
“Манай гаригийн хамгийн аймаар эмэгтэй” хэмээн интернэтэд хочлогдсон дэлхийн хамгийн туранхай эмэгтэй Лиззи Веласкес амьдралынхаа бэрхшээл, баяр хөөр, амжилтынхаа тухай ярьжээ.
Америкийн Техас муж улсын Остин хотын 23 настай энэ бүсгүй насан туршдаа маш ховор өвчинд шаналж байгаа бөгөөд тэр өөхний эдгүй төрж, ингэснээр огт өөх сууж чаддаггүй байна. Тэр ичлэг ихтэй хоол бага багаар байнга иддэг (өдөрт 60 хүртэл удаа) ч маш эцэнхий, ердөө 26 килограмм жинтэй ажээ. Өдөрт 5-8 мянга хүртэл калори хоол иддэг хэрнээ огт жин нэмж чаддаггүй байна.
Энэ зориг тэвчээртэй бүсгүй огт бууж өгөх бодолгүй байгаа бөгөөд түүнийг байнга элэглэн дооглож, интернэтэд хамгийн муухай эмэгтэй хэмээн хочилдгийг ч тоодоггүй ажээ. Тэр өөрийгөө ийм гэж огт үздэггүй, өвчин нь багагүй уй гашуу авчирсан ч тэвчээртэй, өрөвч сэтгэлтэй байхыг хүмүүст байнга уриалдаг байна. Ингэхдээ өөрийнх нь ер бусын гадна төрхийн тухай бүдүүлгээр бичдэгийг огтхон ч тоодоггүй, энэ хорвоод үзэсгэлэнтэй сайхан бүсгүй болохыг огт хүсдэггүй, надад энэ амьдралд маань өөрийн гэсэн зам байгааг мэдэрдэг гэж Лиззи Веласкес ярьдаг байна.

Бүсгүйн ховор өвчин (Neonatal Prkgeroid Syndrome) нь эмч нарыг ямар ч гарцгүй байдалд оруулж байгаа нь түүний санааг илүүтэй зовоодог байна. Лиззийг эс тооцвол дэлхийд ийм өвчинтэй ердөө хоёрхон хүн байдаг ажээ. Лиззи дэндүү туранхай төдийгүй бас хараа муу, дөрвөн настайд нь өрөөсөн нүд нь харахаа больж, харин одоо нөгөө нүд нь бас муудсан гэнэ.
Хамгийн гайхалтай нь Лиззи Веласкесийн (гэрэл зурагт одоо тэр ямар байгаа, жаахан байхдаа ямар байсан нь харагдаж байна) шүд нь маш сайн, эрхтнүүд болон яс нь эв эрүүл бөгөөд түүнийг хоёр жилээс илүү амьд явахгүй гэж эмч нар бодож байсан ч үнэндээ бол өсөлт нь хэвийн байжээ. Гэсэн ч Веласкес бусад эрүүл хүний адил аж төрөхийг хүсдэг бөгөөд тэр коллежид сурч, их аялж, тэр ч байтугай ном бичдэг байна. Түүний бичсэн “Be beautiful, Be You” гэдэг хоёр дахь ном саяхан хэвлэгджээ.
Цочирдмоор гадаад төрхтэй хэдий ч, өөрийнхөө тэмцэл, шаналал, нийгэмд тоогдох гэсэн мөрөөдлийнхөө тухай тэр энэ номондоо бичсэн байна. Доромжлол, буруу бодлын эсрэг тэмцэж, жинхэнэ найз нөхөдтэй болохыг нийгэмд тоогддоггүй бүх хүнд энэ зоригтой америк бүсгүй уриалж байна.

Лиззи (зурагт гэр бүлийнхнийхээ хамт байгаа нь) эв эрүүл эмэгтэй, эрэгтэй дүүтэй, охиныг ийм өвчинтэй болгочих ямар ч эмгэг эцэг, эхэд нь байхгүйг дурдвал зохино. Бүсгүй ямар ч тусгай эм бэлдмэл хэрэглэдэггүй, харин ердийн аминдэм уудаг ажээ. Лиззи ээж болж, түүний энэ ховор өвчнийг өвлөөгүй цоо эрүүл хүүхэд төрүүлж чадна гэж эмч нар үздэг байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ