Б.Эрдэнэ-Очир: Брейк бүжигчид “Би бол цорын ганц, миний бие бол зэвсэг” гэж өөрийгөө дайчилдаг

img

Монголын брейк бүжгийн холбооны тэргүүн, “Crush” хамтлагийн ахлагч, брейк бүжгийн анхны багш, дасгалжуулагч Б.Эрдэнэ-Очиртой уулзаж ярилцлаа. -Өнгөрсөн сард томоохон тэмцээн зохион байгуулж, хамтлагийнхаа 10 жилийн ойг тэмдэглэлээ. Эдгээрээс өөр төлөвлөсөн ажил юу байна вэ?   -Монголын брейк бүжгийн холбооноос өнгөрсөн зургадугаар сарын 17-нд Эрх чөлөөний талбайд томоохон тэмцээнийг зохион байгуулсан. Мөн өнгөрсөн наймдугаар сарын 19-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд өмнөх тэмцээнүүдээс ч илүү шинэлэг, өвөрмөц арга хэмжээ болсон. Дараа нь буюу өнгөрсөн есдүгээр сарын 9-нд хамтлагийн маань 10 жилийн ой тохиолоо. Монголын брейк бүжгийн холбооноос энэ жил олон тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. -Тэгвэл анхны тэмцээнээ хэдийд зохион байгуулж байв? -Монголын брейк бүжгийн холбоо 2005 онд албан ёсоор байгуулагдсан. Энэ урлагийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх, брейк бүжигчид болон бүжгийн багш, хамтлагуудыг системчилж бэлтгэх, цаашлаад эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт гаргах зорилго тавьж, үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. 2006 онд МҮЭСТО-д брейк бүжгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан. Мөн дэлхийн хошой аварга “Gambler” хамтлагтай хамт “UB palace”-т шоу тоглолт хийж, брейк бүжгийг монголчуудад сурталчлах арга хэмжээг олон компанитай хамтарч зохион байгуулсан. Үүнээс хойш “BBOY JAM” нэртэй брейк бүжигчдийн цугларалт буюу аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулах болсон. Холбоонд маань одоогоор брейк бүжгээр дагнасан найман хамтлаг харьяалагдаж байна. -Брейк бүжиг 2001 оноос эхлэн нэлээд хурдацтай хөгжсөн юм шиг санагддаг. Түүнээс өмнө зүгээр л “гудамжны бүжиг” гэгддэг байсан биз дээ?   -1980-аад оны дундуур Монголд орж ирсэн урлаг. Гэвч тухайн үеийн нийгмийн байдлаас шалтгаалан “Хөрөнгөтөн орны бүжиг бүжиглэлээ” гэж залуусын соёлын хэрэгцээг хааж боогдуулж байсан. 1990-ээд оны үед брейк бүжгийн хөгжил зогсонги байдалд орсон ч, сонирхогчийн түвшинд маш хүчтэй хөгжиж байлаа. 2001 онд брейк бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээн “BBOY DANCE” нэрээр зохион байгуулагдсан юм. Брейк бүжгийн холбоо байгуулагдаж, мэргэжлийн түвшинд гарсан хамгийн анхны хамтлаг нь “Crush” гэж үздэг. Манай брейк бүжгийн хөгжил олон улсын хэмжээнд хүрсэн гэдэг нь 2006 онд Монголд ирсэн дэлхийн аварга “Gambler” хамтлагийн тоглолтоос мэдрэгдсэн. Үүнээс хойш таван жил өнгөрлөө. Монголын брейк бүжигчдийн чадвар өмнөхөөсөө илүү өндөр түвшинд хүрсэн нь тодорхой. Тухайлбал, “Crush” хамтлаг 2008 онд олон улсын тэмцээнд амжилттай оролцож, 50 гаруй орноос зургадугаар байрт шалгарч байлаа. Бид эх орондоо томоохон тэмцээн уралдаан зохион байгуулж, брейк бүжигчдийн ур чадварыг сайжруулан, олон улсын тэмцээнд зохион байгуулалттай оролцуулахаар төлөвлөж, үйл ажиллагаа явуулж байна. -Таны хувьд, брейк бүжигтэй хэрхэн холбогдсон бэ. “Crush” хамтлагаа хэдийд байгуулав?   -Намайг жаахан байхад Popping буюу робот бүжгийн төрөл нэлээд хүчтэй дэлгэрсэн. Тухайн үед энэ бүжгийн учрыг сайтар ойлгоогүй “Их гоё юм байна” гэж хардаг байлаа. Харин брейк бүжгийн Bboy төрлөөр 1998 оноос эхлэн хичээллэсэн. 2002 онд “Crush” хамтлагийг үүсгэн байгуулж, шилдэг бүжигчдийг эгнээндээ нэгтгэснээр брейк бүжгийг мэргэжлийн түвшинд хөгжүүлэх зорилго тавьсан даа. Улмаар брейк бүжгийн холбоо байгуулан, зорилгынхоо тодорхой хэсгийг биелүүлж явна. -Брейк бүжгийг эр зоригийн шалгуур гэлцдэг. Мэргэжлийн түвшинд хүртэл хөгжсөн учраас хүнд төрөлд тооцогдох хөдөлгөөн олширсон байх даа?   -Брейк бүжигчид сэтгэлзүйн хувьд их өвөрмөц, дайчин хүмүүс. Бэлтгэл сургуулилтаа үргэлж хийхээс гадна “Би бол цорын ганц, миний бие бол зэвсэг” гэж өөрийгөө дайчилдаг. Бусдаас илүү, сонирхолтой хөдөлгөөнийг үзүүлэхийн тулд сэтгэл зүрх, авьяас чадвар, хөдөлмөр бүхнээ зориулдаг юм. Брейк бүжиг гэдэг нь ерөнхий нэр. Хэдийгээр нэг чиглэлтэй боловч дотроо гурван өөр төрлийн бүжиг бий. Хүмүүсийн сайн мэдэх далан дээр болон толгой дээрээ эргэх төрөл бол Bboying dance юм. 1980-аад оны үед хүчтэй дэлгэрч байсан нэг төрөл нь Popping dance. Энэ нь бүх биеэрээ долгиолж, робот шиг бүжиглэх юмуу чичирч, булчингийн огцом агших, сунах хөдөлгөөнийг ашиглаж хөгжмийн хэмнэлд бүжиглэдэг маш өвөрмөц төрөл юм. Харин Locking dance гэх буюу түгжилт ашигласан, нүүрний хувирал харуулсан, маш хөгжилтэй бүжиг бий. Эдгээр гурван төрлөөс Break dance гэсэн нэр бүрдэнэ дээ. -Тэгвэл брейк бүжигчдийн хувьд, одоогоор ямар төрлөөр нь дагнаж байна вэ?   -Ихэнх нь Bboying, Popping төрлөөр дагнасан байдаг. Гэхдээ одоохондоо Popping төрлийг мэргэжлийн өндөр түвшинд хүртэл нь хөгжүүлсэн хамтлаг Монголд байхгүй. Locking dance төрөл нь Монголд дөнгөж хөгжих шатандаа явж байна. Энэ бүхнээс хамгийн өндөр хөгжсөн төрөл нь Bboying юм. Үүнийг бид хүмүүст дэлгэж, харуулахыг зорьж байгаа. -Брейк бүжигчид тоглолт, арга хэмжээнд яаж оролцдог юм бэ. Холбооны зүгээс зуучилж өгдөг юм уу?   -Хамтарч ажилладаг газар, студи продакшнаар дамжуулан хувь хүмүүс, албан байгууллагууд бидэнтэй холбоо барьдаг. Холбооны зүгээс ч брейк бүжгийн хамтлагуудаа арга хэмжээ, шоу тоглолтод оролцуулна. Мөн бүжигчид маань клип, реклам сурталчилгаанд тоглох болон шоу тоглолтод оролцох гэрээгээ хувийн шугамаар хийж болдог. -Уран бүтээл хийх, холбооны үйл ажиллагааг зохион байгуулахад хөрөнгө санхүү их чухал. Энэ бүхнийг хэрхэн зохицуулдаг юм бол?   -Гишүүдийн татвар, болон хандивын мөнгөөр зохицуулна. Манайх ашгийн бус, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага. Гишүүдээс гадна брейк бүжгийн холбоонд харьяалагддаг клуб, студи, сургуулиуд ч байдаг. Хамтлагууд шоу тоглолтод оролцсон орлогоор өөрсдийн санхүүг бүрдүүлнэ. Бүжигчид маань клип, рекламанд тоглохоос гадна сургалт явуулдаг. -Нэг хамтлаг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байдаг вэ?   -Олон улсын жишгээр брейк бүжгийн хамтлагт найман гишүүн байдаг. Монголд ч мөн ялгаагүй. Нэг хамтлаг 5-8 гишүүнтэй. -Брейк бүжиг суралцах хүсэлтэй охид залуус хэр олон байна?   -Сүүлийн үед нэлээд нэмэгдэж байна. Брейк бүжгийн холбооноос “Боловсрол суваг” телевизтэй хамтран “Гудамжны балет” нэртэй сургалтын чанартай нэвтрүүлэг хийж эхэлсэн. -Суралцагсдад ямар нэгэн шалгуур тавьдаг уу. Бэртэл гэмтэл авах эрсдэл хэр их бол?   -Нэг их шалгуур байхгүй ээ. Хамгийн гол нь, сурах хүсэл эрмэлзэлтэй, зорьсондоо тууштай байж чадах нь чухал. Туршлагатай багшийн удирдлаган дор брейк бүжгийг анхан шатнаас нь эхэлж суралцвал бэртэл гэмтэл авахгүй. Хөлбөмбөг, сагсан бөмбөгийн спортыг бодвол харьцангуй бага гэмтэл авдаг бүжгийн төрөл шүү дээ. Энэ талаар бүр судалгаа ч гарсан байдаг юм билээ. Хөдөө орон нутгийн хүүхэд залуус брейк бүжгийг бие даан сурах гэж их хичээдэг. Гэвч багшийн удирдлаган дор, зориулалтын клубт хичээллэсэн хүүхдүүдийг бодвол нэлээд удаан хугацаанд сурна гэсэн үг. Тиймээс брейк бүжгийн клубт, туршлагатай багшийн заавраар хичээллэх нь зөв мэдлэг, мэдээллийг олж авахад тусална. “UB dance”, “Step and Spin”, “Step Up” гэх мэт энэ талын сургалт явуулж буй клуб олон бий. -Хамтлагууд тэмцээнд оролцохоос гадна халз тулаан хийдэг юм билээ?   -Тийм ээ. “BBOY JAM” тэмцээн дээр ч ийм халз тулаан болно. “1vs1 Bboy Battle”, “Windmill Record Battle”, “Toprock Battle”, шилдэг шоу үзүүлбэр “Popping Battle” гэсэн төрлөөр бүжигчид маань өрсөлддөг. Мөн шоу үзүүлбэрт шалгарсан дөрвөн хамтлаг халз тулаанд оролцож, шилдгээ шалгаруулдаг юм. -Шалгарсан хамтлагт ямар шагнал гардсан бэ? -Шилдгийн шилдгээр шалгарсан батламж, үнэ бүхий зүйлээр шагнана. Брейк бүжгийн холбоо 2006 онд “Hip Hop International” тэмцээнтэй холбоо тогтоосон. Мөн бид “Braun Battle of the Year”, “R16 Korea”, “UK Bboy Championship” зэрэг олон улсын тэмцээнтэй хамтарч ажилладаг. Энэ тэмцээнүүдэд оролцох урилга ч сүүлийн үед их ирж байгаа. -Эдгээр тэмцээнд оролцогчид заавал холбооны харьяалалд байх ёстой юу, аль эсвэл? -Үгүй ээ, хэн бүхэн оролцох боломжтой. Брейк бүжиг сонирхогчдод авьяас чадвараа нээж, туршлага судлах боломжийг нь нээж өгч байна. Бүжигчдийн ур чадвар жилээс жилд сайжирч байгаа. Монголын брейк бүжгийн холбооны гол зорилго нь дэлхийд монголынхоо нэрийг орчин үеийн бүжгийн энэ урлагаар дамжуулан өндөрт гаргах. Монголд брейк бүжгийн урлагийг хөгжүүлэх, охид залуустаа таниулах, алдартнуудаа сурталчлан төрийн шагналд нэр дэвшүүлэх, мэргэжлийн багш, шүүгч, бүжигчдийг олон улсын түвшинд системчилж бэлтгэх гэсэн олон зорилго бий. -Ахиад олон улсын шилдэг хамтлагийг авчрах бодол байгаа юу? -2006 онд АНУ-ын Лос-Анжелос төвтэй хип хопын байгууллагатай холбоо тогтоож, хамтарч ажиллаж байгаад ирсэн. Ер нь дэлхийн шилдэг хамтлагуудыг Монголд авчирч, томоохон тэмцээн зохион байгуулах гэх мэт үйл ажиллагаа манай төлөвлөгөөнд орчихсон байгаа. Тухайн үед энэ бүх ажлаа цэгцлээд хэвлэлийнхэнд мэдэгдэнэ. Ази, Европын орнуудын алдартай бүжигчдийг монголд авчирч сургалт зохион байгуулах бодол байгаа. Р.Мөнгөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Amaraa:
Good Ih surguulid baihdaa minii yavah zam bol Break dance yum bna geel surguulia hayjiisan hun shd.
2012-10-01