
Анхны цас орчихлоо. Нүүрс түлээ асуудал болох нь. Үүнтэй зэрэгцээд амь залгидаг амуудыг яах вэ гэсэн асуудал гарч ирлээ. Налайхын нүүрсчид тийшээ орвол эргэж гарч ирэх эсэх нь эргэлзээтэй болчихоод байгаа. Өнгөн давхаргуудын нүүрс нь дуусчихаад одоо бүр доошоо орж ухдаг болсон гэнэ. Эрсдэл бүр л нэмэгдсэн. Өнгөрсөн жил л гэхэд 17 хүний амь Налайхын нүүрсний цооногт тасарсан байна. Хагас сарын өмнө гэхэд хоёр хүний амь сүйдлээ. Агааржуулалтгүй нүхэнд ороод агааргүйтээд амиа алджээ, хөөрхийс.
Хүний амь сүйдээд байх юм, Налайхын нүүрсний цооногуудыг хаая гэдэг ч хэрэгжсэн нь үгүй. Нүүрсчид 200 гаруй нүхнээс малталт хийдэг. Эдгээр 200 гаруй нүхнүүдэд 200 метр хүрэхгүй зайтай нь ч бий. Өмнө нь ухсан газар болохоор угаарын хий гэнэт гарч ирж осолдож эндэх нь их. Дээр нь стандартаар бол метр тутамд бэхэлгээ хийх ёстой боловч хэний ч хараа хяналтгүй хувиараа нүүрс олборлогчид 10 метр тутамд арай гэж нэг бэхэлгээ хийдэг байна. Уг нь энэ газрынхан Улаанбаатарын гэр хорооллынхныг тэр аяар нь дулаан байлгаж байгаа. Гол нь биднийг гал хөстэй байлгах гээд өөрсдийнхөө амийг золиод байгаа нь халагламаар харамсалтай.
Налайх дүүргийн удирдлага, хяналтынхан нь өөрсдөө нүүрсний нинжа нараа дийлэхээ байчихжээ. Дээр нь тоосгоны үйлдвэрийн хужаа нарт дээрэлхүүлсээр байгаа. Хянаж, шалгая гэхээр хүрз жоотуугаа бариад урдаас нь босдог аймшиггүй зоригтнуудтай газрыг яамаар ч юм бэ дээ.
Хүн нас барлаа гэхэд тэгсхийгээд чимээгүй өнгөрөөд сурчихаж. Угаас нас барлаа гэдэг үг эл дол болсон гэдгийг нүүрсчид хэлдэг. Манайхан ч налайхад гар аргаар нүүрс олборлогч нас барлаа гэх мэдээнд цочрохоо байсан. Заавал бөөнөөр нь устгалд оруулж байгаа юм шиг шороонд даруулж, хийнд угаартуулж байж цочроод сурсан хүмүүс юм уу, хаашаа юм. Налайхын нүүрсчдийн аюулгүй байдалд анхааръя, үгүй гэвэл ийшээ хүн оруулахаа байя. Нэг арга хэмжээ авахгүй л бол үхсэн үрэгдсэн мэдээ энэ хөндийгөөс тасрахгүй нь...
Налайх дүүргийн Засаг даргын орлогч З.БОЛДБААТАРТАЙ эмзэг сэдвээр нь ярилцсан юм, хүргэе.
-Цагийн байдал, анхны цас Улаанбаатарын гэр хорооллынхныг Налайх тийш хандуулахад хүргээд байна. Портер нүүрс хэдтэй байна вэ?
-Яг цооног дээрээс портерыг нь 160-аар зараад байгаа юм шиг байна. Гэхдээ нүүрсчид чинь авдаг, өгдөг хүмүүстээ л тэгж зарж байгаа байх. Улаанбаатарт очихоор портер нүүрс 260-300 мянган төгрөг болчихдог шиг билээ. Тэгээд анхны цасны дараа өдрөөс 10, 10 мянган төгрөгөөр нэмэгдээд явчихдаг талтай.
-Налайхын нүүрстэй хөндийн өнөөгийн байдал ямар байна вэ. Хэчнээн хүн ажиллаж байна, аюулгүй байдал гээд л асуудал хэцүү шүү дээ?
-Налайх бол уул уурхайн хот. Одоо ч гэсэн бид Улаанбаатарын гэр хорооллынхныг нүүрсээр хангаж байгаа. Манай уурхайд 2000 гаруй хүн ажиллаж байсан. Одоогийн байдлаар нүүрсэндээ хүрэх, нэвтрэх малталт гээд 85 аманд 800 гаруй хүн ажиллаж байна. Дүүргийн удирдлагууд энэ хүмүүсийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, аваар ослоор урьдчилан сэргийлэх тал дээр хянаж шалгадаггүйгээс аваар гардаг гэж ярьдаг. Үүнтэй би санал нийлдэггүй. Монголд байгаа цөөхөн далд уурхайн нэг Налайхын уурхай. 1922 оноос хойш 90 дэх жилдээ ашиглаж байна. Уурхайн нэг, хоёр, гуравдугаар давхаргын нүүрсийг 1995 оноос хойш гар аргаар малтаад дууссан. Одоо нүүрс улам гүн рүүгээ орж байна. Үүнд нэвтрэхийн тулд 100 гаруй метр нэвтрэх малталт хийж байгаа. Энэ хооронд уулын даралт ирэх, агааргүй орчинд унах аюултай. Налайхын уурхайчид энэ салбартаа мэргэшсэн, өвөө, аав хүүхэд гээд үе дамжсан уурхайчид. Мэргэжлийн хувьд далд уурхайн аюулгүй ажиллагааг хангах талаар чадах ядахаараа л ажилладаг.
-Тэгээд аюулгүй байдлыг нь хангаж чаддаг гэж үү. Шил дараалсан осол аваарын мэдээ ирэх юм байна шүү дээ?
-Аюулгүй байдлыг хангахын тулд уурхайчид ч тэр, төр засгаас ч анхаардаг. Хэн ер нь үхье гэж ажиллах вэ дээ, хүн болгон алтан амиа хамгаалахыг л бодно. Гэхдээ геологийн нөхцөл хүндэрсэн, та бүхэн ч гэсэн мэдэж байгаа байх. Осол аваар хэлж ирдэггүй. Чилид 19 хүн гүний уурхайд дарагдлаа л гэж байна. Тэд нар аюулгүй ажиллагааг 100 хувь л хангасан байсан шүү дээ. Энэ бүрийг зарим хүмүүс улстөржүүлж байгаад харамсдаг.
-Мэдээж осол гарах тоолонд муу зүйл болно ч гэж юу байх вэ. Нурангинаас хүн аварсан тоо гэж бий байх?
-Аврагдаж байгаа нь харьцангуй олон шүү дээ. Өнгөрсөн жил гэхэд манай Уул уурхайн аврах анги 56 хүнийг даралт, нуралтан дундаас аварсан. Нэр устай нь хэлэхэд ч болж байна.
-Харамсалтайгаар амиа алдсан хүний тоо бас байна биз?
-Өнгөрсөн жил 17 хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Үүний өмнөх жил 16, түүний өмнөх жил мөн 16 хүн нас барсан харамсалтай тоо байна.
-Жилд 17 гэдэг хэр том тоо вэ, таны бодлоор?
-Их том тоо.
-Гар аргаар нүүрс олборлож байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг ер нь яаж хангах ёстой юм бэ. Тэгээд хувиараа ирж байгаа хүмүүсийг яалтай ч билээ.
-Налайхын олборлолт явуулж байгаа талбай хааш, хаашаа 10 км. Осол аваар гаргуулахгүй байх тал дээр чадах ядахаараа л анхаардаг. Ер нь Налайхад 47 нөхөрлөл л албан ёсны зөвшөөрөлтэй. Бусад 1000 гаруй хүн зөвшөөрөлгүй. Бид мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтраад зах зухаас нь хаагаад, цахилгааныг нь таслаад явдаг. Ингэлээ гээд бидний шаардлагыг биелүүлэх нь ховор. Нүхийг нь хаах гээд очихоор зарим уурхайчид нүхэн дотроо ороод хэвтчихдэг. Би гарахгүй, ажлын байр байхгүй, надтай хамт дарвал, дар гэдэг.
-Ер нь гарах гарц байна уу?
-Налайх бол Улаанбаатар хотыг 70 гаруй жил илч дулаанаараа хангаж ирсэн. Их уурхай зогссоноос хойш Налайхчууд хаягдмал хүмүүс шиг болсон. Төр засгаас хөрөнгө оруулалт хийдэггүй. Уг нь Налайхын хөрсөнд 60 сая тонн нүүрсний нөөц байна. Үүн дээр их том үйлдвэр оруулж ирж, ажлын байр бий болгоосой гэж бодож байна. Хоёрдугаарт Налайхад байгаа Уул уурхайн ангийн үүргийг өөрчилмөөр байна. Энэ аврах алба Монгол Улсын хэмжээнд ганц байгаа алба. Ямарваа нэг газар осол аваар болвол очиж хүмүүсийн амийг авардаг. Энэ байгууллагыг Налайхын олон нүүрсний амууд дээр үйлчилгээ явуулдаг чиглэл рүү оруулмаар байна. Ах дүү найз нөхөд нийлж уурхайн ам гаргасан байлаа гэж бодоход тэр амны бэхэлгээ, агааржуулалтыг ном журмаар нь хийж үйлчилгээ үзүүлдэг анги байх ёстой. Хувь хүмүүс стандартын дагуу хийнэ гэдэг хэцүү. Бэхэлгээг бол одоо дандаа нойтон модоор хийж байгаа, хэцүү. Олон газар хүсэлт тавьж байж жаахан мод оруулж ирдэг. Тиймээс чадахгүй байгаа хүмүүст ийм үйлчилгээ үзүүлэх баг хэрэгтэй байна.
-Тоосгоны үйлдвэр гэж Налайхын бас нэг эмгэнэл байх шиг байна?
-Тоосгоны үйлдвэр сүүлийн үед их нэмэгдэж байна. Өмнө нь 10 хүрэхгүй байсан бол одоо 19 тоосгоны үйлдвэр ажиллаж байна. Энд хөдөө орон нутгаас ч хүмүүс ирж ажилладаг. 50-иад хувь нь Налайхын иргэд ажиллаж байгаа.
-Тэнд насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчээр ажиллуулаад байгаа юм уу?
-Насанд хүрээгүй хүүхэд ажиллуулж байгаа гэж би сонсоогүй. Харин биеэ үнэлэгч нар тэнд их ирдэг. Бас хятад иргэд монгол иргэдийг дээрэлхэн, доромжилж зодох тохиолдол их гардаг. Бид тухай бүрт нь очиж зөрчлийг арилгуулж, хууль хяналтын байгууллагаар шийтгэл оногдуулдаг. Хэрвээ удаа дараа зөрчил гаргасан бол үйл ажиллагааг нь түр болон бүр хугацаагаар зогсоодог.
Б.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ