Ч.Амарболдын нүд хараагүй болжээ
УИХ-ын 2008 оны сонгуулийн дараахь үймээний үеэр таван хүн амь үрэгдсэн хэрэгт хоёр шатны шүүхээс ял сонссон цагдаагийн экс дарга нарын нэг хошууч генерал Ч.Амарболдын эрүүл мэндийн байдал эрс муудаж, нэг нүд нь хараагүй болсон талаар ар гэрийнхэн нь мэдэгдээд байна.
Тиймээс нийслэлийн Шүүхийн ерөнхий шүүгчид хандан Ч.Амарболдын ар гэрийнхэн улсын эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх хүсэлт гаргаад байгаа аж.
Сануулахад, Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдсан Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 6.6 жилийн, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтод 5.6 жилийн, Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарт 2 жилийн ялыг тус тус оноосон юм.
Өршөөлийн хуульд хамруулснаар Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг 3.6 жил, О.Зоригтод 2.6 жилийн ялыг тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар өршөөлийн хуульд хамрагдан ялгүй үлджээ. Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч Ж.Яринпил шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдана гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл тэдний гомдлыг нийслэлийн Шүүхээс өнгөрөгч долоо хоногт хэлэлцэн анхан шатны шийдвэрийг хэвээр баталсан юм.
Хуралд Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яринпил, Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр Т.Мөнхдэлгэр, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр н.Алтан-Өлзий нар ажилласан оролцсон юм. Шүүгдэгч нар арав хоногийн дотод хяналтын шатны шүүхэд гомдол гаргах боломжтой аж.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ