
Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 23 дахь удаагийн ДАШТ өчигдөр Канадын Страткона хотноо эхэллээ. Тэмцээний хуваарийн дагуу эхний өдөр 51 кг, 59 кг, 67 кг-ийн жингийн барилдаан болж байгаа юм. Хэсгийн урьдчилсан барилдаан Монголын цагаар 01:00 цагт эхэлсэн бөгөөд медалийн төлөөх барилдаанууд яг одоо ид явагдаж байна.

Эхний өдөр дэлхийн аваргын дэвжээнд гарч барилдсан Монголын тамирчдаас "Хангарьд" клубын бөх, ОУХМ Тунгалагийн Мөнхтуяа хүрэл медалийн эзэн болоод байна. 59 кг-ийн жинд хүч үзэж буй тэрбээр эхний тойрогт Канадын бөх Мишель Фаззариг 1:0, 0:1, 3:1 оноогоор, хоёрдугаар тойрогт АНУ-ын Лейф Эвелин Жейнсийг 3:0, 0:1, 3:1 оноогоор ялжээ. Удаах барилдаандаа Т.Мөнхтуяа Беларусийн бөх Залина Сидаковатай таарч, 0:2, 0:1 оноогоор хоёр үед ялагдсанаар хүрэл медалийн төлөө Энэтхэгийн тамирчин Шеоран Шилпитэй барилдахаар болсон. Харин энэхүү өрсөлдөгч нь хялбархан учраа байжээ. Түүнийг хоёрдугаар үед цэвэр дарснаар Монголын эмэгтэй бөхчүүдийн ДАШТ-ээс зүүсэн 10 дахь медалийн эзнээр Т.Мөнхтуяа тодорлоо.
Манай эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид ДАШТ-ээс алтан медаль 1 (С.Батцэцэг-2010), мөнгөн медаль 3 (О.Бурмаа-2009, Д.Отгонцэцэг-2011, Б.Оюунсүрэн-2011), хүрэл медаль 5 (Ц.Энхжаргал-2005, Д.Нармандах-2007, О.Насанбурмаа-2008, 2011, Т.Одончимэг-2010) бүгд 9 медаль хүртээд байсан юм. Ялангуяа 2011 оны ДАШТ-д маш амжилттай оролцож, гурван медаль хүртэж багийн дүнгээр түүхэндээ анх удаа дэлхийн шилдэг гурван багийн эгнээнд багтсан билээ. Манай эмэгтэй бөхчүүд ДАШТ-д 11 дэх удаагаа оролцож байна.
Өнөөдөр дэвжээнд гарсан ДАШТ-ий мөнгөн медальт Д.Отгонцэцэг 51 кг-д, Азийн хошой мөнгөн медальт Ц.Баярзаяа 67 кг-д эхний өрсөлдөгчдөө оноогоор ялагджээ.
ДАШТ-ий хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер Тунгалагийн Мөнхтуяа
1988 онд Булган аймгийн Тэшиг суманд төрж 2007 онд Булган хотод дунд сургууль, 2011 онд “Аварга” биеийн тамирын дээд сургууль дүүргэсэн. 2008 оноос Эрдэнэт хотын “Хангарьд” клубт дасгалжуулагч Ч.Раднаабазарын удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн, одоо “Аварга” биеийн тамирын дээд сургуульд Л.Бадарчийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна.
2012 онд үндэсний шигшээ багийн тамирчин болсон. 2012 онд спортын мастер, олон улсын хэмжээний мастер цол хүртжээ.
Бүх ард түмний спортын XIII наадамд алт, УАШТ-ээс хүрэл медаль хүртээд байна. 2012 онд ОХУ-ын Красноярск хотод болдог И.Ярыгиний нэрэмжит Гран-При тэмцээнээс хүрэл медаль, “Mongolia Open-2012” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.
Б.Цагаанбаатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ