Beatbox Ray: Амьдрал надаас маш олон зүйлийг “нэхсэн”, би хэн болохоо харуулна

img

Монголын хөгжмийн ертөнцөд beatbox урлагийг хөгжүүлж, өөрийн гэсэн орон зайг бий болгосон авьяаслаг залуутай ярилцлаа. Охид залуусын дунд beatbox Ray нэрээрээ танил болсон Б.Нарандэлгэр өдгөө арлын Японд сурч буй бөгөөд эх орондоо түр хугацаагаар   ирээд байхад нь уулзсан юм. Монголын үндэсний beatbox-ын холбоо байгуулан улсын чанартай томоохон тэмцээн хүртэл зохион байгуулаад авсан түүнд хийж бүтээх ажил, сонирхуулах зүйл их байгаа нь мэдээж биз ээ. -Beatbox-ыг үндэснийхээ урлагтай хослуулж тоглосон залуу маань одоо ямар уран бүтээлээр бэлэг барих гэж байна вэ? -Сонгодог хөгжимтэй хослуулж тоглохоор бэлтгэж байгаа. Мөн янз бүрийн улс орны үндэсний хөгжимтэй цуг тоглох болно. Энэ мэт олон төрлөөр уран бүтээлээ өргөжүүлсэн учраас бэлэн болохоор нь залуустаа мэдээлэх болно. Үүний хажуугаар би Японд ирэх сарын 8-нд болох нэгэн томоохон тоглолтын бэлтгэл ажлыг хийж байгаа. Монголын үндэсний болон орчин үеийн урлагийг сурталчлан таниулдаг Ямакава гэдэг ахмад настан бий. Өмнө нь бараг 30-40 удаа тоглолт хийж, гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа болон бусад хамтлаг, дуучдыг урьж байсан юм билээ. Одоо уран бүтээлийн тайлан болгож, сүүлийн тоглолтоо томоохон хэмжээнд хийх гэж байгаа юм. -Японы хөгжмийн урсгал, өөрчлөлт зэргийг уран бүтээлч хүний хувьд хэр зэрэг тусгаж авч байна? -Харийн оронд байгаа гэдэг утгаараа, би үндэснийхээ урлагийг таниулах чиглэлээр түлхүү ажилладаг. Хип хоп, рок поп стилиэр уран бүтээл хийхээсээ илүүтэй монголын язгуур урлаг болон орчин үеийн урлагаа япончуудад хүргэх зорилготой ажилладаг. Энэ ч утгаараа, хөөмийтэй хослуулсан электро бүтээл хийсэн. Хөөмий дотроо их олон төрөлтэй шүү дээ. Миний хувьд исгэрээ, хархирааг нь хослуулаад beatbox электро хөгжим хийж байгаа. Япончууд маш их сонирхож байна лээ. Тэд хөөмийг их сайн мэддэг. Харин түүнийг нь beatbox-той хослуулна гэдэг бүр ч сонирхолтой. Би өмнө нь хөөмийн хархираатай хослуулдаг байсан бол, одоо нарийн исгэрээтэй илүү их хослуулж өвөрмөц аяз гаргахаар шийдсэн. Мөн дуурийн стиль болох тенор хоолойгоор beatbox хийх гээд л сонин содон юм их бий. -Beatbox-ын холбооны ээлжит тэмцээн өнгөрсөн жил товлогдсон ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон. Уг нь улсын хэмжээний тэмцээн, парад, шоу тоглолт гээд л их олон зүйлээр залуусыг хүлээлгэсэн дээ? -Тийм ээ, миний хувьд төлөвлөсөн зүйл олон бий. Энд тэнд beatbox-ын жижиг сажиг тэмцээн уралдаан зохиогдож байгааг дуулсан. Гэхдээ бид энэ бүхний дунд холилдоод явмааргүй байна. Холбооны маань нэрийг гаргаагүй бол тэдэнтэй ямар нэгэн асуудал үүсгээд яахав дээ. Мөн тэдгээр тэмцээнд манай холбооны залуус оролцохгүй. Beatbox-ын холбооны үйл ажиллагаа, цар хүрээ ямар вэ гэдгийг би тэд нарт тодорхой харуулна. Намайг монголд ирэхэд иймэрхүү янз бүрийн тэмцээн уралдаан зохиогоод байгаа залуус холбоо барихгүй зугтаад байсанд нь жаахан эмзэглэсэн л дээ. Монголд beatbox урлагийг хөгжүүлэхийн төлөө би залуу нас, хөрөнгө мөнгө, цаг хугацаа зэрэг  маш их зүйлийг золиосолж, олон ажил хийсэн. Гэтэл энэ бүхнийг маань ингэж үгүйсгэж болохгүй. Манай холбоонд энэ урлагийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах мундаг залуус бий. Японд байхад тэд надтай байнга холбоо барьж, монголын байдал хийгээд урлагийн хөгжлийн талаар  мэдээлэл өгч, залууст зориулсан юу хийх тухайгаа ярилцдаг. Би холбооныхоо үйл ажиллагааг аравтын системд шилжүүлье гэж бодож байгаа. Тийм байснаар холбооны нэрийн дор нөхөрсөг тэмцээн уралдаан зохиож байвал зүйтэй юм болов уу. Холбооны тэргүүлэгчээрээ би ажиллах нь тодорхой, цаашид хэсгийн ахлагч нараа томилно. Мөн эх орондоо жилд 2-3 удаа ирэхээр төлөвлөж байгаа. Сая нэлээд удчихлаа. -Сургуулиа төгсөх болж байна уу? -Дөхөж байгаа. Олон улсын факультет болохоор их хэцүү. Англи, япон хэлийг зэрэг судалж байгаа учир хийх зүйл олон. Японд сурахын хажуугаар ажил хийж, амьдралаа залгуулах хэрэгтэй. Тоглолт хийхээс гадна өөр бусад тоглолтын бэлтгэл дээр ажилладаг учраас цаг зав багатай байдаг. Гэхдээ холбооныхоо үйл ажиллагаанд анхаарал тавьж, найз нөхөдтэйгээ үргэлж холбоотой байгаа нь мэдээж. Нэг хэсэг энэ ажлыг орхигдуулсан нь үнэн. Шалгалт шүүлэг эхэлчихээд толгой өндийх ч завгүй байлаа. -Оюутан хүнд сурахын хажуугаар ажиллана гэдэг их том шалгуур. Сургуулиа төгсөөд хаана амьдрах тухайгаа бодсон уу? -Монгол залууст цаг уурын тааламжгүй байдал болон нийгмийн ороо бусгаа амьдрал, олон талын стресс гээд гадагшаа явах нь дээр юм шиг санагддаг байж магадгүй. Би ч гэсэн Японд анх очоод соёлын “шоконд” орох үе гарч л байлаа. Хоёр жилийн дараа эх орондоо эргээд ирэхэд хөгжил нь дээшилсэн байхыг хараад их баярласан. Гадаадад сурч байсан монгол залуус маань эх орондоо ирээд энэ бүхнийг хийсэн гэж бодоод тэр. Тиймээс би эх орондоо амьдрахыг илүүд үзнэ. Гадаадад сурч, амьдрах гэдэг маш том тэвчээр хатуужил, бие даах чадварыг шаарддаг. Харин эх орондоо, ээж аавынхаа дэргэд байгаа охид залуус маань үнэнийг хэлэхэд амьдралын үнэ цэнийг бараг мэдрээгүй байдаг. Өөрсдийн бие даах чадварыг ч бүрэн ухаараагүй байгаа нь нууц биш. Тэгвэл харийн оронд очсоноор өөрийн чадвар, мэдлэг оюун, амьдрах боломжийг бүрэн мэдэрдэг. Би Японд сураад гурван жил болж байна. Залуу насандаа хүн юу хийж бүтээх хэрэгтэй вэ гэдгийг маш сайн мэдэрсэн. Бүр дунд сургуульд байхаасаа эхлээд л амьдралын зовлон, жаргалыг үзсэн болохоор тэр байх. Цаашид Европт нэг жил амьдарч байгаад ирдэг юм билүү гэж бодож байна. Үндэсний урлагтай хамтарсан тоглолт хийх санал ч ирсэн. Сургуулиа төгсөөд боломжийн цалинтай ажилд орох, холбооны ажлаа үргэлжлүүлэх гэх мэт олон төлөвлөгөөнөөс болоод явах эсэхээ хараахан шийдээгүй байна. -Холбооныхоо хүрээнд цомог гаргаж, ном хэвлүүлнэ гэж байсан. Тэр бүхэн тань юу болов? -17 настайдаа анх урлагт хөл тавихдаа хөдөө орон нутгаар явж beatbox party хийдэг байлаа. Энэ ч утгаараа би урлагийг хэрхэн өөртөө бий болгох, ертөнцийг үзэх үзэл, beatbox гэж юу вэ, энэ талын хичээл, beatbox Ray гэж хэн болох зэрэг олон талын мэдээллийг агуулсан намтарчилсан ном гаргах ажилд орсон. Beatbox-ын гарын авлага маань DVD, Audio CD болон beatbox-ын элементүүдийг комет байдлаар зурж оруулсан байх юм. Мөн миний хувийн амьдрал, уран бүтээлийг харуулсан олон сонирхолтой бичлэг багтана. 2000 онд анх монголд beatbox урлагийг хэн оруулж ирсэн болох нь маргаантай асуудал байдаг. Энэ бүхний хариуг номноос маань олж харахын зэрэгцээ Монголын үндэсний beatbox-ын холбооны талаархи дэлгэрэнгүй мэдээлэл, гишүүдийн намтрыг сонирхох биз ээ. “Ray урлагаа орхиж байна уу” гэх бодолтой залуус цөөнгүй байгаа байх. Миний хувьд хичээл ном, хувийн амьдрал гээд өөр анхаарах зүйл олон бий. Цаашид дан ганц урлагаа хөөгөөд явна гэвэл хэцүү биз. Ер нь бүх зүйлийг ганцаараа, бие дааж хийнэ гэхэд хэцүү. Олон ном зэрэг гаргачихдаг Арго багш байгаа биш дээ. Тодорхой хэмжээгээр туршлага хуримтлуулж, өөрийнхөө хэмжээнд судлах зүйл их байна. Анхны цомог маань таван жилийн өмнө гарч байсан ч одоо хэр нь хуучраагүй. Удахгүй хоёр дахь цомгоо гаргана, дуунууд нь хэдийнэ бэлэн болчихсон. Цомог гаргана гэж яарахаас илүү чанартай, дараагийн таван жилд ч хуучрахааргүй гоё бүтээл хийнэ гэж бодож байгаа. -Тэгээд номын ажлаа хойшлуулж байгаа юм уу. Цаашид энэ урлагаараа явах уу, аль эсвэл? -Номын хувьд, нэлээд олон хүнтэй хамтарч ажиллаж байгаа. Хөгжиж, боловсорч байгаа залуу хүний хувьд бие дааж ном гаргах хэмжээнд хараахан хүрээгүй байна. Ямар ч байсан, холбооныхоо хэмжээнд томоохон тэмцээн уралдаан зохион байгуулж, beatbox-ын тухай ном гаргаж, хоёр дахь цомгоо сонсогчдын гарт хүргэнэ. Магадгүй, энэ миний хувьд сүүлийн уран бүтээл ч байж болно. Эсвэл дараагийн алхмын эхлэл ч байхыг үгүйсгэхгүй. Мэдээж хэрэг, би гэр бүлтэй болж, амьдрал зохионо. Одоо 25 нас хүрлээ, бодож төлөвлөсөн зүйлээ хийх цаг нь болж. Цаашид beatbox-оороо явах уу гэж олон хүн асуудаг л даа. Beatbox бол миний сонирхол, харин үүнийгээ урлагийн хэмжээнд хүртэл хөгжүүлж  болгож чадсан нь том аз. Энэ хэмнэлээ цаашид ч гэсэн алдахгүй, холбооныхоо цар хүрээг нэмэгдүүлнэ. Хажуугаар нь бизнес хийж, ажлаа бүтээж явна гэж боддог. -Байсхийгээд л хурим найрын тов “дуулгачихдаг” залууд ойрын хугацаанд гэр бүлтэй болох бодол төрж. Яг хэдийд тэр вэ? -Хурим гэдэг миний хувьд маш үнэ цэнэтэй зүйл. Хоёр биенээсээ хол байгаа тохиолдолд хамтын амьдрал зохиож, үр хүүхэдтэй болох асуудал арай эрт байна. Гэхдээ эр хүний хувьд 25 нас хүрсэн болохоор эртхэн шиг гэр бүлтэй болохгүй бол оройтчих гээд байх шиг санагддаг. Энэ мэт маш олон зүйлийг амьдрал надаас “нэхэж” байгаа шүү. Миний хувьд хурдхан шиг сургуулиа төгсч, эх орондоо суурин амьдармаар байна. Гэр бүл төдийгүй beatbox-ийн тал дээр ч хийж бүтээхээр төлөвлөсөн ажил их бий. Холбооны хүрээнд сургалт зохион байгуулах, бэлтгэл сургуулилтын танхим гаргах, өөрсдийн гэсэн студитэй болох гэх мэтээр залуус руугаа чиглэсэн үйл ажиллагаа явуулна. Холбоо маань байгуулагдаад таван жил болох гэж байна, одоо яг ид ажилладаг үе. Нэг хэсэг хүмүүсийн дунд бараг мартагдсан байх. Анх техник хэрэгсэл оруулж ирээд beatbox хийхэд төдийлөн сайн ойлгохгүй байсан шүү дээ. Одооноос л ойлгож эхэлж байгаа. Би beatbox-оор бүх л зүйлийг хийж чадна гэдгийг харуулмаар байна. Урлагийн бүхий л төрлөөр уран бүтээлээ хийж байгаа beatbox-чид хамтлаг хүртэл байгуулж байна шүү дээ. -Бусад урлагтай хослуулна гэхээр хэдэн хувийг нь beatbox эзэлдэг бол? -Beatbox-ыг үндэсний урлагтай хослууллаа гэхэд 70 хувь нь beatbox, 30 хувь нь үндэсний урлаг байвал илүү сонирхолтой гэж боддог. Монголын үндэсний beatbox-ын холбоо гэдэг утгаараа бид үндэсний урлагаа түлхүү ашигладаг. Учир зүггүй баахан хамтлаг байгаа мөртлөө хийж байгаа зүйл нь тодорхойгүй болчихвол онцгүй шүү дээ. Тиймээс манай холбоонд шилдэг морин хуурч, ятгачин, хөөмийчид байдаг. Beatbox-чидтойгоо нийлээд тоглодог, бие биедээ зааж сургадаг. -Хүзүүг тань гоёсон шивээснийхээ утгыг тайлбарлахгүй юу. Хэзээ хийлгэсэн юм бэ? -Дунд сургуульд байхдаа хийлгэсэн. Гоё хэлбэр дүрстэй, ийм өвөрмөц шивээстэй адилхан нь бараг байхгүй биз. “Хүн-Робот” гэсэн утгатай ч юм шиг их содон. Найзууд маань хааяа “Чи хүзүүн дээрээ араа шүдтэй юм уу. Наадахаар чинь дамжиж beatbox гардаг байх даа” гэж тоглоом шоглоом хийнэ ээ. Өөр шивээс одоогоор алга. Р.Мөнгөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

teneg:
teneg zaluu, gachin jijighen hugshin huuhnig nz ohinoo ged naritad gargaj bsan. yund ni bolsin bol.nud ni sohortson
2014-05-15
123456:
teneg zaluu
2013-10-23
joii:
ene zaluu huuhedtei gee biz dee...amidral boloogui gehiin...huuhdee yatsiin,..tursun huuhdee bodohgui zaluu uur ,busdiig hairlaj chadahgui!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2013-02-23
hen bolohoo haruulna gene uu, naiz mini chi boloogui baina daa bas dahin dahin suralts,iim zaluug 2dahi amidralaaraa songodog huuhen bas baidag yum bn daa
2012-11-02
amidraliin alhmaa 2dogch amidralaar ehluuleh yum baina daa
2012-10-27
Harin timee.sain huntei l Sulawesi.buu huuhedtei huuhentei naizladag gsn haramsaltai yen .boliosoi!!!!hairan zaluu
2012-10-09
Mundag zaluu shuu, amjilt:
Hediigeer bi zaluu hun bish ch ene huugiin buteeliig sonsdog. Chadvarlag shuu. Huvi huniihee huvid bas ih taalagddag. Mash zov uzel bodoltoi, soyoltoi, hodolmorch, sanaachlagch geed sain hun bh buh l shinj ene huud bii. Sain huntei l suugaarai daa, minii duu. Tegvel amidral chinii gart shuu. Sain ohin olj avaarai
2012-09-27
Harin timee.sain huntei l Sulawesi.buu huuhedtei huuhentei naizladag gsn haramsaltai yen .boliosoi!!!!hairan zaluu