
Хятад, Япон улсын Гадаад хэргийн сайдууд Нью-Йоркт болсон НҮБ-ын дээд уулзалтын дараа хоёр улсын хоорондох маргаантай Сенкаку арлын талаар уулзаж ярилцсан ч ямар нэг дэвшилд хүрсэнгүй.
“Хэдийгээр уур амьсгал бага зэрэг хүнд байсан ч Хятадын тал өөрийн байр сууриа илэрхийлж, сайд нар хэлцлээ үргэлжлүүлэхээр тохиролцсон” хэмээн Японы алба мэдээлжээ.
Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жечи Япон улсыг Хятадын нутаг дэвсгэрийн халдашгүй дархан байдалд ноцтой хохирол үзүүлсэн хэмээн буруутгасан юм. Тэрээр арлын талаар өөрийн нөхцлийг нарийн тайлбарласан байна. Үүний хариуд Японы сайд Коичиро Гемба Хятадын талыг саяхан болсон эсэргүүцэл, жагсаалаас болж хохироод байгаа хятад дахь японы бизнесүүдийн аюулгүй байдлыг хангахыг хүссэн байна.
Японы албаны мэдэгдсэнээр дипломат харилцааны нууцлалын улмаас сайд нар хэлэлцээрийн талаар нарийн мэдээллийг өгөхгүй байхаар тохиролцсон боловч албан ёсны түвшинд харилцаа холбооны сувгаа нээлттэй байлгах гэнэ.
Японы тал уулзалтын талаар олон нийтэд мэдэгдэл хийгээгүй ч уулзалтаас өмнөхөн төлөөлөгчид Токиогийн байр суурийг илэрхийлсэн юм.
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны орлогч дарга Наоко Саики хэлэхдээ “Энд ямар нэг шийдвэрлэгдээд байх асуудал байхгүй гэж бид үзэж байна. Учир нь түүхийн баримт болон олон улсын хуулийн дагуу Сенкаку арал нь Японы эзэмшилд зүй ёсоор багтана” гэжээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ