээд санхүүжилт ороод ирвэл хучин авч байсан хүмүүс манай программ дээр бүртгэлтэй байгаа учраас тэр хүмүүстээ эхний ээлжинд олгоно.
- Хэдэн сар хүртэл мөнгөн тусламж үзүүлэх вэ?
- Он гартал үргэлжилнэ.
- Танай дүүргийн тухайд хичнээн хүн энэ тэтгэмжид хамрагддаг вэ?
- Манай дүүрэг нийт 153 мянган хүнтэй. 2000-2500 иргэн энэ төрлийн тэтгэмжид хамрагддаг. Жилд зарим нь хасагдаж зарим нь нэмэгддэг гээд бага зэргийн хэлбэлзэл байдаг.
Б.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ