-Шалгагдаж буй цагдаагийн албан хаагчид гурвуулаа эрхзүйч мэргэжилтэй-
Баянгол дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санни” зочид буудалд байрлаж байсан БНХАУ-ын хоёр иргэнийг Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн гурван албан хаагч хүч хэрэглэн зодож, эд хөрөнгийг нь бүлэглэн дээрэмдсэн хэрэг өнгөрсөн пүрэв гаригт гарсан. Энэ хэргийн талаар Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын хоёрдугаар хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Батхүүгээс тодрууллаа.
-Хэрэг гарсан өдөр яг юу болов. Ямар шалтгаанаар “Санни” зочид буудлаас дуудлага ирсэн юм бол?
- Энэ сарын 20-нд шөнийн 02-03 цагийн хооронд иргэдийн мэдээллийн дагуу Баянгол дүүргийн III хороонд байрлах “Санни” зочид буудлыг манай албан хаагчид шалгасан байсан. Түүнчлэн уг дуудлагын дагуу Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн хоёрдугаар тасгийн явган эргүүлийн дэд ахлагч Б.Жанчивдорж, Г.Мөнхжаргал, Э.Золхүү нарын албан хаагчид очиж шалгасан.
-Цагдаагийн албан хаагчид шалгалт хийж байхдаа гадаадын иргэдийг зодож дээрэмдсэн юм уу?
-Эргүүлийн албан хаагчдыг тус зочид буудалд очиход БНХАУ-ын хоёр иргэн байсан гэсэн. Тухайн үед албан хаагчид маань ажил үүргээ биелүүлж явсан тул зодож, дээрэмдсэн эсэхийг сайн мэдэхгүй байна.
-Энэ хэргийг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж байгаа. Танайд албан ёсоор хэргийн талаар мэдэгдсэн үү?
-Хэрэг гарсны маргааш Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газраас мөрдөн байцаагч ирж “Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг гарсан өдөр Жанчив гэдэг цагдаа ажиллаагүй байна. Танай хөдөлгөөнт эргүүлд өчигдөр ээлжинд гарсан Жанчив гэдэг албан хаагч бий юу” гэж сураглаж ирсэн. Тэгэхээр нь би “Жанчив гэж байхгүй өчигдөр ээлжинд гарсан Б.Жанчивдорж гэж эргүүлийн цагдаа байгаа” гэж мэдэгдсэн. Улмаар мөрдөн байцаагч Б.Жанчивдоржийн гэрийн хаяг, утасны дугаарыг нь аваад явсан. Гэтэл маргааш нь нэг биш манай эргүүлийн гурван цагдааг саатуулж байцааж эхэлсэн. Бидэнтэй уулзуулаагүй.
-Албан хаагчдыг саатуулах болсноо мөрдөн байцаагч юу гэж тайлбарлаж хэлсэн юм бол?
-Зочид буудалд байсан БНХАУ хоёр иргэний өмгөөлөгч н.Оюумаа Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газарт өргөдөл өгсөн гэсэн. Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт саатуулан шалгаж байгаа гэсэн.
-Дээрмийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа эргүүлийн цагдаа нарын ажлын туршлага хэр вэ. Танайд хөдөлгөөнт эргүүлээр ажиллаад удаж байна уу?
-Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газарт Б.Жанчивдорж, Г.Мөнхжаргал, Э.Золхүү нар нь 2009 оны есдүгээр сараас эхлэн ажиллаж эхэлсэн. Гурвуулаа дэд ахлагч цолтой. Хоёр жил гаруй хугацаанд эргүүлийн цагдаагаар ажиллаж байгаа.
-Албан ёсоор цагдаагийн албан хаагч болохын тулд ямар боловсрол эзэмшсэн юм бол?
-Гурвуулаа дээд боловсролтой. Эрхзүйч мэргэжилтэй. Нэг нь МУИС-ын хууль зүйн ангийг төгссөн. Нэг нь “Отгонтэнгэр” их сургуулийг төгссөн. Нөгөө нь “Их засаг” их сургуулийг төгссөн. Мөн гурвуулаа эхнэр хүүхэдтэй, тогтсон амьдралтай цагдаагийн албан хаагчид. Дээрмийн хэрэг хийхээргүй л цагдаа нар.
-Хэрэгт холбогдсон албан хаагчид гурвуулаа явган эргүүлийн цагдаа байж. Машинтай хөдөлгөөнт эргүүлээс юугаараа ялгаатай юм бол?
-Явган хөдөлгөөнт эргүүл өдөр бүр шөнийн цагаар зургаагаас найман цаг гудамжинд эргүүл хийдэг. Машинтай хөдөлгөөнт эргүүл 24 цагаар ажилладаг.
-Албан хаагчдын гэм буруутай нь тогтоогдвол ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Хамгийн түрүүнд цагдаагийн албан хаагчын албан тушаалыг нь түдгэлзүүлнэ.
Л.Алтанхишиг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ