Намрын налгар сайхан энэ өдрүүдэд ууган телевизийн 45 жилийн ой тохиож байна. Энэ л цаг үетэй давхцаж телевизийн байгууллагыг удирдаж, хүчин зүтгэж явсан бүхий л уран бүтээлчдийг үзэгч олон бахархан ярилцаж дурсан санадаг билээ. Тэдний нэг болох олон хүнийг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн, телевизийнхэн дундаа үлгэр домог шиг яригдаж, “Бурхан дарга” хэмээх хүндэтгэлийг хүлээсэн даруухан атлаа энгүүн их ачтан Д.Жаргал даргыг сэтгүүлийнхээ хүндтэй зочноор урьж ярилцлаа. Сонирхуулахад, олны танил ихэнх уран бүтээлч Жаргал даргын дэмжлэгээр өдий зэрэгт хүрсэн гэж бахархан ярьдаг юм билээ.
Юуны өмнө Танд МҮОНТ-ийн 45 жи-лийн ойн баярын мэндийг сэтгүүлийнхээ хамт олны өмнөөс хүргэе!
Баярлалаа. Хамт олондоо ч гэсэн энэ баярын мэндийг хамтатган дайя.
Та телевизэд хашиж байсан албан тушаалынхаа талаар яриач. Ихэнх хүний амнаас Жаргал дарга гэдэг үг л гарах юм. Ингэхэд Та дандаа дарга хийж явсан хүн үү?
Энэ нь ийм учиртай юм. Радио телевизэд сурвалжлагч, редактор, хариуцлагатай редактор, утга зохиолын нарийн бичгийн дарга, орлогч дарга, аан тэгээд дарга гэсэн ийм зургаан албан тушаал байдаг. Энэ бүгдийг нь хийсэн. Зарим албан тушаалыг нь бүр хоёр хоёр дахин хийсэн байх юм. Телевизийн ерөнхий захирлыг хоёр удаа, програмын албаны даргыг мөн хоёр удаа хийсэн. Түүнчлэн телевизийн орлогч даргаар арван жил тасралтгүй ажиллажээ.
Танд энэ олон албан тушаалын аль нь сэтгэлд их ойр дурсамж үлдээсэн гэж бодож байна. Хамт олонтойгоо ойр болох боломжийг аль нь түлхүү олгов?
Программын албаны дарга хийж байсан үе минь сэтгэлд их ойрхон дурсамжийг өгүүлдэг юм. Энэ албанд 10 жил ажиллахдаа би хамт олонтойгоо их ойр болсон. Тэгэхэд залуу ч байж дээ. Ер нь телевизийн ажил хэцүү ч гэсэн сайхан. Манайх чинь сонинтой огт адилгүй. Хөгжмийнхөн, зураач, инженер, редактор, зохиолч гээд олон хүний хөдөлмөр шингэж байж нэг бүтээл амилдаг юм.
Тэгвэл Таныг ажиллаж байхад ямар нэвтрүүлэг сенсааци дэгдээж байсан бэ?
Би сургууль төгсч ирээд Залуучууд, спортын редакцид хариуцлагатай редактороор орсон. Тус редакцид одоогийнхоор бол уралдаант шоу нэвтрүүлгүүдийг түлхүү хийж байлаа. Тэнд бас их ч авьяастай хүмүүс ажиллаж байсан л даа. Бадрах найруулагч, оператор Дорж нарын мэргэжлээ гаргууд эзэмшсэн чадварлаг уран бүтээлчид байлаа. “Авхаалжит сэргэлэнчүүдийн клуб” (АСК)-ын уран бүтээлчид уралдаант нэвтрүүлгүүдээ хүргэж байсан гээд олон уран бүтээл, авьяаслаг уран бүтээлчдийн хөдөлмөрөөр дамжин Монгол телевизийн дэлгэцнээ гарч байсан. Ер нь дэлгэцэнд мөнхөрсөн бүтээлийн талаар яривал их цаг орох болно. Яагаад гэвэл нэвтрүүлэг болгон он цаг, дурсамжтайгаа үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн байдаг юм шүү дээ.
Тэгвэл телевизэд дарга байхад тань хэн гэдэг уран бүтээлч хамгийн сайн нэвтрүүлэг бэлтгэж Таныг баярлуулж байсан бэ?
Одоо бурхан болчихсон доо. Их санаачлага, их авьяастай Батын Дорж гэж сайхан хүн байлаа Тэр хүн Батмөнх даргын ойрын хамаатан. Түүний аливаа зүйлийг сэтгэлээсээ хийдэг чанар нь намайг баярлуулдаг сан. Мөн Бадрах, Жандал нарын олон найруулагчийн бүтээлд сэтгэл тэнэгэр явдаг байв. Мөн зураг чимэглэлийнхнээс Гоош, Балдандаржаа гээд ер нь олон хүний хийсэн бүтээл намайг баярлуулдаг байсан.
Ингэхэд Та яагаад гуншингаа тэр бүр ярьдаггүй юм бэ. Та чинь Соёлын гавьяат зүтгэлтэн байх аа?
Би энэ алдраа хүнд хэлэхээс ичдэг юм аа.
Яагаад?
Хүн загналаа гэж гавьяат болсон болохоос биш хийсэн юмаар дулимаг хүн шүү дээ (инээв).
Харин ч Таныг телевизийн хамт олон их үнэлж хүндэтгэдэг юм билээ. Та телевизийн даргаас гадна тоо физикийн багш хийж байсан гэсэн үү?
Тийм ээ. 1962-1966 он хүртэл Монгол III дунд сургуульд тоо физикийн багшаар ажилласан.
Бас таныг тооны олимпиадад хүүхэд байхдаа түрүүлж байсан гэж сонссон?
Цагаан багшийн санаачилсан математи-кийн олимпиадад IX, X ангид байхдаа оролцон нэг удаа гурав, нэг удаа хоёрдугаар байр эзэлж байсан юм. Ер нь ингээд бодоод байхад би арван жилийн сурагч байхдаа их идэвхтэй хүүхэд байжээ.
Би арван жил сурахдаа есдүгээр ангийн гуравдугаар улирлаар л химийн хичээлд ганцхан удаа дунд гарч, бусад бүх улирлаар онц гарсан байдаг. Бас гуравдугаар ангиас эхэлж ангийн даргаар сонгогдож арав төгсөтлөө хийсэн. Гэхдээ долдугаар ангидаа гуравдугаар улирлын хавьд байх аа, огцорч байсан санагддаг юм.
Тэр үед намайг сахилгагүй хүүхдүүдтэй үймүүлдэг гээд хурал хийн огцруулж байсан нь санаанд тод үлджээ. Энэ ч утгаараа телевизэд ажилласан түүхээ энэ бүхэнтэйгээ нийлүүлэн дурсахад сайхан санагдаж байна шүү.
Та ер нь нэвтрүүлэгчидтэй хэр тулж ажилладаг байв. Тэднийг ямар шалгуураар сонгож авдаг байсан юм бэ?
Радиогоор дамжуулж авдаг байсан. Радиогоор дамжуулдаг учир нь гэвэл тэнд хэл, үгийг нь зүгшрүүлээд дараа нь царай зүс сайтайг нь телевизийн нэвтрүүлэгчээр авна. Гэхдээ тэр шалгаруулалт их хатуу байсан. Коллегийн хурлаар орно. Бүх дарга нар сууж байгаад зан араншин, сахилга батынх нь талаар ярьдаг байсан. Хамгийн гол нь мэдлэгийнх нь төвшинг шалгахыг хичээнэ. Мөн дээр нь орос хэлтэй байх шаардлага тавина.
Нэг хэсэг нэвтрүүлэгчид гавьяа шагнал авах хандлага түгээмэл байсан болохоор ийн асууж байна. Цаана нь жинхэнэ уран бүтээл хийсэн хүмүүс хөдөлмөрөө үнэлүүлэхгүй хоцроод байна уу гэх бодол тэр үед нэлээд хүнд төрдөг байсан болов уу?
Нэг хэсэг ийм буруу зүйл байсан гээд хэлчихвэл нэвтрүүлэгчдээ муу хэлсэн болж таарах байлгүй. Гэхдээ л нэвтрүүлэгчид гавьяат болдог байсан. Яг үнэндээ бол диктор гэдэг чинь бичиг үсэг тайлагдсан, гайгүй шиг царай зүстэй, тэгээд хурц хэлтэй хүнийг хэлдэг юм шүү дээ. Тэд хүний бэлтгэсэн юмыг л уншина. Гэтэл тэрнийг чинь цаасан дээр буулгах, зураг авах, хөгжим хийх гээд махаа идсэн олон ажил ундардаг. Ер нь радио телевизийн анхны гавьяатууд нь дандаа дикторууд байдаг л даа.
Таныг маш олон магтаалын үг тойрдог. Ер нь та ажлаа хийж байхдаа арга хэмжээ авахуулж байсан уу?
Би амьдралдаа нэг л удаа донгодуулсан хүн.
Юунаас болж донгодуулсан гэж?
Нэвтрүүлэг муу хийсэн гэж донгодуулахгүй юу даа.
Ямар нэвтрүүлэг муу хийсэн гэж тэр вэ?
“Цэнхэр дэлгэц” гэдэг нэвтрүүлэг муу хийсэн гэж зэмлүүлж байлаа. Тухайн үеийн “Цэнхэр дэлгэц” нэвтрүүлэг чинь өнөөгийн “Баярын мишээл” юм шүү дээ. Тэр үед би гадаадад кино наадамд яваад Улсын баярын өмнөхөн буюу долдугаар сарын 8-нд ирж билээ. Тэгээд “Цэнхэр дэлгэц” нэвтрүүлэг яасан бэ гэхэд, Чойжил дарга хальс нь бэлэн байгаа үздэг хүмүүс нь ирж үзнэ биз гээд хээвнэг хариулж байв. Тэгтэл удсан ч үгүй Филатова (Цэдэнбал даргын эхнэр) ирж үзээд сонгодог дуурь, бүжгэн жүжиг алга. Дан цаас өлгөөд тайзаа муу хийж энэ тэр гээд олон юм хэлээд гаргах эрхгүй болгосон. Тэрбээр долдугаар сарын 10-нд ирж үзэж ийнхүү эрхийг нь хасч байлаа. Тэгээд фондод байсан эх орны тухай дууг тавьж үзэгчдэд хүргэсэн. Ингэж л амьдралдаа нэг удаа донгодуулсан хүн дээ. Ер нь би арван жил наадмын талбайгаас салаагүй. Чулуунтайгаа их ажилласан даа. Нөгөө хэдийнхээ ажлыг зохицуулах гэж гүйж байгаа нь тэр. Тэгж явахад сэргийлэхийнхэнтэй үзэлцэх том ажил гардаг байсан. Телевизийнхэнийг оруулахгүй, зураг авахуулахгүй гэснээс болж маргаан үүсдэг байсан юм.
Тухайн үед таныг дарга байхад өнөөгийн телевизүүдийн дарга нар таны удирдлагад ажиллаж байсан уу?
Тэгэлгүй яахав. Хэд хэдэн телевизийн дарга надад “загнуулж” байсан хүмүүс байдаг л юм. Балхжав, Сарангэрэл, Алтай, Энхбат, Авирмэд гээд олон хүн бий.
Та тэднийг юу гэж зэмлэдэг байв аа?
Юм уншихгүй, үзэхгүй байна, хариуцлагагүй байна гээд л үглэдэг байсан биз, одоо бодоход. Гэхдээ тэд надад нэг их загнуулж байгаагүй. Айдаг эмээдэг л байсан байлгүй. Тэд намайг лав л их хүндэлдэг байсан нь мэдрэгддэг юм.
Телевизийнхэнийг бас архи их уудаг байсан гэж ярьдаг юм билээ. Та зооглодог байв уу?
Би тэгж нэг их архи уудаг хүн биш. Харин телевизэд ирсэн даруйдаа архитай их тэмцэж байсан санагдана.
Ингэхэд Та яг ямар мэргэжилтэй юм бэ?
Уг нь би мэргэжлээрээ явсан бол алт, лицензтэй холбоотой ажил эрхлэх байсан болов уу. Анх Москвагийн Уул уурхайн дээд сургуульд явж байлаа. Тэгээд олон шалтгааны улмаас энэ мэргэжлээрээ яваагүй. Одоо бодоход хувь заяагаараа телевиз радиотой ажил, амьдралаа холбожээ гэж боддог юм. Энэ заяандаа ч сэтгэл хангалуун явдаг юм шүү дээ.
Та хэдэн хүүхэдтэй вэ. Лав л мэргэжлээ хүү Авиддаа өвлүүлсэн гэсэн?
Би хоёр хүүтэй байсан. Харамсалтай нь нэг хүү маань бурхан болсон. Одоо том хүүгийн гурван хүүхэд бий. Том нь сая маамуулж, ачийг маань үнэрлүүлж намайг их баярлуулсан. Хүүхэд гаргасан ач охин маань өнгөрөгч хавар холбооны чиглэлээр дээд сургууль төгссөн юм. Хүүхдээ тавдугаар сарын 30-нд төрүүлээд зургадугаар сарын 3-нд сургууль дээрээ очиж дипломоо хамгаалж байсан. Амралтын өдөр энэ хүүхдүүд маань над дээр ирж магнайг минь тэнийлгэдэг. Харин ажлыг маань Авид хүү маань үргэлжлүүлж байгаа. Тэр маань операторын мэргэжилтэй.
Та одоо хэнтэй их ойр нөхөрлөдөг вэ?
Цоодол, Нямдаш нар байнга ирнэ. Ялангуяа Нямдаш эхнэртэйгээ ирэхээс гадна өдөр бүр утсаар ярьдаг. Тэрбээр дээхэн үед Төв Хорооноос гаргадаг байсан эдийн засгийн сэтгүүлд ажиллаж байсан. Уг нь төмөр замын хүн юм шүү дээ, машинист мэргэжилтэй. “Ган зам” сонины эрхлэгч хийж байгаад гавьяаныхаа амралтад суусан. Мөн Чулуун байнга ирж, өдөр бүр утасддаг. Нутаг нугынхнаас бол ардчиллын загалмайлсан эцэг гэгддэг Бямбасүрэн байна. Түүн дээр би очдог юм. Тэр хүн зус-лангийнхаа хашаанд жимс жимсгэний 40 гаруй нэр төрлийн 1300-аад мод тарьсан байна билээ. Их хөдөлмөрч хүн л дээ.
Одоо таны гарын үзүүрт хэн их зарагдаж байна?
Манай Авидын хүүхдүүд гарын үзүүрт мөн ч их зарагдана шүү дээ.
Б.Даариймаа
Эх сурвалж: "ТВ7" сэтгүүл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ