
Сихийн шашинтай бүсгүй Балприйт Каурт өсвөр насанд нь гормоны хэт идэвхжлээс болж сөрөг үр нөлөө гарч байгаад буцан хэвийн хэмжээндээ ороход сахалтай болжээ. Харин түүний зургийг нэг интернэт хэрэглэгч мэдэгдэлгүйгээр авч, Reddit сайт дээр тавьсан байна.
“Би ямар дүгнэлт хийхээ мэдэхгүй байна” хэмээн гарчигласан уг зурагны дор хүмүүс түүнийг трансжендер эсвэл үсээ хэр удаан хусахгүй байж чадах тэмцээнд орж байгаа гэх мэтээр мэтгэлцсэн байлаа. Харин энэ нийтлэлийн талаар Балприйт найзаасаа мэдсэн бөгөөд түүний хариу хүмүүсийг гайхашруулж, өөрөөс нь урам зориг авахад хүргэсэн байна.
Тэрээр “Сайн уу,залуусаа. Би зурган дээрх охин, Балприйт Каур байна. Надад ичсэн эсвэл эерэг, сөрөг олны анхаарлаас болж доромжлуулсан юм шиг санагдахгүй байна, учир нь би өөрийнхөөрөө байна” гэжээ. Тэрээр сихийн шашинтай бөгөөд адис хүртсэн тохиолдолд биеийнхээ гадаад төрхийг өөрчлөх хориотой байдаг байна. Учир нь уг шашинд үүнийг бурхнаас заяасан бэлэг гэж үздэг аж.
“Манай шашны гол ойлголт нь бие бол бусдад үйлчлэхэд зориулсан хэрэгсэл гэж үздэг. Бид биеэ байгаагаар нь үлдээж, унаган төрхөө хүндэтгэдэг. Миний үс намайг хэвийн хүн байхад эсвэл бусдад туслахад саад болдоггүй” хэмээн мөн гормоноос болон сахал нь хэрхэн үлдсэн тухай бичжээ. Мөн энэ бүхэн өөрт нь асуудалтай санагддаггүй, харамсмаар зүйл гэж хүлээж авдаггүй гэжээ.
“Тийм ээ, би нүүрэндээ үстэй, сихийн шашинтай эмэгтэй. Би бусад эмэгтэйчүүдээс ялгаатай харагддаг, хүмүүс миний хүйсийг андуурдаг гэдгийг мэднэ. Миний хандлага, үзэл санаа, үйлдэл миний биенээс илүү үнэ цэнэтэй. Гадаад төрхөнд санаа зоволгүйгээр би дотоод чанараа хөгжүүлж, магадгүй ямар нэг аргаар энэ дэлхийд өөрчлөлт хийж чадна” гэсэн байна. Түүний үг маш хурдан болон бусад сайтаар тарж, түүний тухай бичлэг фейсбүүкийн хуудаснаа 6,750 like, 850 сэтгэгдэл аваад байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ