
Сар гаруй хугацаанд үзэгчдийг дэлгэцийн өмнө уясан “Ододтой бүжиглэе-II” шоуны ялагчаар буудлагын спортын тамирчин, ОУХМ Ц.Хонгорзул тодорчээ. Өчигдөр “i Loft function house”-д болсон эцсийн шатны шалгаруулалтаар бүжиглэх авьяастай тамирчин бүсгүй шүүгчдийн болон үзэгчдийн мессэж саналаар илт давуу ялалт байгуулан Гран при шагналын эзэн болсон юм.
Бүжгийн спортын олон төрөлд өөрийгөө сорьж, бүдүүн баараг гэгддэг спортын тамирчдаа ямар ч зүйлд сөхрөхгүй болохыг харуулж чадсан Ц.Хонгорзул таван сая төгрөг, гадаадад амрах эрхийн бичгийн хамт гардаж авчээ.
Тамирчны өмсгөлөө бүжгийн гоёмсог даашинзаар сольсон тэрбээр “Тамирчид ч гэсэн бүжиглэх авьяастай гэдгийг харуулж чадлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Тэгвэл шоуны хоёрдугаар байрт “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Батууш тодорч мөн л гадаадад амрах эрхтэй болсон төдийгүй хамт олон нь түүний амжилтыг хоёр сая төгрөгөөр мялаасан юм.
Харин гуравдугаар байрыг “DOZ” энтертайнментийн жүжигчин А.Мөнгөнзул хүртсэн бөгөөд тэмцээний турш сайхан хөлөөрөө гайхуулсан бүжигчин эхнэртээ Ш.Доржсүрэн тун ч романтик бэлэг барьсан нь олныг алмайрууллаа. Тэрбээр тайзнаа сөхрөн гэргийдээ хүндэтгэл үзүүлсэн бөгөөд бүжигчин бүсгүй түүнийгээ ихэд дотноор тэвэрч хэн бүхний сэтгэлийг хөдөлгөмөөр үйл явдал болсон.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ