Ч.Ганбат “Лондон-2012” фото зургийн үзэсгэлэнгээ толилуулна

img

Олимпийн салхийг хагалж хүрэл медаль хүртсэн С.Ням-Очирын барилдааны торгон аварга агшин, Н.Түвшинбаярын Лондонгийн олимпийн наадамд финалд үлдэж буй дүр зураг, гуравдахь олимпоосоо анхны хүрэл медаль хүртэж буй У.Мөнх-Эрдэнийн баярт царай, Монголын эмэгтэй бөхчүүдээс анхны олимпийн медальтан болсон С.Батцэцэг, мөнгөн медалиа чамлаад нулимс дуслуулсан Н.Төгсцогтын ялалтын гайхалтай хором бүхнийг фото зурагчин Ч.Ганбат цаг алдалгүй уншигчдад илгээсэн билээ. Монгол Улсаас телевиз, сонины сэтгүүлчид олимпийн наадмыг сурвалжилж байсан бол Лондонд анх удаа фото сурвалжлагч олимпийн эрх өвөртөлсөн нь энэ. Монголын баг тамирчдын болон дэлхийн шилдгүүдийн ялалт, ялагдлын тэр ховорхон агшинг цаг алдалгүй дуран авайдаа үлдээсэн Ч.Ганбат “Лондон-2012” дижитал болон гэрэл зургийн үзэсгэлэнгээ аравдугаар сарын 3-8-нд Уран зургийн галерейд олон нийтийн хүртээл болгохоор төлөвлөжээ. Тэрээр “Токио-2010”, “Парис-2011” жүдо бөхийн ДАШТ, “Гуанжоу-2010” Азийн наадам, “Хонконг-2009” Зүүн Азийн наадмыг сурвалжилж байсан туршлагатай нэгэн төдийгүй "Монгол бөх Гиннест" гэрэл зургийн альбомыг спорт сонирхогчдын хүртээл болгосон уран бүтээлч юм. Ц.Ганбаатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ