
Соёл, спорт, аялал жуулчлалын Сайд Ц.Оюунгэрэл харъяа байгууллагуудынхаа үйл ажиллагаатай танилцаж эхлээд байгаа. Энэ ажлынхаа хүрээнд энэ сарын 26, 28-ны өдрүүдэд Байгалийн түүхийн музей, Үндэсний музей, Богдын музей, Чойжин ламын музей, Дүрслэх урлагийн музейн барилга байгууламж, сан хөмрөг, хадгалалт хамгаалалтын үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр музейн удирдлагууд өөрсдийн музейд тулгамдаж байгаа асуудал болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлаа тайлагнасан юм. Байгалийн түүхийн музейг нураах шийдвэр гарсан учир музейн үзмэрийг хадгалах, байршуулах газар олж тогтоох, зардал хөрөнгийг тооцон гаргахыг холбогдох хүмүүст нь үүрэгдлээ. Дүрсэх урлагийн музейн өргөтгөлийн ажлын зураг төсөл гарсан бөгөөд эдийн засгийн тооцоог гаргахаар боллоо.
Харин Чойжин ламын сүм музей, Богдын музейн хувьд хамгаалалтын бүсэд нь халдаж газар олголт хийгдсэнээр барилга байгууламж сүндэрлэх болжээ. Ингэснээр СӨХТХ-ийн “уран барилгын цогцолбор зэрэг түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн харагдах сүр барааг хадгалах” тухай заалт зөрчигдөж, музейн сан хөмрөг, барилга байгууламжид цууралт үүсэх, нурах аюул тулгарчээ. Салбарын сайд энэ бүх зүйлтэй биечлэн танилцаад, музей бүр өөрийн гэсэн мэргэшсэн сэргээн засварлагчтай байх, алдсан газруудаа буцаан авах, найдвартай, шаардлага хангасан музейн барилгатай болох, үзмэр бүрийг зориулалтын хорготой болгох шаардлага байгааг онцоллоо.
Мөн Нийслэлийн Засаг Дарга болон холбогдох албаны хүмүүстэй музейн хамгаалалтын бүс, газрын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийх ажлыг зохион байгуулахаар боллоо. Яамны зүгээс удахгүй засгийн газарт соёлын өвийн тухай шинэчилсэн найруулгыг өргөн барих гэж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ