
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар өнөөдөр хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлэхдээ “ Чуулганаар ямар хуулийг хэлэлцэх вэ гэдгийг бодлогын төвшинд авч үзнэ. Түүнээс биш хэн дуртай нь хууль санаачилж батлуулдаг, лоббигоор жагсаалтад тусгаагүй хуулийн төсөл оруулж ирдэг байдлыг болиулах тухай ярилцсан” гэсэн юм.
Намрын чуулганаар УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Уг асуудлаар ажлын хэсэг гаргасан байна. Намын бүлгүүд завсарлага авах хугацааг хэрхэн хязгаарлахыг мөн Дэгийн хуулиар шийдэхээр болжээ. Завсарлага авах дээд хугацааг тав хоног гэж төсөлд тусгасан ч эцэслэн шийдээгүй аж.
Түүнчлэн намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын “бусад” гэсэн хэсэгт Нийслэлийн нутаг дэвсгэрт газар олгох, хот төлөвлөх хууль эрх зүйн орчныг тусгаж, УИХ-аар нэн яаралтай шийдүүлэхээр болжээ. Нөгөөдөр УИХ дахь АН-ын бүлгийг хуралдуулж, Сангийн сайд, бусад албаныхнаас Монгол Улсын 2013 оны төсөв, мөнгөний бодлогын асуудлаар мэдээлэл сонсохоор төлөвлөжээ. Ирэх оны төсөвт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлд хөрөнгө оруулах, дотоодынхоо хэрэгцээг монгол хөрсөнд тариалсан төмс, хүнсний ногоогоор 100 хувь хангах, түүний үнэ тарифыг дэмжих зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ