
Манай Shuud.mn цахим сонин есдүгээр сарын 20-ны өдөр “Мобиком”-ын нэгэн хэрэглэгчийн гомдлын мөрөөр сурвалжилж, “Магнай даргаа, “Мобиком” нэг л биш ээ” гэсэн гарчигтай хэрэглэгчдийн эрх ашгийг хөндсөн материал нийтэлсэн юм. Үүний мөрөөр Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар шуурхай ажиллаж, 9906... дугаар бүхий хэрэглэгчийн төлбөр тооцооны баримт дээр түшиглэн анхааралдаа авч, Монголын 1,3 сая хэрэглэгчийг төлөөлөн есдүгээр сарын 21-ний өдөр “Мобиком корпораци” ХХК-ийн ерөнхий захирал Р.Арвинцогтын нэр дээр шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад “Шууд.мн сайтад гарсан 9906... дугаартай хэрэглэгчийн гомдлыг яаралтай шалгаж, хариуг 2012 оны есдүгээр сарын 24-ний дотор манайд ирүүлнэ үү. ШӨХТГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч О.Магнай” гэжээ.
Шаардлагын дагуу тус компани шалгахад, тухайн хэрэглэгч нь хэрэглээ шалгах 510 тусгай дугаар болон Интернэтээр төлбөр тооцоогоо шалгах “My account” үйлчилгээний мэдээлэл нэг хоногийн хоцрогдолтой байдгийг андуурч ойлгосон байна. “Мобиком” корпорацийн дараа төлбөрт хэрэглэгчдийн төлбөрийн мэдээлэл шалгах 510 тусгай дугаар болон “My account” үйлчилгээний төлбөрийн мэдээлэл нь өөрийн сүлжээнд үйлчилгээ ашиглаж байгаа тохиолдолд тав хүртэл хоногийн хоцрогдолтой байдаг бөгөөд үүнийг хэрэглэгчтэй байгуулдаг гэрээний нөхцөлийн 10.2 болон “My account” үйлчилгээний вэб хуудсаар мэдээлдэг ажээ. Энэ талаар компанийн маркетинг болон олон нийттэй харилцах албаны ажилтнууд дээрх хэрэглэгчтэй уулзаж тайлбарлан, гомдлыг барагдуулсан байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт ШӨХТГ-т үүрэн телефоны 120 гаруй хэрэглэгч санал хүсэлт тавьсны үндсэн дээр тус газраас “Мобиком”, “Скайтел”, “Юнител”, “Жи-Мобайл” компанийн удирдлагуудтай харилцан зөвшилцсөний үр дүнд дараах гурван асуудлыг шийдвэрлэжээ. Үүнд, нэгдүгээрт ирэх 11 дүгээр сарын нэгнээс эхлэн үүрэн телефоны оператор дээрх дөрвөн компани хэрэглэгчийн ярианы тарифийг өмнө нь минутаар тооцдог байсныг больж, ярьсан секундээр тооцож төлбөрийг авдаг болох. Хоёрдугаарт, урьдчилсан төлбөрт тооцооны хэрэглэгчдийн ашиглаагүй мөнгөний дүнд хүү тооцох. Гуравдугаарт, дараа төлбөрт хэрэглэгчдийн олон жилийн турш компанийн дансанд байршуулсан барьцаа мөнгөнд хүү тооцож, төлбөр тооцоондоо нэвтрүүлэхээр болсон байна. Ирэх 10 дугаар сарын нэгнээс хэрэгжих эдгээр арга хэмжээний үр дүнд үүрэн телефоны хэрэглэгчдийн сарын төлбөр дунджаар 30 хувиар буурахыг мэргэжилтнүүд тооцоолжээ. ШӨХТГ-ын даргаар томилогдсон О.Магнай улсын ерөнхий байцаагчийн эхний долоо хоногийн ажлын үр дүн үүгээр зогссонгүй.
Тус газраас өнгөрсөн жил нефтийн бүтээгдэхүүн импортлогч компаниудад түлш, шатахууны үнийг үгсэн хуйвалдаж нэмсний улмаас тавьсан 17 тэрбум төгрөгийн торгуулийг сэргээсэн байна. 2011 оны сүүлчээр “Петрожамп”, “Магнай трейд”, “М-ойл”, “Шунхлай” зэрэг найман компанид тавьсан 17 тэрбумын торгуулийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан ШӨХТГ-ын даргын зөвлөлийн зургаан гишүүнийг О.Магнай дарга АТГ-т шалгуулахаар ханджээ.
Мөн Их, дээд сургуулиудын консорциум нэртэй төрийн өмчит тав, хувийн хэвшлийн 37 сургуулийг нэгтгэсэн байгууллага оюутнуудын сургалтын төлбөрийг үгсэн хуйвалдах замаар нэмэхээс өөр багш, оюутнуудын эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулдаггүй байна. Иймээс зөвхөн сургалтын төлбөрийг нэмэх зарчмыг урьтал болгосон учраас нэр бүхий сургуулиудад ШӨХТГ-аас торгууль тавив.
АПУ зэрэг архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч компаниуд брэнд нэрээр архины далд сурталчилгаа хийдгийг зогсоох, улмаар шар айрагны сурталчилгааны хамт хор холбогдлыг нь таниулах ажлыг зэрэг хийхийг холбогдох аж ахуйн нэгжүүдээс шаардаж байна. Мөн дотоодод савлаж үйлдвэрлэсэн шингэн сүүний 90 хувь нь хуурай сүү найруулж хийгээд шинэ, өтгөн, өег гэх мэт нэрээр хэрэглэгчдийг төөрөлдүүлэн борлуулж байсныг тогтоожээ. Иймээс эдгээр сүү үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний чанарт анхаарч, зах зээлд шударга өрсөлдөөн нэвтрүүлэхийг хатуу анхааруулав.
Манай улсад зарим эмийг 93 хувийн хөнгөлөлттэй үнээр хэрэглэгчдэд олгодог юм байна. Энэ зорилгоор улсын төсөвт жил болгон 10 тэрбум орчим төгрөг тусгадаг ч хэрэглэгчдэд ойлгуулдаггүй учраас мөнөөх их мөнгө хаашаа урсдаг нь тун ч тодорхойгүй байгаад ШӨХТГ хяналт тавихаар ажиллаж эхэлсэн байна. Зөвхөн энэ оны төсөвт 12 тэрбум төгрөг суулгаж өгснийг О.Магнай дарга хэвлэлийн бага хурал дээр мэдээлээд, 93 хувийн хөнгөлөлтэй үнэ бүхий эмийн жагсаалтыг нийтэд ил болгов.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ