
АНУ-ын Теннесси мужийн иргэн Анжелика Келлер халуун цайгаар түлж хохироосон хэмээн америкийн агаарын тээврийн компани “Southwest Airlines” болон нэг онгоцны үйлчлэгчийг буруутган 800 мянган ам.доллар нэхэмжилжээ.
Келлер 2011 оны арванхоёрдугаар сарын 28-нд Нашвиллээс Хьюстон хүрэх 955-р нислэгээр үйлчлүүлсэн байна.
Тэрээр хамгийн урд эгнээний цонхон талд сууж байсан ба халуун цай захиалжээ. Онгоцны үйлчлэгч түүнд нэг аяганд час халуун ус, өөр аяганд цайны ханд авчирсан байна. Час халуун ус Келлерийн цавь орчмыг айхтар түлжээ.
Хамгийн урд эгнээний суудлууд жижиг тавцангүй бөгөөд Келлер үүнээс болж түлэгдэхэд нөлөөлсөн, мөн онгоцонд үйлчлэхэд тохиромжгүй хэт халуун ус, хоёр тусдаа аяганд цай авчирсан зэрэг нь түлэгдэх шалтгаан болсон гэж үзжээ.
Тэрээр хоёрдугаар зэргийн түлэгдэлттэй хэмээн тогтоогдож, арьс нь хуулран арилашгүй сорвитой болсон байна.
Харин агаарын тээврийн компаний төлөөлөгч “Бид үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хамгийн эрхэмд тавьдаг бөгөөд өдөрт 100 сая удаа уух юм аюулгүй хүргэдэг. Дээр болсон явдал маш харамсалтай тохиолдол бөгөөд бид одоогоор хянаж байна. Илүү нарийн мэдээллийг одоогоор өгөх боломжгүй” гэсэн байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ