Эмэгтэй чөлөөт бөхийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

img

2011 оны ДАШТ-ээс медаль хүртсэн бөхчүүд Эмэгтэй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 23 дахь удаагийн ДАШТ Канадын Страткон Канти хотын “Millenium Palace” спортын ордонд өнөөдөр эхэлж байна. 29 орны бөхчүүд оролцож буй тус тэмцээний 51 кг, 59 кг, 67 кг-ийн жингийн барилдаан өнөөдөр болно. 51 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг /“Мега-Старс” клуб/ нэгдүгээр тойрогт Польшийн бөх Роксана Марта Засинатай таарчээ. Түүнийг хожбол Азербайжаны бөх Анжела Дороган, АНУ-ын Алиса Лампе гэсэн хоёр залуу бөхийн аль ялсантай нь барилдана. Энэ хэсэгт Турк, Хятад, Казахстан, Беларусийн бөхчүүд мөн багтжээ. Энэ жинд 14 бөх барилдаж байна. 59 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Т.Мөнхтуяа /”Хангарьд” клуб/ нэгдүгээр тойрогт Канадын бөх Мишель Фаззаритэй таарч, түүнийг ялбал АНУ-ын бөх Лей Жейнстэй барилдана. Энэ хэсэгт Энэтхэг, Беларусийн бөхчүүд байгаа юм. Тэдний жинд 13 бөх барилдаж байна. 67 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Ц.Баярзаяа /“Мега-Старс” клуб/ нэгдүгээр тойрогт Оросын бөх Ирина Богдановатай таарчээ. Түүнийг ялсан тохиолдолд Латвийн бөх Лаура Скужина, Украиний бөх, дэлхийн залуучуудын хошой аварга Алина Стадник хоёрын аль ялсантай нь барилдана. Энэ жинд 16 бөх барилдаж байна. ДАШТ Улаанбаатарын цагаар есдүгээр сарын 28-ны 01:00 цагт эхэлнэ. Ц.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ