
Өнөөдөр “Цусны даралт ихсэлт, чихрийн шижин хэв шинж 2, хөх болон умайн хүзүүний хавдрын илрүүлгийн үзлэгийг эрчимжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо” сэдвээр уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтыг Нийслэлийн Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгээс санаачилсан юм. Уулзалтад НЭМГ болон Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн эрт илрүүлэг, эмчилгээний багийн мэргэжилтэн Ж.Энхзул, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтэн О.Энхзаяа нар оролцов.
Энэ оны дөрөвдүгээр сарын 7-ноос эхлэн хангалтгүй цусны даралт, чихрийн шижин өвчин болон хөх, умайн хүзүүний хорт хавдрыг илрүүлэх шинжилгээ, үзлэгийг орон даяар үнэ төлбөргүй хийжээ. Гэсэн ч иргэдийн идэвх сул байна. Түүнээс гадна мэдээлэл дутуу хүрснээс шалтгаалж байгаа гэдгийг ч Мянганы сорилтын сангийнхан нуусангүй. Сүүлийн 10 жилд зүрх судастай холбоотой өвчлөлөөр нас барах явдал нь хоёр дахин ихэссэн судалгаа байна. Тиймээс иргэдийг өөрийн харьяа дүүрэг, хорооны өрхийн эмнэлгүүдэд хандаж үнэ төлбөргүй үзлэгт хамрагдахыг уриалав.
Одоогийн байдлаар умайн хүзүүний хорт хавдрын хөнгөн зэрэглэлтэй 135 хүн, хүнд зэргийн өвчлөлтэй 19 хүн, умайн хүзүүний хорт хавдартай хоёр хүн, хөхний хорт хавдартай хоёр хүн илрээд байна гэв. “Урьдчилан сэргийлэх үзлэг бол асар том боломж. Бид эмчилгээний асуудлыг цогцоор нь шийдэхийг хичээж байгаа бөгөөд аймаг сумд, дүүрэг хороодын эмнэлгүүдэд шаардлагатай оношлогооны багаж төхөөрөмж, машиныг өгсөн байгаа” хэмээн ММСС-ын Эрүүл мэндийн төслийн Эрт илрүүлэг, эмчилгээний багийн мэргэжилтэн Ж.Энхзул хэлж байлаа.
Үзлэгт хамрагдвал зохих 40-өөс дээш насны 631’960 хүний 83’089 буюу 13,1 хувь нь цусны даралт ихсэлт, 58’259 буюу 9,2 хувь нь чихрийн шижингийн үзлэгт хамрагдсан байна. Энэ тоо баримтаас харахад хамралтын хүрээ хангалтгүй байна. Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллөөс зарим нь тодорхой нэвтрүүлэг, аялал сурвалжлага хийж иргэдэд мэдээлэл түгээвэл дээрх үзлэг шинжилгээнд илүү олон хүн хамрагдах боломжтой гэсэн санааг гаргав. Халдварт бус өвчин, үүний дотор зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин нь дэлхийн нийт хүн амын нас баралтын 60 хувийг нөхцөлдүүлж, эдгээр нас баралтын 80 хувь нь бага болон дунд орлоготой орнуудад ногдож байна. Халдварт бус өвчнөөс (ХБӨ) сэргийлэх боломжтой болохыг зарим орны туршлага харуулж байгаа бөгөөд хэрэв энэ талаар дорвитой арга хэмжээ авахгүй бол дараагийн 10 жилд энэхүү халдварт бус өвчнөөс шалтгаалсан нас баралт 17 хувиар нэмэгдэнэ гэж ДЭМБ тооцоолсон байна.
Монголын хүн амын зүрх судасны өвчин, чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага, дадал хангалтгүй байгаа нь Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагатай хамтран хийсэн судалгаанаас харагдаж байна. Манай улсад ХБӨ хүн амын өвчлөл, нас баралтын үндсэн шалтгаан болж, сүүлийн 10 жилд зүрх судасны эмгэгээр нас барах явдал хоёр дахин нэмэгджээ. Нас барж байгаа гурван хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, 5 хүн тутмын нэг нь хавдрын улмаас эндэж байна.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ