Хайрын дуутай, хамгийн доргио фэнүүдтэй “Номин талст”-ын үдэш

img

...Монголын рок попын ертөнцөд хөл тавьсан цагаас хойш даруй 15 жил өнгөрчээ. Цаг хугацаа ч харвасан сум шиг шунгинаад одож. “Дурласан сэтгэл”-ээр охидыг уярааж, “Цас хаялсан үдэш”-ийн болзоонд урин “Чинийх” хэмээн зүрхээ даатгаж явсан шавилхан хөвгүүд өдгөө ажил, амьдрал нь тогтсон идэр залуус болж хувирчээ. Тиймээ, энэ бол “Номин талст” хамтлаг шүү дээ. Одоогоос 15 жилийн өмнө Хөгжим бүжгийн коллежоос уран бүтээлийн гараагаа эхэлсэн “Номин”, “Талст” хамтлагууд ийн нэгдсэнээр рок попын ертөнцөд нэгэн шинэ хуудсыг нэмсэн түүхтэй. Угтаа бол реп, хит хоп бүжгээр хоорондоо өрсөлдөж явсан хөвгүүд нэг л өдөр дуу хоолойгоо нэгтгэсэн хэрэг. Хайрын үгтэй уянгын дуунуудыг нь охид залуус сонсох дуртай болсноор тус хамтлаг урлагийн тайзнаа өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тэгвэл өдгөө ч фэнүүдээ алдаагүй яваа “Номин талст”-чууд 15 насныхаа ойн баярыг томоохон хэмжээний тоглолтоор мялааж өнгөрөгч бямба, ням гарагт хайрын дуутай үдшээр бэлэг барилаа. Мэдээж хэрэг, тоглолтын өмнөх бичигдээгүй хууль ёсоор товлогдсон хугацаанаасаа даруй нэг цагаар хоцорсон ч үзэгчид бухимдсангүй. Гагцхүү тус тусынхаа суудалд тухтай нь аргагүй шигдээд тоглолт дуустал ганц хором ч өндийхгүй гэсэн янзтай тайван харагдав. Харин тайзны ард бол өөр өө. Удтал хүлээлгэсэн тоглолтоо эхлүүлэх гэхдээ “Номин талст”-ын залуус цаанаа л нэг догдлонгуй яваа бол, урлагийн найз нөхөд нь урам хайрласан баярын мэндчилгээгээр “булах” дөхнө. Тэдэнтэй эн зэрэгцэн уран бүтээл хийж, битүүхэндээ өрсөлдөж явсан уран бүтээлийн андууд, үе тэнгийнхэн нь ийн бүчиж авчээ. Юутай ч, өвөрмөц загвараар зассан тоглолтын тайзнаа тэд “Би гэртээ” хэмээх дуугаараа гарч ирсэн юм. ...Би гэртээ Нэг ч уруулын будгийн толбогүй Би гэртээ Сүрчгийн нялуун үнэргүй Би гэртээ Бүсгүйчүүдийн утасны дугааргүй Би гэртээ Нууцлаг дурлалын шархгүй Чамайгаа тэврэхээр яаран очно оо Чамайгаа үнсэхээр яаран очно оо... хэмээн сэтгэл уяртал доргиосон залуусын дуу үзэгчдийн шүгэлдэх чимээ, алга ташилттай хоршин ёстой “бут” авсан шүү. Тэд ийн уяраагаад зогссонгүй. “Бид” дуугаа шинэчилсэн хэлбэрээр нь дуулгасны дараа “Оюутан охидод өрөө хөлслүүлнэ” жүжгийн дуугаар зар тарааж, “Би түүнийг харахаараа” хэмээн хайрын үгээр мессеж илгээсэн төдийгүй “Хайртай байсныг чинь мэдсэнгүй” гэж ирээд л харуусал тээсэн дуутай цуг хамаг бүхнээ “уудлав”. Номин талст”-ын дуу бүхэн сюрпризтэй, бас бүжигтэй гэж байгаа. Тэр сюрприз нь юу вэ гэвэл, тэдний дуулсан дууны клип юмуу киноны хэсэгт тохирсон жүжиглэлт. Д.Батсүх “Татаар ажиллагаа” киноны дуу болох “Би чамдаа итгэдэг” дуугаа ганцаараа дуулсан бөгөөд сейф онгойлгогч залуугийн дүрээр хувцаслажээ. Түүнтэй хамт энэхүү дууг олонд хүргэсэн дуучин Б.Амархүү гадаадад тоглолтоор яваа тул ирж амжаагүй гэсэн. Харин өнгөрсөн жилүүдэд дуучин гэхээсээ илүү боевик хэмээн дуудуулж явсан Т.Дэлгэрмөрөн “Буруу эргэлт” киноны дуугаар залууст үерхэл нөхөрлөлийн үнэ цэнийг жинхэнэ утгаар нь мэдрүүллээ. Мэдээж хэрэг, нэгэнт тайзан дээр гарсны хэрэг юу билээ. Үзэгчдийн суудалд тухалсан хайртай гэргийдээ мэндчилгээ дэвшүүлэхээ мартсангүй. Нэгэн цагт Италид сурдаг хайртай бүсгүйгээ өөрийн болгохын тулд хэвлэлээр дамжуулан сэтгэлээ илчилж явсан Т.Дэлгэрмөрөн “Амин зүрх” цомгоо ч мөн Жулианадаа зориулж байсан билээ. Харин өдгөө хөөрхөн охин төрүүлж өгсөн ханьдаа одоо хэр нь романтик бэлэг барьдаг болохоо харуулсан дуучин залуу тоглолтынхоо тайзан дээрээс түүнд 999 сарнай бэлэглэж, фэн охидоо ахин дурлуулах нь тэр. Түүний дараа дуу цөөтэй гэдгээрээ хөтлөгч Б.Анхбаярт бараг л хочлуулах дөхсөн Т.Хангэрэл буюу Хаазаа царайлаг охидтой хамт бүжиглэж нууц “Захиа”-гаа задалсан. А.Хаянхярваагийн хувьд, бас л томоохон сюрприз бэлтгэж. Тэрбээр өөрийн охин Х.Танхилуунтай цуг “Зүүдний учрал” дуугаа дуулсан бөгөөд авьяаслаг “шавь” нь түүний хуучин хамтрагчаас дутахааргүй гэдгээ харуулсан шүү. Ийн хайрын дуугаар уянгалсан “Номин талст”-ын үдэш үзэгчид уярал хайр, ухаарал, дурсамж бүхнээ эргэцүүлэн тунгааж, өнөө хэр нь хуучраагүй тэрхүү сайхан аялгуун дор өнгөрсөн бүхэндээ эргэн очих шиг болсон. Тоглолтын дундуур рок попын уран бүтээлчид “Номин талст”-ын фэнүүдэд зориулан ая дуугаа өргөсөн бөгөөд азтай үзэгчээр Н.Халиун гэх бүсгүй тодорч, БНХАУ-ын Шанхай хотоор гэр бүлийнхэнтэйгээ хамт аялах эрхийн бичгээр шагнуулсан давхар баяр тохиолоо. Үзээд ханахгүй, бас ахин үзэхээс ч буцамгүй, мартахын аргагүй дурсамжтай тоглолтоор бэлэг барьсан “Номин талст”-ыг үдмээргүй л байлаа, энэ үдэш. Сэтгэл хөглөсөн уянгалаг дуунуудыг нь ахин дахин сонсохыг хүссэн фэнүүддээ тэд шинэ уран бүтээлээр сюрприз барина гэдгээ амласан ч үзэгчдийн санаа амраагүй. Алга ташилтаар мялааж, 15 жилийн турш хийж бүтээсэн бүхнийг нь амжилтад хүргэж ирсэн үзэгч, сонсогчиддоо тэд “өртэй” үлдсэн гэдгээ ч энд бас мэдрүүлээд авсан. Тийм ээ, энэ бол “Номин талст”. Рок попын ертөнцөд нэгэн түүх нэмсэн бидний талст шүү дээ. Р.Мөнгөн Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энэрэл:
dajgui toglolt bolson. delgermurun gaihaltai goyo beleg ugsun yooh ter sarnai unen goyo bsn
2012-10-16
Gomdson:
bi ehnii udriin togloltiig uzsen. tugsgul ni taalagdaagui duugaa duusgaad l shuud yavaad ortsgoochihson gomdson za
2012-10-05
HUMUUSEER UURSDIIGUU SAIN URUWDUULJ CHADDAG HAMTLAG. JISHEE HUN BOLGON EEJDEE HAIRTAI, TEGED L EEJIIN TUHAAI BAAHAN DUU, HUN BOLGON HUUHDUUDDE HAIRTAI, OHINTOIGOO HAMT DUULNA, BAS EHNERTEE SARNAI BELGELDEG CH BAIH SHIG, GERTEE OCHOOD UGCH BOLNO BIZ DEE. HOOLOINII UR CHADWAR TAARUUHAN, IHENHDEE NIITIIN DUU DUULDAG,MERGEJLIIN BUS MASS D ZORIULAGDSAN MAAZARSAN HAMTLAG GEJ BODDOG.
2012-10-02
tuya:
niitlel medeelliig n sitnii setguulch n ih saihan bichjee. amjilt
2012-10-02
tuya:
ug n ih dajgui hamtlag daanch ih ongiroo boltsgooson bn Lee. tv geer bid naraas iluu humuus mgld bhgui ch geh shig.
2012-10-02
sainaa:
Neeree Haazaa ah ih goe bsan shuu, Haazaa ahiig tsomog gargahiig tesen ydan huleej bna shuu,
2012-10-02
ganaa:
Uneheer saihan toglolt bolson shuu, setgel hanamj 100%, Haazaa ah uneheer goe bujiglesen shuu, ah nartaa amjil husie.
2012-10-02
zaluus:
jinhene mongol ayalguutai hamtlag daa
2012-10-02
nomin talst myashdee camerton iig guitsehgui
2012-10-01
Zochin:
Hayanaa ohintoigoo yostoiu goyo duulj bsan Ohin ni huurhun ohin bn le
2012-10-01
zochin:
Yo ter emoshin hamtlag bag alsaan shaal t1 duulsan ter 3 g duulsanaas hoish neg l zambaraagui bolood yawchihsan
2012-10-01
bi:
Haynaagiin ojin chini Anhiluun bish Tanhiluun sh dee. Neriig ni zuw bich l dee
2012-10-01
goe toglolt bolson ym shi baina.. Mash sain zurag abjee, mergejiliin ym shig , bayarlalaa.. Mongold yagaad taiznii umnu baga hemjeenii zogsood uzdeg talbai bdaggui ym boloo, Fanuud ni ydaj bujigleheer..
2012-10-01
zochin:
dorgio mongol zaluus ta nart amjilt husej baina.
2012-10-01