Э.Нямсан: Нийтийн тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоо 10 хувьтай байна

img

Нийтийн тээврийн үзлэг оношилгоо эхэлсэнтэй холбогдуулан энэ ажлын талаар Нийтийн тээврийн үзлэг оношилгооны төвийн дарга Э.Нямсангаас тодрууллаа. -Нийтийн тээврийн үзлэг оношилгооны ажил хэдэн хувьтай байна вэ? -Нийтийн тээврийн хэрэгслийн техник хяналтын үзлэг оношилгоо энэ сарын 20-оос арваннэгдүгээр сарын 20-ны хооронд үргэлжилнэ. Одоогийн байдлаар нийт 214 тээврийн хэрэгсэл үзлэгт орсон. Өөрөөр хэлбэл нийт тээврийн хэрэгслийн 10 хувь нь оношилгоонд хамрагдаад байна. -Нийт хэчнээн нийтийн тээврийн хэрэгсэд оношилгоонд хамрагдах ёстой вэ? -Буухиа, туслах, үндсэн чиглэлийн гээд нийтдээ 2280 тээврийн хэрэгсэл үзлэг оношилгоонд орох ёстой. -Өдөрт хичнээн тээврийн хэрэгсэл оношилгоонд хамрагдаж байна? -40-50 тээврийн хэрэгсэлд оношилгоо хийж байгаа. Хуваарийн дагуу явбал хугацаандаа амжиж дуусах байх. -Тээврийн хэрэгслийг ямар зохион байгуулалтаар үзлэгт оруулж байна? -Их багтаамжийн автобусуудын хувьд компанийн зүгээс өөрсдөө дотроо графикаа гаргаж, хэдэн тэргээ оношлуулж, хэдэн тэргээ үйлчилгээнд гаргах вэ гэсэн зохион байгуулалтыг хийж байгаа. Харин такси, микроавтобусны хувьд бид нар хуваарийг нь гаргаж, түүний  дагуу үзлэг оношилгоондоо орж байгаа. -Зөрчил дутагдал хэр гарч байна? -Одоогийн байдлаар тэнцээгүй 10 тээврийн хэрэгсэл байна. Гурван их багтаамжийн тээврийн хэрэгсэл утааны асуудлаар, нэг такси тормос байхгүйгээс, бусдууд нь өнгө үзэмж, буудал зарлагч байхгүйгээс тэнцээгүй. Эдгээр тээврийн хэрэгслүүд бүгд гарсан зөрчлөө арилгасан тохиолдолд  хөдөлгөөнд оролцох боломжтой. -Нийтлэг зөрчлийг нэрлэвэл? -Том оврын автобусны хувьд буудал зарлагчаа л жигдрүүлэх хэрэгтэй байна. Таксины хувьд гэрэл дохион дээр зөрчлүүд нэлээд илэрдэг. Мөн 12 болон түүнээс дээш жил үйлчилгээнд явсан тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хориглодог. -Зөрчил илэрсэн тээврийн хэрэгслийн жолооч болон компаниудад ямар хариуцлага тооцдог вэ? -Жолоочид хариуцлага тооцохгүй. Компанид нь тухайн тээврийн хэрэгслийг засварт ороод дуустал нь уг тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргахгүй байх мэдэгдэл өгөөд, засуулсан тээврийн хэрэгсэл давтан үзлэг оношилгоонд ороод шаардлага хангаж байвал үйлчилгээнд гарна. Үйлчилгээний аюулгүй байдал, зорчигчийн ая тух, нийтийн тээврийн хэрэгсэлд тавигдах нэмэлт шаардлагууд нь хангагдаагүй бол мэдэгдэх хуудсуудыг явуулж, зохих арга хэмжээг авдаг. Ч.Алтанчимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ