
Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж буй энэ цагт хэн хүнгүй л хэрхэн дулаан өвөлжих талаар бодож эхэлсэн нь лавтай. Гэр хорооллынхон түлээ нүүрсний үнэ судалж, байрны оршин суугчид халаалтын хэм, дулаан гараашны асуудалд толгойгоо гашилгана. Малчид өвөлжөөнийхөө газрыг цэгцэлж, өвсөө татах гээд л улс орон даяараа өвлийн бэлтгэлдээ орно доо. Тэгвэл дээр дооргүй өрнөсөн энэ их бэлтгэлийн хажуугаар дулааны худаг буюу траншейд амьдарч байгаа хүүхэд багачуудад хэн анхаарал тавьж байна вэ.
Зуны цагт голын бургасанд хоног төөрүүлж, өвлийн улиралд траншейд толгой хоргодож яваа тэд хэнд ч хамаагүй мэт “хөсөр хаягдсан” улс. Цэмцгэр хувцасласан ихэмсэг эрхмүүдийн хувьд бол гуйлга гуйж, хулгай хийж, хог түүсэн ноорхой жаалууд ёстой л гудамжинд хийссэн чихрийн цаас мэт санагддаг биз. Үнэндээ зах дээр хүнд ачаатай тэрэг түрж, уушны газарт ном, бохь зарах гэж чадан ядан яваа бяцхан хүүхдүүдийг ч бид өдөр тутамд харж дассан шүү дээ.
Өнгөрсөн хавар Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр тохиоход манайхан яаж сүржигнэлээ дээ. “Хүүхдийн” гэх тодотголтой олон байгууллага уриа лоозон гаргаж, энэ тэрүүгээр баахан бичиг цаас тараагаад хэрэндээ л бужигнасан. Арай дөнгүүр хэд нь телевизээр ярилцлага өгч, тогтооход ч бэрх тоо баримт дурдаад баахан ажил “тайлагнасан”. За, тэгээд зарим нь гудамжинд сууж байгаа нусгай жаалуудаас эхлээд л самар аягалж, чихэр бохь зарж яваа охид хөвгүүдийн тухай яриад эгээтэй л нулимс дуслуулж, ухаан алдаж унасангүй.
Гэхдээ тухайн үед хэний ч мэдэхгүй тоо баримт дурьдаж, өнгөт зурагтай бичиг цаас тарааж сууснаас нүдэнд үзэгдэж, гарт баригдах зүйл хэр их хийсэн бол доо гэх бодол хүмүүсийн санааг зовоож байсан нь тодорхой. Хүүхдийн байгууллагын дарга, цэргээс эхлээд цэвэрлэгч нь хүртэл гудамжинд гуйлга гуйж, зах дээр тэрэг түрж, самар зарж, бохь ширхэглээд аяга хоолны төлөө чадан ядан зүтгэж яваа балчир үрсийн төлөө хийх ажилд “Маш их мөнгө хэрэгтэй. Одоо өгч байгаа нь хангалтгүй байна. Дээрээс нь бидний цалин хөлсийг нэмэх ёстой” гэж үглэх нь гайхал төрүүлж байна. Гэтэл ядаж захын дүүрэгт амьдарч, хаягдал ясны хоосон шөлөөр хүүхдүүдээ тэжээж байгаа ядарсан эхчүүдэд тэд яг яаж тусалсан юм бэ. Асрах төвд орхигдоод аав ээжийгээ санаж бэтгэрсэн жаалуудыг нэг удаа ч болов, хүүхдийн паркт тоглуулсан бил үү.
Ахан дүүстэйгээ уулзалддаг сар шинийн баяраар аав ээжийг нь орлоод ганц удаа ч болов, тэдэнтэй золгож үзсэн болов уу. Ердөө ч үгүй. Олон нийтийн арга хэмжээ, шоу тоглолт төдийхнөөр аргацааж хуурсан тэдний ажлыг голох хүн цөөнгүй байдаг. Энэ нь ч үнэн. Сайхан сэтгэлтэй хүмүүсийн хийж буй буяны арга хэмжээ, хүмүүнлэгийн ажилд оролцож явахдаа бид энэ мэт үгсийг ч олонтаа сонсч байлаа. Асрах төвийн бэтгэрсэн жаалууд, гудамжинд гуйлга гуйгаад даарч зүдэрсэн хүүхдүүд ч үлгэр мэт санагдах тэр сайхан амлалтуудаас хол амьдардаг нь нууц биш. Улсын болон зарим нэг хувийн асрах газруудад тусламж дэмжлэг үнэхээр хэрэгтэй байдаг юм билээ.
Гэтэл бас гадаадын зээл тусламж, томоохон байгууллагын хангамжинд даварсан нь ч бий. Ямартаа л, асрах төвийнх нь хүүхдүүдэд хувцас хунар, бэлэг сэлт өгч буян хийхийг хүссэн хүмүүст “Бид нар завгүй байна. Тэгээд ч наад бэлэг сэлтийг чинь аваад байх шаардлагагүй. Үнэхээр өгөх гээд байгаа юм бол үүдэн дээр орхиод явчих” гэсэн хахир хариу ч өгсөн газар бий гээд бод доо. Нэрийг нь дурдаад яахав, энэ мэт газруудаас болж иргэд хаана, хэнд хандаж, хөөрхий хүүхдүүдэд тусламжийн гараа сунгах талаар мэдлэг муутай явдаг. Гэтэл иймэрхүү асуудлаа цэгцэлж, үйл ажиллагааг нь нэгтгэж чадахгүй байж “Хүүхдүүдэд туслах газар алга.
Хүмүүс ерөөсөө тоодоггүй” гэж худлаа сүржигнэхээ болимоор юм. Бас болоогүй ээ, хүүхдүүдээ “хөлслөөд” гудамжинд орхисон, хөдөлмөрлөж олсон мөнгөөр нь архидаж дуусгадаг эцэг эхчүүдэд хариуцлага тооцох арга хэмжээ аваагүй байж “Хүүхдийн эрх зөрчигдлөө. Хүнд хөдөлмөр эрхэлж байна” гэж хий дэмий яриад яахав дээ. Үнэндээ бид өнгөрсөн хугацаанд ярьсаар, бодсоор, “мөрөөдсөөр” ирсэн. Харин энэ бүхнээ хэдийд хэрэгжүүлж, бодит үйл хэрэг болгох вэ гэдэг ганцхан асуултыг мөнөөх “Хүүхдийн” гэх тодотголтой эрхмүүдэд тавимаар санагдлаа. Хүүхэд гэдэг чинь шоу биш, бас та нарын мөнгө нэхсэн хөдөлмөрийн “тайлан” биш гэдгийг л энд сануулья.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ