Урагшгүй дарга нарын балгаар утаатай хийх байлдаанд Улаанбаатарчууд ялагдах уу

img

-II ЦАХИЛГААН СТАНЦААС БОЛЖ БОЛОВСРУУЛСАН ТҮЛШГҮЙ ӨВӨЛЖИХ НЬ- Анхны цас орчихлоо. Утаа гэдэг аймшиг биднийг хүлээж байна. Утаатай байлдах команд хэдийнэ ажлаа эхэлсэн ч хэт улстөржсөн хандлага тэдний ажилд тушаа болж байна, болсоор ч ирсэн. Гишүүд сайд дарга нар айлд орж утаагүй түлшээрээ галлах хүртэл шоуддаг. Гэсэн хэр нь тэр түлшийг нь үйлдвэрлэх тендерээ маапаантай сонгожээ. Жишээ нь хуучин Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтын “Амор интернэшнл” компанид боловсруулсан түлш үйлдвэрлэх тендер өгсөн байна. Түлш гаргах 20 тэрбум төгрөгийнхөө 80 хувийг авчихаад, өвөл хаяанд ирчихээд байхад ганц шуудайг ч үйлдвэрлэж чадахгүй нь гэдгээ хэлжээ. Яасан гэхээр технологи нь буруу байж гэж тайлбарласан. Хүйтний ам хаяанд ирчихээд байхад түлшийг нь өгч чадахгүйгээ хэлсэн экс сайд Д.Зоригт ба түүний нөхдийг хуулийнханд шалгуулах яриа ч гарч байгаа. Ямар ч гэсэн түүхий нүүрс түлэхгүй байх хязгаарлалтын бүсийг дахин шинээр тогтоосон. Нийслэлийн агаарын чанарын албаны гэр хороолол хариуцсан мэргэжилтэн Э.Эрдэнэбаатарын энэ талаархи яриаг хүргэе. -Ирэх өвөл утаагүй түлшийг гэр хорооллын айлуудад ямар журмаар түгээх юм. Хязгаарлалтын бүсийг хаагуур яаж тогтоов? -Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн агаарын чанарын байдлыг сайжруулах хязгаарлалтын бүс гэж шинээр тогтоосон. Үндсэн дөрвөн хэсэгт хуваасан байгаа. Эхний хэсэг нь түүхий нүүрс хязгаарлах бүс. Баянгол дүүргийн гэр хорооллынхон хамрагдана. Ерөнхийдөө боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үйлдвэрүүдийнхээ хүчин чадлаас хамаарч л Баянгол дүүргийнхэн гэж сонгосон. Энэ дүүргийн 12461 айл өрх боловсруулсан түлш түлж утааг багасгахад хүчин зүтгэнэ. Хоёрдугаарт нь орон сууцны дундахь манаачийн шовгор, “түц”-ний түүхий нүүрсийн хэрэглээг хязгаарлана. Мөн ил задгай хог шатаахгүй байх үүднээс энэ бүсийг тогтоосон. Манаач, “түц”-нийхэн түүхий нүүрсээр аж ахуй нэгж, байр орон сууцаа халаахгүй байна. Үүний оронд хийн болон цахилгаан халаагуур гэхчлэн  эрчим хүчний дэвшилтэт технологийг хэрэглэхийг санал болгоно. Гуравдахь хязгаарлалтын бүс нь өнгөрсөн жилийн бүрэн шаталттай зуух хэрэглэж байсан бүс. Энэ бүсэд хамрагдаж байсан 80 гаруй мянган айлаас зуухаа аваагүй үлдсэн айлуудыг зуухжуулна. Дөрөвдүгээрх нь өнгөрсөн жил бүрэн шаталттай зуух аваагүй бүс. Үүнд өнгөрсөн жил бүрэн шаталттай зуух аваагүй хороодын айл өрхүүд орно. Гэхдээ Баянгол дүүргээс бусад хороод. Налайх дүүргийн 7 хороотой нийлээд 42 хорооны 79605 айл өрх хамрагдаж байгаа. -Өнгөрсөн жил утааг 15 хувиар буурууллаа гэж албан ёсоор мэдэгдэж байсан. Энэ жил энэ хувь хэмжээ хэр өсөх вэ. Ер нь Улаанбаатарыг яг төдөн онд утаагүй болгоно гэсэн тооцоо, судалгаа байна уу? -Өнгөрсөн жил тогтоосон хязгаарлалтын бүсэд 50 хороог хамруулсан байгаа. Үүний 43 хороог бүрэн шаталттай зуухтай болох төсөлд хамрагдсан. Бүрэн шаталттай зуух гэдгийг турк зуух гэж нэрлээд байгаа шүү дээ. Энэ зуухыг авсан айл өрхүүд жилд хэрэглэдэг байсан түүхий нүүрснийхээ хэрэглээг 50 хувиар бууруулна гэж тооцоолсон. Ингээд тооцоод үзэхэд 15 хувь гэж гаргасан. Энэ жилийн хязгаарлалтын бүсэд байгаа айл өрхүүд бүрэн шаталттай зуухаа бүрэн авч дуусаад, дээр нь Баянгол дүүргийнхэн боловсруулсан түлшээ хэрэглэх юм бол агаарын бохирдол 50 хувь буурах боломжтой гэж үзэж байгаа. -Боловсруулсан түлш гэж яриад байгаа. Хоёрдугаар цахилгаан станц хажуудаа түлш боловсруулах үйлдвэр байгуулна гэсэн ямар шатандаа яваа вэ? -ТЭЦ-2-ын хувьд хүчин чадлаараа ажиллавал жилд 210 мянган тонн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай гэж анх гэрээ байгуулсан. Гэхдээ өнөөгийн байдлаар энэ үйлдвэр ямар нэгэн түлш үйлдвэрлэж гаргах боломж харагдахгүй байгаа. Үйлдвэр нь хэзээ ашиглалтад орох нь мэдэгдэхгүй байна. Харин бид бусад жижиг аж ахуйн нэгж, дээр нь нийслэлийн өмчийн үйлдвэрүүдтэйгээ гэрээ байгуулсан. Энэ үйлдвэрүүдийнхээ хүчин чадлыг тооцоолоод Баянгол дүүргийн 9 хорооны айл өрхүүдийг боловсруулсан түлшээр хангахаар болсон. Ер нь ТЭЦ-2 хагас коксжсон түлшээ үйлдвэрлээд эхэлчихвэл Нийслэлийн гэр хорооллын 60 хувийг боловсруулсан түлшээр хангах боломжтой. -ТЭЦ-2 яг юун дээр нь очоод гацчихаад байгаа юм бэ? -Тэрийг ёстой мэдэхгүй. Уг нь Нийслэлийн агаарын чанарын албаныхан утааг бууруулах хэрэгтэй. Та хэдийн ажил юу болж байна гээд хоёрдугаар цахилгаан станц руу зориод очсон юм байна. Харин технологийн нууц гээд ажлын явцаа харуулаагүй аж. Ер нь боловсруулсан түлш үйлдвэрлэх ёстой компаниуд бүтэл муутай байгаа. Өнгөрсөн жил л гэхэд  Баянгол дүүрэгт 33 мянган тонн боловсруулсан түлш нийлүүлэх ёстой байсан компаниуд энэ дүндээ хүрэхгүй 7,4 мянган толнн нүүрс нийлүүлжээ. Уг нь боловсруулсан түлш хэрэглэвэл бүрэн шаталттай зуухаас ч илүү үр дүнтэй юм байна. Санаагаар болдог бол гэр хорооллын айлуудыг бүрэн шаталттай зуухтай болгоод, боловсруулсан түлш хэрэглэдэг болгочихвол утаа гэдэг асуудал биш болчих гэнэ. ТЭЦ-2 гэх зэрэг бүтэл муутай компаниуд гүйх нохойд гүйхгүй нохой саад болдог үлгэрийг давтаагүй бол энэ өвөл утаагүй өвөлжих боломж байлаа. Ер нь хот хамаг байдгаа шавхаад 10 мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэж дөнгөнө. Энэ нь Баянгол дүүргийн 15 гэр хорооллын зөвхөн 9-хөн хороог хангана гэж байгаа. Ер нь хотын гэр хорооллыг боловсруулсан түлшээр хангая гэвэл 100 мянган тонн ч юу ч болохгүй. Утааг бууруулах түлшээ үйлдвэрлэхгүй байхад төлөвлөгөө гаргаад нэмэргүй. Утаагүй болох төлөвлөгөө байна, хэрэгжүүлэх шатандаа хариуцлага алдаж улстөржилт орсноос ирэх өвөл дахиад л утаан дундаа суунаглаж уушги элгээ хордуулах нь. Л.Заяа  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зоригт сонгуулийн сурталчилгаандаа 20тэрбумыг ашиглаад дахиад сайд болонгуутаа тавантолгойгоос мөнгө аваад үйлдвэр байгуулчихаад утаагүй нүүрс үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байсан байх нь
2012-09-28
Ghzhs:
Omnoh jilvvded utaa arilgan gej hutsaj mongo idsen hulgaichdiiig yllaj. Bolohgvi yu ter. Tusmaa batboldiin zasag 4 jil yrij 4 jil mongo. Idej 4 jil senhrvvlen horduullaa ydaj toroos gargasan mongoo olj. Avah. Heregtei batbold. Bol mongoliig bvheldni hulgailj. ZArsan luivarchin
2012-09-26
Борхүү:
Наад бизнез чинь анхнаасаа л тэц-2 ын захирал Үржинхүүгийн төмөрхуяг , МАН-ынхан санаачлан оруулсан бизнес шүү дээ . Ер нь ТЭц-үдийн захирлуудын сүүлийн 8 жилд хийсэн , хувьдаа маш их хэмжээний ашиг олсон бас нэг бизнэе бол монголын бүх ТЭЦ- үүдын захирлууд энхбаяртай холбоотой гээд байгаа ган бөмбөлөгийн бизнес шүү дээ Нүүрсний тээрмийн ШАР гэдэг юмаар тэд их хэмжээний ашиг олж , эрчим аүчний үнийг хөөрөгдсөн гашуун үнэн байгаа ш дээ . Наадуул чинь ёстой новшнууд байгаа юм. Баярбаатар гэдэг хүн бүгдийг удирдаж хийлгэж энхбаярт хахуулийг нь өгч байсан гэж боддог шүү
2012-09-26
sadsa:
Агаарын чанарын алба ч гэх шиг. Ийм луйварчид ийм төр засаг, яам удирдлагатай байвал Монголчууд утаанаасаа салж чадахгүй. Харин үүнийг ашиглаж ашиг олох хүмүүс л олон болно.
2012-09-26
Зоригт оросын мафитай нийлж мөнгө угаасан. Барьж суулга.
2012-09-26