Ш.Баянмөнх ахмадын ДАШТ-ээс хос медаль хүртэв

img

Есдүгээр сарын 18-23-нд Унгар улсын Зомбатлей хотод чөлөөт бөхийн ахмадын ДАШТ болж манай улсаас гурван бөх оролцсоноос Дархан-Уул аймгийн “Хасу-Мегаватт” клубын тамирчин, олон улсын хэмжээний мастер Шурагийн Баянмөнх 41-45 насны бөхчүүдийн ангиллын 130 кг-ийн жинд мөнгөн медаль хүртжээ. Энэ ангилалд 20 орны 60 бөх зодоглож 130 кг-ийн жинд найман бөх барилдсанаас манай бөх нэгдүгээр тойрогт Францын бөх Янек Пармантер, хоёрдугаар тойрогт Казахстаны бөх Аскар Шандаров нарыг дараалан оноогоор ялж алтан медалийн төлөө барилдаанд Туркийн бөх Мустафа Байрамд дийлдэж мөнгөн медаль хүртсэн байна. Тэрээр дараа нь болсон элсний бөхийн ахмадын ДАШТ-д мөн оролцож +90 кг-ийн жинд хүрэл медаль энгэртээ зүүлээ. Тус жинд долоон орны 11 бөх өрсөлдсөнөөс манай бөх Иран, Оросын бөхчүүдийг ялж Грек, Норвегийн бөхөд ялагджээ. Олон улсын хэмжээний мастер Ш.Баянмөнх нь 2009 онд Турк улсын Анкара хотод болсон ахмадын ДАШТ-д 130 кг-ийн жинд хүрэл медаль хүртэж байжээ. Ц.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ