
Энэ оны есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-ний хооронд Герман улсын Гизен хотод “Цээж бодолт”-ын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээний эцсийн шалгаруулалтад 150 хүнээс шалгарсан 20 орны 40 тамирчид олон оронтой тооны нийлбэр, олон оронтой тооны үржвэр, хүн хуанли, зургаан оронтой тооноос квадрат болон куб язгуур олох /таслалаас хойш 6 оронг цээжээр олох/ зэрэг нийт 5 төрөлд оюун ухаан, авхаалж самбаагаараа өрсөлдлөө. Манай улсаас Монголын Оюун Ухааны Академийн захирал, ой тогтоолтын олон улсын мастер Х.Хатанбаатар, Ой тогтоолтын олон улсын аварга Т.Мягмарсүрэн нар өрсөлдлөө.
Тэмцээний дүн гарч Х.Хатанбаатар багш VI байрт орсон бол түүний шавь Т.Мягмарсүрэн цээж бодолтын ДЭЛХИЙН АВАРГА боллоо.
Анх хэзээ энэ спортоор хичээллэсэн, аль орны тамирчид хүчтэй байна гэсэн сэтгүүлчийн асуултад Х.Хатанбаатар багш: “Япон, Герман, Кубын тамирчид үнэхээр хурдтай бодож байна. Тэднээс чамгүй туршлага судаллаа. Миний хувьд анх 2010 оны цээж бодолтын дэлхийн аваргад оролцож 11-р байрт орж байсан. Энэ жил амжилтаа ахиуллаа. Анх энэ тэмцээнд оролцоод төрсөн сэтгэгдэл бол монгол хүүхэд, залууст цээж бодолтын арга техникийг заавал тархи хөгжүүлэх хамгийн чухал дасгал болохоос гадна удахгүй оюуны спортын дэлхийн аварга төрнө дөө гэж бодож байсан маань ганцхан жил гэсэн ийм богино хугацаанд биеллээ олно гэж төсөөлж ч байсангүй. Үнэхээр их баяртай байна. Оюун ухааны академийн хувьд өнгөрсөн жил ой тогтоолтын сургалтаас гадна цээж бодлогын сургалтаа идэвхитэй явуулж эхэлсэн. Т.Мягмарсүрэнгийн хувьд өнгөрсөн есдүгээр сард Турк улсын Ой тогтоолтын нээлттэй тэмцээнд хамт амжилттай оролцож хоёулаа тус бүр 6, нийт 12 медаль авсан. Богино хугацаанд өөрийгөө нээж, хөгжүүлж байгаа чадварлаг сурагчдын нэг. Мөн энэ өдрүүдтэй зэрэгцээд Шведийн Готтенбург хотод Ой тогтоолтын Нээлттэй тэмцээнд хоёр шавь, Ой тогтоолтын олон улсын их мастер, С.Акжол, С.Цогбадрах нар маань амжилттай оролцож 2 алт 1 хүрэл медаль авлаа. Давхар давхар баярт мөч тохиогоод л байж байна. Ирэх сарын 23-27-ны хооронд дөрвөн жилд нэг удаа болдог ОЮУНЫ ОЛИМП-доо одоо бэлдэж эхэлнэ. Энэ дашрамд энэхүү тэмцээнд оролцоход шаардагдах зардлыг шийдэж өгсөн сүмогийн их аварга Д.Дагвадорж-доо баярласнаа илэрхийлье!” хэмээжээ. Тамирчид энэ сарын 4-ний өглөө эх орондоо ирнэ. Эх орныхоо нэрийг олон улсын тавцанд амжилттай гаргасан оюуны спортын тамирчдадаа баяр хүргэе!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ