Н.Түвшинтөр: Далай багшийн номын хуваарьт Монгол орсон

img

Дээрхийн  гэгээнтэн XIV Далай лам ирэх арваннэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Энэтхэг улс дахь өөрийн залран буй Дармасала хотноо нийт монголчуудад зориулж монгол орчуулгатайгаар ном айлдана. Далай багш Монголд анх 1979 онд морилсноос хойш Монголд ердөө найман удаа ирж бурхан номын үнэт сургаалиа айлдсан байдаг. Тиймээс энэ эрхмийн бурхан номыг нь даган баясах дуртай монголчуудад Далай багштай хүртээмжтэй уулзах боломжийг “Монгол Сүнчой” олгож байна. Энэ арга хэмжээний талаар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчинлэн хийдийн Дашчоймбон дацангийн лам Н.Түвшинтөртэй ярилцлаа.  -Далай багш монголчуудад хэзээнээсээ элэгтэй. Энэ удаа ч мөн адил монголчуудад зо­риулж ном айлдахаар болж. Энэ­хүү буян­тай ажлынхаа та­лаар со­нир­хуулахгүй юу? -Далай багшийн монголчуудад зориулсан ном айлдвар арваннэг­дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд болно. Далай багш 1959 онд Түвдээс дүрвэн гарч Энэтхэгт очсоноосоо хойш дэлхийн олон орноор аялан бурхны шашны ном номлол сургаал, гүн ухааны талаархи сургаал айлдваруу­даа айлдаж дэлхий нийтэд таниулсан. Үүний үр дүнд бурхны шашинтны бус дэлхийн олон орон тэр дундаа өндөр хөгжилтэй барууны орнууд бурхны шашны ном номлол гүн ухаан, филосо­фийн талаар бүрэн мэдлэгтэй болсон. Далай багшийн хувьд дэлхийн бүх орноор нэгэн зэрэг очих боломж хомс байдаг юм байна. Тэгээд 1980-аад оноос хойш бурхан шашныг сонирхон судалдаг хүмүүс хүсэлтээрээ  Далай багшийн Дармасала хотод ирж ном айлдвар сонсдог болсон юм билээ.  Япон, Солонгос, Тайланд, Орос зэрэг орнууд тус бүр номын өдөртэй. Тэр өдрүүдээрээ Дармасала хотод очоод лекцэнд нь суудаг. Далай багш Жан­рай­сагийн хувилгаан гайхамшигтай хүн шүү дээ. Мөн бурхны шашны гүн ухаа­ныг төгс эзэмшсэн эрдэмтэн, өөрөөр хэл­бэл дэлхийд хүлээн зөв­шөө­рөгд­сөн илтгэгч төдийгүй, хамгийн дээд ном номлох насан дээрээ яваа хүн. Хэ­дий­гээр Далай багш хүн болгонд хүрч номлох боломжгүй ч хүмүүс үргэлж ном айлдварыг нь сонсох гэж хүсч хү­лээж байдаг. Тиймдээ ч дэлхийн олон улс номын өдөрт нь оролцож байдаг юм билээ. Харин энэ жилээс манай мон­голчууд номын хуваарьт нь орж байгаа.  Манай Монгол, Түвд хоёр улс шарын шашинтай. Тэр дундаа бурхан шашны глүгэн урсгал өндөр хөгжсөн улс мөртлөө номын өдөр байдаггүй. -Номын хуваарьт нь орох саналыг анх хэн гаргасан юм бол? -Далай багш анх 1979 онд Монголд анх морилж байсан.  Түүнээс хойш найман удаа ирсэн. Нэг  үгээр хэлбэл 33 жилийн дотор наймхан удаа ирсэн байна. Монголд  саатах хугацаандаа цаг наргүй хөтөлбөртэй, олон нийтэд хүртээмж муутай байсаар байгаад буцдаг. Тиймээс энэ бүхнийг харгал­заад Далай багшийн тодруулсан  найм дахь дүр Данзанжамбалчойжишинэн хутагт Далай багшид монголчуудад зориулсан номын өдрийн цагийн ху­ваарь­тай болгож өгөөч гэсэн санал тавь­сан. Үүнийг Далай багш талар­хал­тайгаар хүлээж аваад монголчуудыг хүрээд ирэх юм бол ном айлдаж өгье гэж ажлын цагийн хуваарьтаа оруулсан байгаа. -Далай багшийн сургаалийг сонсохыг хүссэн иргэд ямар хуваарьтайгаар явах вэ? -Далай багшийн номонд хүмүүсийг хүргэхийн тулд олон ажил зохион байгуулж байгаа. Үүний нэг нь  шууд нислэг гаргаж байна. Шууд нислэг арваннэгдүгээр сарын 18-нд Дарма­сала хотод очоод Амритсар хотод бууна. Энэ хот Дармасалагаас 200 гаруй км-ийн зайтай оршдог. Тэгээд энэ хотоос лам нар автобусаар тосно. Эндээс буудлуудаа сонгох юм. Энэ бүх ажлыг Энэтхэгт сурч байгаа лам нар зохион байгуулж байгаа. 20-ны өдөртөө Далай багшийн хурал хурдаг Намжил дацанд монголчууд ар гэр аав ээж, үр хүүхдэдээ ном хуруулбал бүгдийг нь зохион байгуулж өгнө. Тэгээд 21,22-ны өдөр номын үйл ажиллагаа болоод 23-нд буцаж ирэх юм. Бид монголчуудаа аль болох хямд зардлаар Далай багшийн номонд оролцуулахыг зорьж байна. -Нислэгийн үнэ тарифын хувьд? -Энгийн суудал 1300 ам. доллар, бизнес суудал 1700 ам. доллар байх юм. 500 гаруй хүний суудалтай хоёр онгоц ниснэ. Номын авшиг, адис авахаас гадна монголчуудад Далай багшийг ойртуулахыг чухалчилж бай­гаа. Хурлын төгсгөлд Далай багш монголчуудыг хүлээж авна. -Ямар номууд айлдах вэ? -Сэржи ян шүн буюу бодь мөрийн зэргийн хөтөлбөр тунгаамал алт, Очирвааний ван авшиг зэргийг айлдана. Бодь мөрийн зэргийн тунгаамал алт номыг анх гуравдугаар Далай лам Содномжамц монголчуудад зориулж айлдсан. Гуравдугаар Далай лам Алтан хаантай уулзаад Монголд анх морилох үеэр Монголын 40 лам бидэнд гэгээрэлд хүрэх сайн ном хайрлаач гэхэд Бодь мөрийн зэрэг тунгаамал алт номыг айлдсан юм билээ. Тэгээд тэдгээр 40 лам тэр дагуу бясалгал хийгээд гэгээрэлд хүрсэн гэсэн бурхны шашны түүх байдаг юм.  Очирвааний хувьд манай монголчууд очирвааны орон монголчуудыг даадаг гэсэн үг бий. -Номоо ихэвчлэн залуучууд руу хандуулахыг зорьж байгаа гэсэн. Ер нь ч Далай багш залуу­чуу­дыг бурхны сургаалиас сонсч зөвөөр сэтгэж төлөв­шөө­сэй гэдэг бодлыг дандаа өвөр­лөж явдаг хүн шүү дээ? -Манайхан сүүлийн үед бурхны шашны мөн чанар, гүн ухаан нийтлэг ойлголтын талаар дутмаг юм шиг санагддаг. Энэ утгаар номоо залуучууд руу хандуулахыг чухалчилж байгаа. Яагаад гэвэл бурхны шашны хамгийн өндөр хутагт хувилгаан гэвэл Далай багш учраас бурхан шашны мэдлэг олгож айлдах хүн түүнээс өөр байхгүй. Тиймээс ард түмэн маань эндээс бурхны шашны гүн ухаан, ёс заншил, сургаал үгийг ойлгож авна гэсэн үг. Нөгөө талаас хувь хүнээс гадна улс гүрэнд хэрэгтэй. Учир нь Монголоо төлөөлөөд номонд суухад тэр улсад нэн тустай зүйл болох нь тодорхой. Д.Нэргүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ