Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг танилцууллаа

img

“Улаанбаатар хотын дэд бүтцийн үйлчилгээ болон гэр хорооллын хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг танилцуулах уулзалт "Хангарьд" ордонд боллоо. Азийн хөгжлийн банкнаас боловсруулсан, Японы ядуурлыг бууруулах сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх уг хөтөлбөр нь Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хотын төвийн хэт нягтралыг багасгах үндсэн зорилготой гэдгийг төслийн багийнхан хэлж байна. Урьдчилан тооцоолж байгаагаар энэхүү хөтөлбөрийг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд 200 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг дөрөв хувааж санхүүжүүлэхээр тооцжээ. Нийт санхүүжилтийн 10 хувийг Монголын Засгийн газраас гаргах хувилбараар төслийг боловсруулсан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл танилцуулах уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Азийн хөгжлийн банкнаас гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах талаар хийсэн судалгаа маш чухал. Хотын удирдлагууд яг энэ чиглэлд гол анхаарлаа хандуулж байгаа учраас та бүхний хийсэн ажлыг талархан хүлээж авсан” гэв. Төслийн багийнхны тооцоогоор эхний ээлжинд 7 буудал, Баянхошууны гэр хорооллыг сонгон авч хөгжүүлэх бөгөөд оршин суугчид, хувийн хэвшил, төрийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх юм байна. Төслийн багийнхан Нийслэлийн шинэ удирдлагууд гэр хорооллыг дахин төлөвлөх, амины орон сууцтай болох дэд бүтцийн нөхцөлийг шийдэх талаар онцгойлон анхаарч байгаа учраас энэхүү хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд таатай нөхцөл бүрдэж байгааг онцоллоо. Энэхүү хөтөлбөрийг УИХ, Засгийн газрын төвшинд дахин хэлэлцэж батлах юм байна. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ