
АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Компакт гэрээний дагуу Улаанбаатар- Налайх чиглэлийн 20.9 км авто зам, 288 метр гүүрийн инженерийн нарийвчилсан зураг төслийг Зам, тээврийн сайд А.Гансүхэд хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр боллоо.
Энэүү инженерийн зураг төслийг өмнө нь Зам, тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас хийснийг Мянганы сорилтын сангийнхан шинэчилсэн бөгөөд үүнийгээ салбарын сайдад хүлээлгэн өгч байгаа нь энэ юм. Уг ёслолд Зам, тээврийн сайд А.Гансүх, Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Бямбажав, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Онон, Мянганы сорилтын сангийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Батбаатар, тус сангийн авто замын төслийн захирал П.Батсайхан, олон нийттэй харилцах асуудал хариуцсан захирал Т.Баттулга болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Зам, тээврийн сайд А.Гансүх уг ёслолын үеэр хэлсэн үгэндээ “Бид Улаанбаатар –Налайх чиглэлийн 20.9 км замын ажлыг ирэх оноос эхлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барихаар төлөвлөсөн байгаа. Ингэснээр уг авто замын нэвтрүүлэх чадвар сайжирч, хөдөлгөөний аюулгүй байдал дээшлэх юм” гэдгийг онцолсон юм.
АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Компакт гэрээний дагуу нийт 79.7 сая ам долларыг авто замын барилгын ажлыг гүйцэтгэхэд зориулан зарцуулахаар төлөвлөсөн билээ. Энэ ажлын хүрээнд Чойр-Сайншанд чиглэлийн 176.4 км, Улаанбаатар-Налайх чиглэлийн 20.9 км авто замын барилгын ажлыг гүйцэтгэх байсан юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ