
Техник технологи асар хурдтай хөгжиж байгаа өнөө үед нийгэм тэр чигтээ цахим ертөнц рүү хэт автаж, ном унших, музей, театрт очих зэрэг сонирхол нь огцом буурч байгаа билээ. Сэргээх ёстой сэрэх учиртай зүйл гэж бий.
Урлагийн ямарваа нэг бүтээлийг чих ба нүдээрээ залгиж, тархиараа зажлан шим шүүсэнд нь уураг тархи, оюун ухаан тэжээгдэн амьдардаг гэдгийг хүн бүр ойлгохгүй зөвхөн эд хөрөнгө хэмээн сэтгэж явсаар нийгэм тэр тусмаа залуу үе, оюуны хоосролд гүн автаж байгаа нь гашуун үнэн билээ.
Энэ эрх мэдэл, эд хөрөнгийн төлөөх давалгаанд хүн чанар, хүний төлөө гэсэн сэтгэл хамтдаа биднээс дайжиж байна... “Гоолингоо” энэ тухай өгүүлнэ, мөн хүний үнэр үнэртэнэ.
Ард түмний дунд түүхэн хүн мэт ардын дуу болон он удаан жил амьдарсаар ирсэн “Гоолингоо” хэмээх дуунаас сэдэвлэн “Гоолингоо” дуулалт жүжиг бичигдсэн юм. Уг жүжгийг бичих гэж нэлээд судалгаа хийсэн гэдэг. Энэ дууны тухай таван янзын домог байдаг бөгөөд бүгд Монгол ардын домгуудтай нэгэн ижил бичигдсэн ажв. Баян хүнд богтлогдож амиа хорлосон сайхан бүсгүйн тухай бусад домгуудтай ижил нийтлэг сэдэв гэсэн үг.
Зарим хүмүүсийн амнаас Гоолингоо бол Ардын жүжигчин Ичинхорлоо гуай өөрөө шүү дээ гэх, Элдэв-Очир гуайг баригдан хороогдоход энэ дуу гарсан гэж барин тавин хэлж байв. Гэтэл “Гоолингоо” дуу нь Ичинхорлоо гуайгаас бүр өмнө дуулагддаг байжээ.
Олны сонирхлыг өнөө хэр нь татдаг энэхүү дуу өдгөө театрын тайзнаа дуулалт жүжиг болжээ. Жүжгийн зохиолч, найруулагчаар Төв аймгийн Монгол туургатан театрын ерөнхий найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Соёлтын Баярсайхан ажилласан бөгөөд хөгжмийн зохиолч нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Шарын Аюуш ажээ. Продюссерээр Б.Нямсүрэн /ҮДБЭЧ/, удирдаачаар Соёлын тэргүүний ажилтан Б.Ганбат, концертмейстрээр Соёлын тэргүүний ажилтан О.Лхагвасүрэн, зураачаар Л.Цэрэндулам, жүжиг чимэглэлийн эрхлэгчээр МУСТА Н.Батбилэг, гүйцэтгэгч зураачаар Ц.Түмэнхүү нар ажилласан байна.
Гол дүрд М.И.Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын 24-р уралдаанд тэргүүн байрын шагналт, цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Отгонцэцэг тоглох юм.
Мөн бусад дүрд гавьяат жүжигчин Г.Хонгорзул, Соёлын тэргүүний ажилтан Б.Батболд, О.Анхчимэг, Т.Лхагважав, Б.Эрдэнэсаруул, С.Отгонбаатар, М.Анхтуяа, Ж.Буянтогтох нар болон Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын үндэсний хөгжмийн их найрал, уран бүтээлчид оролцон тоглохоор болжээ.
“Гоолингоо” жүжгийн нээлт энэ сарын 10-нд болох бөгөөд “Улаанбаатар” чуулгын тайзнаа таван хоногийн турш тоглогдох ажээ.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ