
Ням гаригт Бангладешийн урд хэсэгт байдаг Кокс-Базар хотын буддын шашинтнууд оршин суудаг Раму дүүргийг лалын шашинтнууд сүйдэлжээ. Олон нийтийн сүлжээний хуудас Фейсбүүкт Коран судруудыг шатаасан зураг тавьснаас болж ийнхүү буддын сүм болон иргэдийн орон гэрийг шатаасан байна.
Жагсагчид буддизмын эсрэг уриа хашгирч, Мусульманчуудын гэгээн судрыг буддын шашинтай хүү шатаасанд хилэгнэсэн хэмээн орон нутгийн цагдаа хэлсэн юм. Гэхдээ хүү зургийг өөрөө нийтлээгүй, харин түүний фейсбүүкийн нэр зурган дээр хадагдсан байжээ. Хүүгийн хаягийг устгаж, нэрийг нь нууцалж байна.
Бослого ням гаригийн өглөө эхэлж үд дунд хүртэл үргэлжилжээ. Эсэргүүцэгчид эхлээд оршин суугчдын эд зүйлсийг дээрэмдээд, дараа нь галдан шатаасан байна. Мөн Рамуд долоон сүм шатаж, өөр хэсгүүдэд таван сүм сүйджээ.
Дор хаяж 50 байшин шатсан бөгөөд Засгийн газраас тэдгээрийг сэргээн хуучин хэвэнд нь оруулж өгөхөөр болжээ. Дахин хүчирхийлэл гарахаас сэргийлж цагдаа, цэргийнхэн тус хэсгийг хамгаалж байна.
Бангладешийн дотоод хэргийн сайд Мохиуддин Хан Аламгир уг хэргийг урьдаас төлөвлөсөн хэмээн Банладешийн Үндэсний намыг буруутгаж байгаа юм. Учир нь шатсан хэсгүүдээс дарь, түлш олджээ. Хэргийг шалгаж арав хоногийн дотор мэдээлэх үүрэг өгсөн байна.
Бангладешийн хүн амын 90 хувь нь лалын шашинтай бөгөөд нэгээс доош хувь нь буддын шашинтнууд байдаг.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ