Долоон тэрбум оюун ухаан
2011-10-31

Манай гариг долоон тэрбум иргэнтэй боллоо. Долоон тэрбум оюун ухаан гэсэн үг. Бөөрөнхий, тэгээд зогсолтгүй эргэлддэг дэлхий дээр хүн гэгчийг бусад амьтдаас ялгах гол онцлог нь оюун ухаан, чанар нь байдаг билээ. Түүнийгээ хүн чанар хэмээнэ. Тоо толгой нь ховордож цөөрсөн зарим төрөл зүйлийн амьтдаас илүү олон болж хурдацтай өсөж үржиж буй хүн төрөлхтөн өнөөдөр долоон тэрбумуулаа болж байна. Долоон тэрбумын хэд нь “чанар”-аа хадгалж явааг бурхан л мэдэх байх. Уг нь хүний тоо толгой өсөж нэмэгдэх тусам бөмбөрцөг маань улам оюун ухаанжиж чанаржих ёстой юм болов уу. Гэтэл бас үгүй ажээ. Хоорондоо арьс өнгө, үндэс угсаа шашнаараа талцан дайсагнаж чиний миний хэмээн хагаралддаг хүн төрөлхтөн анх бий болсноосоо хойш 1800-гаад оны үеэс л нэг тэрбумуулаа болсон гэдэг. Тэр цагаас хойш техник технологи, шинжлэх ухаан огцом хурдацтай хөгжсөнөөр бидний хүн ам огцом нэмэгдэж иржээ. 1974 онд дөрвөн тэрбумд хүрч байсан бол 1987 онд таван тэрбум, 1998 онд зургаан тэрбум хүрсэн. Тэгвэл дэлхийн зургаан тэрбум дахь иргэн босни жаал Адна Невик насанд хүрч амжаагүй байхад бид дараагийн тэрбумдаа хүрч буй нь энэ. Хүн чанар долоон тэрбум болсон мэдээг сонсоод баярлахын хажуугаар олон асуудал хаалга цохиж буйг анзаарах мэт. Цэнхэр гаригийнхаа хөрсөн доорхи байгалийн баялаг ашигт малтмалынхаа ихэнхийг нь хүмүүс бид ухаж хэрэглэчихээд үлдсэнийх нь төлөө амь хайргүй тэмцэлдэж, бөмбөрцөгийн хаа нэгтээ байгалийн баялаг ихтэй нэгэн рүү нь хүчирхэг гүрнүүд шүлсээ урсган дайрсаар байна. Хүнсний эрэлт хэрэгцээ нь байгаа нөөцөөсөө давчихсан, долоон тэрбумынх нь нэг тэрбум нь өлөн зэлмүүн хүнсий хомсдолд байгаа энэ нөхцөлд хүн амын нягтшил улам шигүү болохын хэрээр асуудал ч томоос том болж бөөгнөрсөөр байна. Хүн гэгч сүүлдээ дэлхий дээрээ багтахаа болиод хязгааргүй өсөн нэмэгдэж буй хэрэгцээнийхээ төлөө хүн чанараа орхин тэмцэлдэж эхэлжээ. Нэг л мэдэхэд арван тэрбум болох цаг удахгүй ирнэ. Тэр үед арван тэрбум хүний хэд нь өлөн зэлмүүн хөрст дээр гишгэж, хэд нь хэрэгцээгээ хангахын тулд хүн чанараа уландаа гишгэж бусдын газар нутаг руу зэвсэг агсан тэмүүлэх бол гэх айдас дэлхийн хаана ч өнөөдөр бий. Ийм цаг ирэхийг өвөг дээдэс маань мэдсэн мэт уудам цэлгэр нутгийнхаа хөрсөн доорхи баялгийг бидэнд үлдээх гэж амь хайргүй тэмцэлдэн эх орныхоо сөөм газар бүрийг хамгаалан үлдээжээ. Хүн төрөлхтөний өсөлт гэрлийн хурдаар нэмэгдэж өдөрт 200 мянган шинэ иргэн хорвоод мэндэлж байгаа энэ цаг үед улстөрчид маань өвөг дээдсийнхээ үлдээсэн хөрөнгийг гадныхантай хувааж идэх гэж байгаа мэт улайран хэрэлдэж суух нь толгой өвтгөм. Хүн төрөлхтөн арван тэрбум болж монголчууд бид гурваар ч тогтохгүй саяулаа болсон тэр цагт ирээдүй үед маань юу үлдсэн байх бол. Юу ч үлдээгүй бол бидний хүн чанар хэрэгцээнийхээ төлөө хүн чанараа гээх болно. Ундны цэвэр усны нөөц улам бүр хумигдаж Ази, Африк, Европт цэвэр усны хэрэглээ хомсдож буй энэ үед сэлүүхэн нутагт амьдрах гурван сая хүрэхтэй үгүйтэй бид гол мөрнөө ширгээж байгаль дэлхийгээ бохирдуулсаар л. Сүүлийн жилүүдэд дэлхийн өнцөг булан бүрт байгалийн гамшгууд өдөр дараалан болдог болж хүмүүс бидэнд үүгээр нэг юм сануулах гээд байх шиг. Харин азаар бурхан монголчуудыг мартаагүй бололтой. Цунами болж, үер усанд урсан живж, газар хөдлөлтөд дарагдан өлсгөлөн цангалтад уусах олон олон хүмүүсийн дэргэд монголчууд бид жаргалтай ажгуу. Гэхдээ жаргал даахгүйн зовлон гэгч үлгэрийг ард түмнээрээ амсахгүйн тулд долоон тэрбум иргэнтэй болж буй өнөөдрөөс эхлэн улстөрчид маань алсыг харж үндэстнээ бодож монголчууд биднээ удирдмаар. Хойд хөршид маань долоон тэрбум дахь иргэн мэндэлнэ гэсэн тооцооллыг мэргэжилтнүүд гаргасан гэнэ. Зүүний үзүүр дээр тогтох ховорхон хувь заяаг нь хүндлээд улаан нялзрай долоон тэрбум дахь иргэндээ аз жаргал хүсье. Хүмүүс бид дор бүрнээ хүн чанараа гээхгүйг хичээж долоон тэрбумуулаа чанартай байвал хэчнээн ч болж үржиж өссөн оюун ухаан гэгч хязгаар үгүй далай билээ. О.Нар    
Shuud.mn
Сонин хачин
Seven Semen ... Billion Hui Kids
2011-10-31