
Манай Shuud.mn цахим сониноос цувралаар хүргэж буй “Нэгжлэг” булангийн ээлжит дугаарыг УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн Төрийн ордон дахь ажлын өрөөнөөс бэлтгэлээ. Эрхэм гишүүн Төрийн ордны нэгдүгээр давхрын 115 тоотод тухалжээ.

Тэрээр энэхүү өрөөг сонгох болсноо “Ардчиллын алтан хараацай С.Зоригийн өрөө учраас зориуд сонгож авсан. С.Зориг агсны мөрөөдөл бол Монголыг дэлхийн хэмжээний өндөр хөгжилтэй улс орон болгохыг зорьж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүмүүнлэг энэрэнгүй нийгмийн тогтолцоог бий болгох байсан гэдэгт би бүрэн итгэдэг. Энэ өрөөнд С.Зориг агсан юу бодож, юу мөрөөдөж, яаж алхаж байсан бол. Мөрөөдлийнхөө төлөө олон хуулийн төсөл дээр сууж, ярилцаж , маргалдаж явсан байх. Тэр хүний ариун сүнс, хүсэл мөрөөдөл шингэсэн энэ өрөөнөөс ажлаа эхэлсэндээ би баяртай байгаа. Тэр хүний хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө зүтгэнэ, эргэлт буцалтгүй тэмцэнэ. Монголын ард түмний хүслийг биелүүлэхийн төлөө тууштай ажиллана” гэж итгэлтэй хэлсэн юм.

Өрөөнийнх нь зүүн хананд байрлах номын шүүгээний дээд хэсэгт нандигнан залсан гэрэл зураг бол түүний гэр бүлийнх нь. Тэрээр хоёр охин, нэг хүүтэй. Удахгүй дөрөв дэх хүүхэд нь мэндлэх гэнэ. Эрхэм гишүүн 11 хүүхэдтэй айлд төрж өсчээ. Өнөр өтгөн байхын жаргал, зовлонг сайн мэдэх учраас хүүхдэд хайртай нэгэн. Тэрээр, “Хорвоогийн хоног 24 цагтай, би 12 цагийг нь ажлаа хийж өнгөрүүлдэг. Бүтэн сайнд амрахдаа хүүхдүүддээ яаж сайн юм сургах вэ, яавал идэвхжүүлэх вэ гэдэгт анхаардаг. Хүүхэдтэйгээ ярилцах нь хамгийн чухал гэж боддог. Хүүхдийг хүчээр биш, хүсэл мөрөөдлийг нь таньж мэдэх, санаа бодлыг нь хуваалцах, оюун ухааныг нь хөтлөх замаар хүмүүжүүлэх ёстой гэж бодож явдаг. Өөрийгөө сайн аав гэж хэлэхгүй, гэхдээ сайн аав байхыг хичээж байгаа” гэсэн юм.

Шүүгээнд нь монгол хүн бүрийн эрхэмлэн дээдэлдэг олон юмыг тавьсан харагдана. Тухайлбал, соёмбо, мөнгөн аяга, хурдан морь, Алтан овооны чулуу гээд олон зүйлийн утга учрыг агуулсан зүйлс бий.

Ж.Батзандан гишүүний төрөлх нутгийн Алтан овоо бол төрийн тахилгатай хайрхан учраас төрт ёсоо хүндэтгэн, уул усных нь чулуунаас өрөөндөө залсан юм байна. Алтан овооны зургийг ангийн найзууд нь бэлэглэжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамт авахуулсан зураг анхаарал татав. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч түүний улс төрийн багш байсан. Тэрээр заримдаа багшийгаа шүүмжлэх, бас багшдаа зэмлүүлэх үе ч олон байжээ.


Монголын төр ариун байгаасай гэж өглөө бүр өрөөндөө арц уугиулдаг гэнэ. Ажлын ширээнийнхээ арын хананд Бурхан халдун хайрхны зургийг хадсан байв. Эл хайрхны тухай “Дэлхийн их хүнийг өлгийдсөн, их Эзэн Чингис хааныг төрүүлсэн хайрхан шүү дээ. Энэ хайрханд монгол хүн бүр мөргөж залбирч байх хэрэгтэй гэж боддог. Монгол төрийн гал голомт юм шүү. Залбирч сүсэглэж явах учиртай юм” хэмээн бас дахин хэлсэн юм.




Оюунлаг улстөрчдийн тоонд зүй ёсоор тооцогддог түүний номын шүүгээнд олны нүдийг хужирлах, оюуны цангааг тайлах олон сайн ном өрөөстэй байлаа. Эдгээрээс “Буурай орноос бусдын манлайд гарсан түүх”, “Хотын асуудлыг хэрхэн яаж шийдэх вэ” зэрэг олон нийтийн асуудлыг шийдэх арга замын тухай ном хамгийн түрүүнд нүдэнд тусав.

Түүнчлэн БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Ба-гийн номыг унших дуртай, харин хамгийн сүүлд “Хүн” гэдэг ном уншиж байгаа ажээ. Ер нь хүн гэж юу юм бэ, эмч, багш, улстөрч гээд бүгдээрээ л хүн. Гэхдээ ухаантай, өндөр боловсрол эзэмшихээс гадна хүнээрээ байх, хүний мөстөй, аливаад голтой, сэтгэлтэй байна гэдэг хамгийн чухал. Хүн хүнээрээ байж, өөрийгөө хөгжүүлэх нь чухал гэж боддогоо нуулгүй хэлсэн билээ.
Тэр саяхан шавьтайгаа хамтран “Эрхзүй судлал” номоо гаргажээ. Түүнчлэн “Улстөрийн морал” номынхоо тухай өгүүлэхдээ, энэ их чухал ном. Улстөрчид үнэт зүйл , үзэл санааны тухай юу гэж боддог талаарх ном. Улстөрч бодохдоо хүртэл зарчимтай, үйлдэхдээ хүртэл үнэт зүйлт төвтэй байх тухай номлодог гэлээ.

Эрхэм гишүүний хамгийн их унших дуртай ном бол “Манлайлал” буюу “Leаdearship”. Эл номыг тэрээр бүр оюутан байхдаа худалдаж авчээ. Манлайллын тухай, тэр дундаа улс төрийн манлайлал бол улс орныг авч явах зүйл. Салбарын манлайлалд идэвхтэй байх, санаачлагч байх, хамт олноо зөв зорилго руу чиглүүлдэг байх ёстой гээд энэ номоос олон зүйлийг сурчээ.




Өрөөндөө таван амьд цэцэг авчирсан нь тооны хувьд билэгшээлтэй юм байна. Цэцэгсийн дунд ажлаа хийхэд орчныг нь амьд болгож буй мэт сэтгэгдэл төрүүлдэг гэв.




Н.Түвшин
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ